Франц улс түүхэндээ анх удаа АНУ болон Австралид суугаа Элчин сайдуудаа зөвлөлдөхөөр эргүүлэн татлаа. Энэ тухай CNN мэдээлэв.
Энэ есдүгээр сард АНУ, Австрали хоёр Их Британитай гэрээ байгуулснаар Канберра өмнө нь шумбагч онгоц нийлүүлэх тухай Паристай байгуулсан гэрээгээ зөрчсөний улмаас Франц улс ийнхүү дургүйцлээ илэрхийлжээ.
Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дрианы хэлснээр тус онцгой шийдвэрийг Ерөнхийлөгч Эммануэль Макроны хүсэлтээр гаргажээ.
Түүнчлэн АНУ-д тэмдэглэх Чесапикын тулалдааны 240 жилийн ойд Франц улс оролцохгүй гэдгээ мэдэгджээ.
Францын дипломатчийн хэлснээр Канберрагийн эл үйлдэл нь түншүүдийн хооронд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд АНУ -ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргааны алхмыг санагдуулж байна. Австрали улс энэхүү олон тэрбум долларын гэрээг цуцалсан явдал Франц улсын ар нуруу руу хутгалсантай адил гэж Жан-Ив Ле Дриан хэлэв. Парист Канберра, Вашингтон хоёроос асуух асуулт байгаа гэдгийг тэрбээр онцолжээ.
Францын тагнуулын судалгааны төвийн дэд захирал Ален Родиерын хэлснээр, Францын тэнгисийн цэргийн салбарт олон жилийн турш дэмжлэг болох маш том гэрээгээ Парис алджээ.
Австрали улс 2016 онд Францын “Naval Group” компанитай 50 тэрбум австрали долларын гэрээ байгуулжээ. Гэрээний дагуу Австралийн хааны тэнгисийн цэргийн флот Францад үйлдвэрлэсэн цөмийн бус арван хоёр шумбагч хөлөг онгоц худалдаж авах ёстой байв. 2016 оноос хойш тус гэрээний үнэ 90 тэрбум австрали доллар (ойролцоогоор 56 тэрбум евро) болж өссөн бөгөөд Австрали 18 сарын дотор дор хаяж найман цөмийн шумбагч онгоц худалдаж авахаар шийдвэрлэсэн байжээ.
Австрали, АНУ Парисын элчин сайдуудаа эгүүлэн татах шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлсэн боловч гэрээгээ цуцалсан явдалдаа уучлал гуйгаагүй байна. Үүний зэрэгцээ Франц улс тэдний чухал холбоотон хэвээр байгааг хоёр улс онцолсон байна. Түүнчлэн АНУ НҮБ -ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд Франц улстай хэлэлцээ хийх боломжтой болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.