“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо. Төрийнхөн дотроо хийгээд гадна талдаа, тухайлбал, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчидтэйгээ нэг цонхоор харж байгааг энэ үеэр цөөнгүй хүн онцолсон юм.
Төрийн тэргүүний санаачилгаар зохион байгуулсан эл уулзалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлэхдээ цар тахлын улмаас амиа алдсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотнын хүмүүст гүн эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр цаашид иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, үнийн өсөлтийг хязгаарлах, хил гаальд үүсээд буй асуудлыг шийдвэрлэх, экспортыг богино хугацаанд сэргээх, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимтэй хэрэгжүүлэх, төрийн албаны дунд, доод шатны хүнд суртал, авлига, хээл хахуулийг таслан зогсоох, эдийн засгаа богино хугацаанд сэргээх, баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ дэмжих зэрэг тулгамдсан олон асуудал байгааг онцолсон. Тиймээс эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн шинэ орчныг бий болгож, халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих стратегийн зорилтыг хэрэгжүүлэх нь чухал гэлээ.
ЗАРИМ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХОЙШЛУУЛАЛГҮЙГЭЭР ХЭЛЭЛЦЭХЭЭ МЭДЭГДЭВ
Эрх зүйн орчны шинэтгэлийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулсан. Тэрбээр “Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэг цонхоор, нэг зүгт харж буй түүхэн цаг үе бол өнөөдөр. Боломжийг бодит үр дүн болгох улс төрийн нөхцөл бүрдээд байна. Үсрэнгүй хөгжиж, дэвших боломжит, түүхэн цаг үе ирлээ. Өнгөрсөн 30 жилийн туршлагаа цэгнэж, “Ковид-19”-ийн нөхцөлөөс үүссэн бодит байдлаа тооцож үзсэний үндсэн дээр улс орон, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх эдийн засгийн хөгжлийн шинэ загварыг гаргахаар УИХ-д ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Эрх зүйн хувьсгалт шинэчлэл гараанаас гарсан. Одоо эдийн засгийн шинэчлэлээ хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хурал, уулзалтаар өөр өөр санал гараад, эцсийн дүн тодорхой бус болдог тул хуулийн төсөлд мэргэжлийн холбоод нэгдсэн байдлаар саналаа өгөх нь зөв. Энэ намрын чуулганаас эхлэн МҮХАҮТ, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, баялаг бүтээгч үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэнтэй эдийн засгаа эрчимжүүлэх чиглэлийн хуулийн төсөлд хамтран ажилладаг байнгын ажиллагаатай механизмтай болохыг зорьж байгаа” гээд Хөрөнгө оруулалтын, Хөрөнгийн үнэлгээний, Хөрөнгийн удирдлагын, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын болон Мэргэжлийн холбоодын тухай зэрэг бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах 15 хуулийн төслийг хэлэлцэхээр бэлтгэж буйг дуулгав. Мөн Газрын тосны, Хийн хоолойн, Үндэсний баялгийн сангийн, Хөнгөн ба хүнд үйлдвэрийн болон Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын, Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай зэрэг хууль батлахаар зорьж байгаа гэв. Түүнчлэн бизнесийн орчинд саад болж байгаа хүчин зүйлүүдийг цэгцлэхийн тулд Зөвшөөрлийн, Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын болон Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг хойшлуулалгүйгээр хэлэлцэхээ мэдэгдсэн.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТОМООХОН ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААДАГ ТӨР БАЙЖ БОЛОХГҮЙ
