Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өчигдөр мэдээлэл хийж, Төрийн тэргүүн У.Хүрэлсүх шүүх эрх мэдэлтэй холбоотой бүрэн эрхээсээ татгалзаж буйг мэдэгдэв. Тодруулбал, шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг томилох эрхээсээ татгалзаж буй аж. Тамгын газрын дарга Я.Содбаатар “Хүн биш, хууль засагладаг байна гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тиймээс Шүүхийн тухай хууль анх батлагдсанаараа хэрэгжих ёстой гэж үзэж, Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд хүсэлтээ хүргүүлэхээр боллоо” хэмээсэн юм.
Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал “Ерөнхийлөгч шүүг¬ чийг томилдог, хариуцлага тооцдог эрхээсээ татгалзах шийдвэрийг өнгөрсөн 30 жилийн түүхэнд нь анх удаагаа гаргалаа. Энэ нь шүүхийн шинэтгэл хийгээд хууль зүйн салбарт цоо шинэ зүйл. Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан тал өөрийнхөө хүсэлтийн үндэслэлээс бүхэлд нь татгалзаж болох эрхийг холбогдох хуульд заасан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн эл заалтын дагуу дээр дурдсан эрхээсээ татгалзаж байна. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн мөн чанар нь Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороог агуулгын хувьд задалж өгсөнд оршиж байгаа. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөл бол хуульчдаас шүүгчийг шилж сонгох чиг үүрэгтэй байгууллага. Нөгөө талд нь шүүгчдэд хариуцлага тооцдог механизмыг Шүүхийн сахилгын хороо хэрэгжүүлэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад тавыг нээлттэйгээр нэр дэвшүүлж, томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгох ёстой. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотойгоор зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулах юм. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно гэж заасан. 2013 онд Шүүхийн багц хуулийг батлахдаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн нэг бүрийг, тэр дундаа даргыг нь Ерөнхийлөгч томилохоор хуульчилсан. Энэ цагаас хойш “шударга бусын хонгил”-ын талаар ярих болсон. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн томилгоо эцсийн дүндээ шүүхэд нөлөөлөх болсон гэсэн үг. Шүүхийн сахилгын хороо ч адил. Хариуцлага тооцох механизмын хувьд Ерөнхийлөгчийн институцтэй холбогдож ирсэн. Энэ л хамаарлыг арилгах зорилгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 онд баталсан. Шүүхийн шинэчлэлд гарсан гацааг арилгахын тулд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүг¬ чийг томилдог, хариуцлага тооцдог эрхээсээ татгалзаж байна. Мөн АТГ-ын дэд даргыг санал болгох эрхээсээ ч татгалзахаар болсон. Одоо Үндсэн хуулийн цэцээс бүх зүйл хамаарна” гэв.
Сануулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс мөрдсөн Шүүхийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцэд хандсан. Улмаар Цэц Шүүхийн тухай хуульд тусгасан Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүн, түүний бүрэн эрхийн хугацаа, томилох, сонгох журам, шийдвэрийн талаарх зохицуулалт, Дээд, давж заалдах, анхан шатны шүүхийн бүрэн эрхтэй холбоотой зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан. Ингэснээр Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэхээр ид өрнөж байсан ажил зогсонги байдалд орсон гэхэд болно. Хэдийгээр Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй ч Үндсэн хуулийн шүү¬ хийнхэн дараагийн шатны буюу их суудлын хуралдаанаа товлолгүй өнөөдрийг хүргэсэн юм.