Гишүүн Г.Тэмүүлэнгээс тавьсан, Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ сумд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуултын хариуг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар сонслоо. Шадар сайд С.Амарсайхан энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн. Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн тухайд үйлдвэр байгуулах, түүхий тос дамжуулах хоолой барихтай холбоотой тулгамдсан асуудал цөөнгүй байгаа ч Засгийн газар бүхий л талаар дэмжиж байгааг тэрбээр дурдаж байлаа.
Тус үйлдвэрийг түүхий эдээр хангах, Дорнод аймгийн Матад сумаас Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь үйлдвэрийн байршил хүртэлх 560 орчим километр дамжуулах хоолой байгуулах төслийн ажлыг эхлүүлээд буй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Түүхий тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулж, урьдчилсан сонголтын урилгын зарыг АНУ-ын “Gulf publishing” компанийн “Pipeline and gas journal” сэтгүүл болон олон улсын газрын тосны талаарх мэдээллийн цахим хуудаснуудад нийтлүүлсэн аж. Эхний удаа есөн улсын 22 компани оролцох хүсэлтээ ирүүлснээс 15-д нь тендерийн урилга, баримт бичгийг энэ оны дөрөвдүгээр сарын 23-нд хүргүүлжээ. Шалгаруулалтын материал ирүүлэх эцсийн хугацааг энэ оны наймдугаар сарын 23-наар тогтож, бэлтгэл ажлыг хангасан байна. Дамжуулах хоолойн төсөлд Засгийн газрын баталгаа гаргах асуудлыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэнэ.
2018 оны арванхоёрдугаар сард үндсэн технологийн 12 байгууламжтай үйлдвэрийн ТЭЗҮ-ийг батлуулахдаа 2024 онд барилгын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн. Харин өнөөдрийн байдлаар барилга, угсралтын ажлыг 2025 онд дуусгахаар төлөвлөн ажиллаж байгааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг мэдээллээ.
Хуралдааны төгсгөлд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь гишүүн С.Бямбацогт, бүрэлдэхүүнд нь гишүүн Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл, Ц.Өнөрболор, Н.Наранбаатар нарыг томилов.