Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг 2021 оны 9 дүгээр сарын 06-нд хүлээн авчээ. Энэ удаагийн сонгуульд оролцохоор Үнэн ба Зөв нам, Монгол ардын нам, Ардчилсан нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, "Зөв хүн-Электорат" эвсэл, Дэлхийн монголчууд нам, Иргэний зориг ногоон нам, Гэр хороолол хөгжлийн нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам нэр дэвшүүлж, хуульд заасан баримт бичгийг ирүүлжээ. Мөн Х.Бат-Ялалт 28 дугаар тойрогт, М.Чингисхаан 18 дугаар тойрогт тус тус бие даан нэрээ дэвшүүлсэн аж.
Б.Найдалаа
ХҮН-ыг МАН-ын халаасны нам гэж хардах хүн цөөнгүй. Гэсэн ч ХҮН-ынхан 2020 оны сонгуульд УИХ-д нэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гурван суудалтай болсон. Тэгвэл энэ удаагийн сонгуульд ХҮН-аас Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойрогт Б.Найдалааг нэр дэвшүүлэв. Тэрээр 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуульд Чингэлтэй дүүрэг буюу 25 дугаар тойргоос нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Энэ удаа тойргоо солин орж иржээ.
Ш.Гантулга
2020 оны УИХ-ын сонгуульд СХД буюу 28 дугаар тойрогт Ард түмний олонхийн засаглал намаас нэр дэвшиж байсан Ш.Гантулга энэ удаа ИЗНН-аас хүч үзнэ. Түүнийг Н.Энхбаярын ТВ9 телевизийн олон улсын тоймч гэдгээр нь олон нийт илүү сайн мэднэ. Энэ удаагийн нөхөн сонгуульд тэрбээр Э.Бат-Үүлийн саналыг хуваалцахаар экс Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнөх эхнэр Ц.Энхтуяагийн ИЗНН-аас нэр дэвшиж байгаа талаар мэдээлэл цацагдаад буй.
Э.Бат-Үүл
СХД-ийн нөхөн сонгуульд АН Ардчилсан намыг үүсгэн байгуулагч, ардчиллын алтан хараацайнуудын нэг, Улсын баатар Э.Бат-Үүлийг "сойв". Ардчилсан намын дарга, Нийслэлийн Засаг дарга, УИХ-ын гишүүнээр хоёр удаа улиран сонгогдож байсан түүнийг эрх баригчдын эсрэг үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээс эмээхгүй, зоригтой сөрөг хүчин болно гэж зарим иргэд дүгнэж буй.
Н.БАТШУГАР
2020 оны УИХ болон орон нутгийн сонгуульд нөгөө л СХД-т “өвдөг шороодсон” түүнийг МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар СХД-ийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр 95 хувийн саналаар дэмжлээ. Олон нийт түүнийг аавын эрх хүү хэмээн нэрийдэж байна. Намтар түүхийг нь сөхвөл 1987 онд Улаанбаатар хотод мэндэлсэн. АНУ-ын Калифорни мужийн ахлах сургууль, АНУ-ын Массачусетс мужийн Уолтхэмд байрлах Бэнтлигийн их сургуульд санхүүч, эдийн засагч мэргэжлээр суралцан төгссөн.
Ш.Төмөрсүх
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх намаа төлөөлж нөхөн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн. Тэрбээр “2012 оноос хойш бизнес хийлээ. Үйлдвэр байгуулъя гэж найман жил зүтгээд бүтсэнгүй. Бодлогыг нь өөрчлөхгүй бол энэ ажил явахгүй юм байна гэж үзсэн учир СХД-т нэр дэвшиж байна. Бусад намууд 30 жил гурил зуурч байна. Бусад намууд хүчтэй өрсөлдөгч биш, би өөрийгөө хүчтэй өрсөлдөгч гэж хэлмээр байна. Авлигачдыг цээрлүүлж, шударга ёсыг тогтоох уриатай сонгуульд оролцож байгаа юм” гэжээ.
Ц.Гантулга
Өмнөх парламентад Ардчилсан намаас нэр дэвшин УИХ-д сонгогдсон Л.Болд, Ж.Батзандан нарын үүсгэн байгуулсан ШИНЭ нам 2020 оны дараа нам гүм байсан.Тэгвэл УИХ-ын 28 дугаар тойрогт ШИНЭ намын орон нутаг хариуцсан дэд дарга, Монголын ширээний теннисний холбооны Ерөнхийлөгч Ц.Гантулгыг нэр дэвшүүлэв.
А.Отгонбаатар
Гэрийн халад, углаашаар “гангаран” Засгийн газрын сайд нараас огцрохыг шаардан, Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлсэн Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нөхөн сонгуульд оролцоно. Тус жагсаалын дараа УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхөөр ажиллахаар болж, төд удалгүй хэдхэн хоногийн дараа үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр татгалзаж буйгаа мэдэгдсэн юм.
Х.Бат-Ялалт
Хуульч Х.Бат-Ялалт УИХ-ын сонгуудийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт бие нэр дэвшихээ илэрхийлээд байна. Тэбрээр 2020 оны УИХ-ын сонгуулиар тус тойрогт “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс нэр дэвшсэн юм. Гэвч сонгуулийн сурталчилгааны хугацаанд түүнийг шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон. Х.Бат-Ялалтыг 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг сүрдүүлж, 50 сая төгрөг авсан гэдэг үндэслэлээр цагдан хорьсон юм.