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогын талаар танилцуулахдаа төр хийгээд хувийн хэвшлийнхэн нэг цонхоор харж, нэгэн зүгт зорьж буйд итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр “Улс төрийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын төлөө ҮАБЗ-ийн гурван гишүүн нэг зүгт харж, тогтвортой бодлоготой ажиллана. Томоохон төслүүдийг гацаадаг төр байж болохгүй. Алдаагаа давтахгүй. Монголын төрийн бүх цаг үеийн бодлогуудаас болж, бүтэхийг нь залгамжлан хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгдсэн юм. Засгийн газрын тэргүүн “Ковид-19”-ийн вирус латин цагаан толгойн хаана нь хүрч, хэд хувирахыг бид мэдэхгүй. Эрүүл мэндийн сацуу эдийн засгаа ч анхаарч, бодит үнэнтэй нүүр тулан, цар тахлыг даван туулах цаг ирлээ. Дэлхий даяар тээвэр, ложистикийн үйл ажиллагаа удааширлаа. Улс орнуудын вакцинжуулалт харилцан адилгүй байгаа учраас тэднээс тавьж буй тээврийн шаардлага, дүрэм журам өөр өөр байна. Цар тахал бол хөдөлгөөний хязгаарлалт, эдийн засгийн агшилт юм гэдгийг бид бүгд харлаа. Нүүрсний үнэ бидний тооцоолсноос ч өндөр байгаа ч инфляц өслөө. Инфляц 8.5 хувьд хүрэх тооцоог Төвбанк хийсэн. Энэ бол сорилт. Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар агшсан нь 1990-ээд оноос хойш хоёр дахь их тохиолдол юм. Монгол Улсын эдийн засаг боломжит түвшнээс доогуур байна. Дөнгөж өндийж буй эдийн засгаа шинэчлэхгүй бол дахин унах эрсдэлтэй” гээд 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхээ мэдэгдэв. Тэрбээр “Засгийн газарт мөнгө байгаагүй. Энэ хөтөлбөрийг төрийн мөнгөөр санхүүжүүлээгүй. Гагцхүү хадгаламжийн үлдэгдлийг зээл болгон гаргах сэдлийг л банкуудад өгсөн” гэж байлаа.
Төсвийн шинэчлэлийг хийхдээ дараах таван зүйлд тэргүүлэх ач холбогдол өгөхөө Засгийн газрын тэргүүн тодотгосон. Юуны түрүүнд, төрийн өмчит компанийн үр ашиг, ил тод байдал, хариуцлага, өгөөжийг нэмэгдүүлэх гэнэ. Мөн хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг халамжаар бус, ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх нь. Үүнээс гадна хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулан, Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулахад шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх аж. Түүнчлэн хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой чиг үүргийг хэрэгжүүлэхэд төр оролцохгүй байх зарчим баримталж, стандарт-чанар-өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг худалдан авдаг тогтолцоонд шилжинэ гэлээ. Үр дүн, гүйцэтгэл, чанарт суурилсан, нийт дүнгээр санхүүжүүлэн зарцуулах бүрэн эрхийг эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухааны байгууллагад олгох замаар төрийн албаны бүтцийг шинэчилж, ажиллагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулахаар тооцжээ. Ташрамд дурдахад, ҮАБЗ эл шинэ сэргэлтийн бодлогыг дэмжсэн бөгөөд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэх гэж буй билээ.
