Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой утсаар ярьжээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд энэ онд багтаан хийх дээд, өндөр түвшний харилцан айлчлалын талаар тэд санал солилцлоо. Түүнчлэн Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг зохион байгуулах нь чухал болохыг сайд нар онцлон тэмдэглэв.
Мөн УБТЗ ХНН-ийн үйл ажиллагаатай холбоотой хуримтлагдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэх, ОХУ-аас манайд нийлүүлэх шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар ярилцаж, Улаанбаатарт хамтарсан дунд сургууль байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Үүнээс гадна Монгол, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар ярилцсан байна.