Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв цэнгэлдэхэд зохион байгуулагдаж буй "Намрын ногоон өдрүүд" арга хэмжээнд очих үеэрээ өнгөрсөн баасан гарагт багагүй шүүмжлэл дагуулсан “Digital nation 2021” арга хэмжээний талаар тайлбар хийлээ. Тодруулбал "Засгийн газар аль болох нээлттэй байх бодлогыг энэ оны дөрөвдүгээр сараас хойш баримталж байна. Энэ зун дотоодын аялал жуулчлалыг дэмжсэн. Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилээ нээсэн. Энэ мэтээр үе шаттайгаар нээж буй үйл ажиллагаа дундаас гадаа болж буй арга хэмжээг дэмжих бодлогыг Засгийн газар баримталж байна. "Цахим үндэстэн" арга хэмжээг 120 орчим аж ахуйн нэгж хамтран зохион байгуулж байгаа. Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг дэмждэг тул аж ахуйн нэгжүүдээ дэмжин оролцсон. Алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй, гэхдээ гадаах орчинд болж буй арга хэмжээг дэмжих бодлого үргэлжлэх болно. Цаашид урлаг соёлын арга хэмжээг нээх бодлого баримтална" гэв.