“ХАРИУЦЛАГЫГ НЬ АЖИЛ ОЛГОГЧ БИД ХҮЛЭЭЕ, ТӨР БИТГИЙ ОРОЛЦ”
Баялаг бүтээгч, бизнес эрхлэгч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар учирч буй хүндрэл бэрхшээл, зовлон жаргал, засаж залруулах ёстой зүйлсийн талаар байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар аж ахуйн нэгжүүдийг хэт их шалгадгаа зогсоохыг хүссэн. Тэрбээр “Долоо хоногт 3200 байцаагч аж ахуйн нэгжүүдийг шалгаж байна. Хариуцлагыг нь ажил олгогч бид хүлээе, төр битгий оролц. Харин ч борлуулалтынхаа орлогыг нэмсэн бол татвараас чөлөөлөөсэй” гээд 2021-2022 онд аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн торгууль ногдуулахгүй байхыг хүслээ. Мөн MCS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал “Манай эдийн засагт зэс, алт, нүүрс, цайрын орлого чухал нөлөөтэй. Ерөнхий сайд та хөрөнгө оруулалтыг дэмжихээ илэрхийллээ. Зэс, алтны экспортоос хоёр тэрбум ам.доллар бүрдүүлдэг. “Оюутолгой”, “Гачуурт”, “Цагаан суварга”-ын төслийг хэрэгжүүлснээр зэс, алтны борлуулалт өснө. Мөн Зүүнбаянгийн төмөр замыг ашиглалтад оруулбал төмрийн хүдрийн экспорт нэмэгдэнэ. Нүүрс хоёр тэрбум ам.долларын орлого авчирдаг. Одоо нүүрсний үнэ оргил үедээ байна. Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн боомтын терминалыг яаралтай ашиглалтад оруулснаар нүүрсний орлого 3-4 тэрбум ам.долларт хүрэх боломжтой. Том төслүүдэд Засгийн газрын баталгаа чухал. Төр, хувийн хэвшлийнхэн хамтрах гэж байгаа бол Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаа эерэг нөлөөтэй” гээд төр, засгийн удирдлагууд эдийн засгийн бодлогыг нэг цонхоор харж байгаад баяртай буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн “Шунхлай групп”-ийн ерөнхийлөгч П.Батсайхан “Аливаа шинэчлэлийн 50 хувь нь удирдагчийн манлайллаас шууд шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл, цар тахлын эгзэгтэй үед бид улсаараа тэсэж үлдэх, эсэх нь Засгийн газар, УИХ-ын гишүүдийн алсын хараа, манлайллаас шууд хамаарна. Бид мэргэжлийн амбиц гарган, хүнд суртал үзүүлж, нутаг усаараа талцан хуваагдах нь хөгжлийн хамгийн том чөдөр тушаа болж ирснийг нэн ойрын түүхээсээ харж болно. Нэр төр хөөцөлдсөн, богино зайн шийдвэр гаргаад, түүнийгээ буцаах замаар л ажиллаж ирлээ. Нийгмийн сүлжээнд цөөн хэдэн хүн иргэд, олон нийтийг удирдаж байна. Тэдний үзэл санааг олонхынх гэж эндүүрэх хэрэггүй. Эдийн засгийн хамгийн хүнд ачааг хувийн хэвшлийнхэн үүрдэг. Үүнийгээ ч хойшид ухамсарлан ажиллана. Яг одоо төр, хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа ус, агаар мэт хэрэгтэй байна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар улс төр, нийгмийн манлайлал үзүүлбэл бид төртэйгөө хамтрахад бэлэн” гэв. “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан архидалт хавтгайрч, ажил хийх хүн олдохгүй байгаа тул спиртийн онцгой албан татварыг нэмэгдүүлэхийг санал болгоод, энэ жилээс орон нутгийн төсвийн 50 хувийг өөрсдөөр нь бүрдүүлэхийг хүсэв. Мөн Ажилчдын нэгдсэн төвийн захирал Б.Ганзориг “Төр сүүлийн арван жил ажилчин ангийг мартсан” хэмээн онцлоод, “Бүтээн байгуулалт хийнэ гэж яриад л байдаг. Гэтэл Монголд үүнийг хийх ажилчин анги алга. Хийж чаддаг нь Япон, Өмнөд Солонгос руу явчихлаа. Залуусыг нийтээр нь архичин гэж цоллож байна. Наадах чинь таны л бодол. Архи уудаггүй олон хүн бий. Намын сэтэртэй цүнх баригч нар барилгын салбарын тендерүүдийг “цохидгоос” болж Монгол Улсын бүтээн байгуулалт урагшлахгүй байгаа шүү” гээд ажилчин залуусыг дэмжихийг уриаллаа.
Зөвлөлдөх уулзалтаас хэрхэн хамтран ажиллах болон гарц, шийдлээ тодотгосон зөвлөмж гаргасан юм.