Афганистаны шинэ Засгийн газрыг зарлах бэлтгэл ажил дууссаныг “Талибан” хөдөлгөөний төлөөлөгч Ахмадулла Муттаки Муттаки Твиттер хуудсаараа мэдэгдэв.
Эхэндээ Талибанчууд Афганистаны шинэ засгийн газрын бүрэлдэхүүний талаар есдүгээр сарын 3 -нд, дараа нь мөн сарынхаа 4 -нд мэдээлэл хийнэ гэж байсан ч одоогоор бүрэлдэхүүнийг зарлаагүй байна.
Өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр Талибаны удирдагч Хайбатулла Ахундзада Афганистаны дээд удирдагч болох магадлалтай гэж мэдээлсэн. Түүний удирдлаган дор Афганистаныг ерөнхийлөгч эсвэл ерөнхий сайд удирдах болно.
Үүний зэрэгцээ, Талибаны өөр өөр салбарын удирдагчид ирээдүйн засгийн газарт аль болох их нөлөө үзүүлэхийг эрэлхийлж, хоорондоо тэмцэлдэж байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Наймдугаар сард АНУ-ын цэргүүд Афганистанаас гарахтай зэрэгцэн талибууд бүх томоохон хотууд болон хилийн боомтуудыг эзлэн авч, 20 жил үргэлжилсэн дайн дууссаныг зарласан юм.
Афганистаны 34 мужийн хамгийн сүүлчийнх нь болох Панжшер мужийг эзлэн авснаа “Талибан” хөдөлгөөн даваа гарагт мэдэгдсэн юм. Харин Ахмад Масудын удирдлага дор талибуудыг эсэргүүцэгч хүчнүүд Панжшерийг эзэлсэн тухай мэдээллүүдийг няцаасаар байна