УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өчигдөр УИХ-д өргөн барилаа. Тэд хуульд оруулж байгаа өөрчлөлтийнхөө талаар мэдээлсэн юм. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Төрийн эзэмшилд байдаг газрыг тухайн байгууллагын захирал, эрхлэгч нар зориулалтыг нь дур мэдэн өөрчилж ирсэн. Газар дагасан авлига өнгөрсөн 20-30 жилийн туршид гаарсан. Одоо үүнийг хуулиар зохицуулах цаг болжээ. Хүүхдийн тоглоомын талбай болгонд орон сууц барьж байна. Мөн барилга нь дуусаагүй байхад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгож, банк санхүүгийн байгууллагад барьцаалдаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд баригдаагүй 500 гаруй орон сууцыг барьцаалж, зээл авсан байна. Ийм “луйврын” орон сууцаас худалдаж авах захиалга өгсөн 20 мянга гаруй иргэн бий. Хохирлынх нь мөнгөн дүн хэдэн зуун тэрбум төгрөгт хүрлээ” хэмээсэн бол гишүүн Х.Булгантуяа “Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд энэ хуулийг санаачилсан нь учиртай. Манай дүүрэг хүн ам ихтэй. 28 хорооных нь талаас илүү нь дэд бүтэц байхгүй. Тухайлбал, 960 хүүхдийн сургууль барихын тулд бараг хоёр тэрбум төгрөг газар чөлөөлөлтөд зарцуулдаг. Үүнд 2-3 жил шаардлагатай. Газрын тухай хуульд өөрчлөлт оруулснаар эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарын хөрөнгө оруулалтад шаардлагатай газрыг ашиглах боломж бүрдэнэ” гэв.