НИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн хотын шуудын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв.
2020 төсвийн гүйцэтгэл болон 2021 төсвийн эхний гурван сарын байдалтай НИТХ-ын төлөөлөгчид танилцаж, асуулт асууж, санал бодлоо хэлэлцсэн юм. Нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэлтэд цар тахлын нөлөө байгааг төлөөлөгчид үгүйсгээгүй бөгөөд 2020, 2021 оны төсвийн гүйцэтгэл, нөхцөл байдалд тулгуурлан ирэх 2022 оны төсвийн төлөвлөгөөг ахиц дэвшилтэй, үр дүнтэй боловсруулахад анхаарахыг голчлон санууллаа. Нийслэлийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвөөс татаас авдаг дөрвөн дүүрэг болон нийтийн тээврийн салбарын татаасыг бууруулах боломжийг судлах, урсгал зардлыг багасгаж, хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх зэрэг саналыг онцлон өгүүллээ. Түүнчлэн нийслэлийн төсөвт шинэчлэл хийх цаг болсныг сануулав. Хууль, эрх зүйн шинэ орчинд зохицсон, эдийн засаг, төсвийн онцгой нөхцөлд тохирсон төсвийг боловсруулахад онцгойлон анхаарахыг холбогдох алба, агентлагт үүрэг болголоо.
Нийслэлийн хотын шуудын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг аравдугаар сарын 7-нд НИТХ-ын хурлаар үргэлжилнэ.