“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.
Тэрбээр "Мод тарьж ургуулах бол улс төржиж, намчирхаж, хийрхэх зүйл биш. Талцал, хуваагдлаа больж, байгаль орчноо хамгаалах, цөлжилт, газрын доройтлын эсрэг үндэстнээрээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж зүтгэх цаг болсон. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ялангуяа үндэсний томоохон компаниуд манлайлан оролцоно гэдэгт найдаж байна. Мөн эл ажилд Зэвсэгт хүчнийг татан оролцуулахаар төлөвлөж буй" хэмээв.
Нийт газар нутгийн 76.9 хувь нь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртөж, газрын доройтолд орсон энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеэ олсон санаачилга гаргасан гэдгийг уулзалтад оролцогсод хэллээ. Тэд юуны өмнө мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэж, иргэдийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэйг зөвлөлөө.
Ташрамд дурдахад, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “”Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар нэгдэж, ирэх 10 жилд 100 сая, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани тонн нүүрс тутамд нэг буюу 2030 он хүртэл 176 сая мод тарьж, ургуулахаар болсон байна.