Монголын төрийг 44 жил удирдсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал, Хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулахаар нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцлээ. Улмаар шүүхээс Ю.Цэдэнбал агсныг цагаатгах шийдвэр гаргав.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбатын үед түүнд олгосон Улсын болон Хөдөлмөрийн баатар, Маршал цолыг хурааж, хожмоо Ерөнхийлөгч асан Н.Багабанди тэр шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. Мөн 1988 онд намын гишүүнийг нь сэргээсэн удаатай.
УИХ-ын дэд дарга, гишүүн, Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах комиссын дэд дарга С.Одонтуяа 2020 оны наймдугаар сарын 27-нд Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг хууль ёсны дагуу цагаатгуулахаар шүүхэд хандсан аж.
Улмаар Ю.Цэдэнбал агсны нэр төрийг сэргээх, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, түүхэн үнэнийг ард түмэн, залуу хойд хүргэж өвлүүлэх чиглэлээр нийслэл, аймаг, сум, орон нутгийн ард иргэд, төрийн бус байгууллагуудаас төрийн дээд шатны байгууллагуудад санал хүсэлтээ уламжилсаар ирсэн.
Ю.Цэдэнбалыг өвчний учир, өөрийнх нь зөвшөөрснөөр НТХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын албанаас чөлөөлсөн МАХН-ын ТХ-ны 1984 оны VIII бүгд хурлын шийдвэр нь монголын ард түмнийг хууран мэхэлж хууль бусаар төрийн эргэлт хийсэн хуйвалдааны баримт бичиг байсан гэдэг.
Хуйвалдааныг ОХУ-ын судлаач Надиров “Цэдэнбал 1984 он”, Шинкарев “Цэдэнбал түүний цаг үе” бүтээлүүдээрээ анх илчилж дэлхий дахинд зарласан юм.