Афганистаны Ерөнхийлөгч асан Ашраф Гани тус улсаас дүрвэн гарах өдрөө Засгийн газрын бүрэлдэхүүнтэй уулзахаар товлосон ч уулзалтад өөрөө ирээгүй байна. Засгийн газрын гишүүд түүнийг хүлээж байх зуур Гани Кабулын нисэх онгоцны буудлаас хөөрч байжээ. Энэ тухай Афганистанаас Тажикстанд суугаа Элчин сайд Мухаммед Зохир Агбар “РИА Новости” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ
Дипломатчийн хэлснээр, экс ерөнхийлөгчийн хамтран ажиллагсдын хэн нь ч түүнийг оргох гэж байгааг мэдээгүй байна. Ашраф Гани дайчин нөхдүүдээ хөсөр орхиод зогсохгүй төсвийн мөнгийг хулгайлж, ард түмнээ дээрэмджээ.
"Ашраф Ганигийн зөвлөх Батлан хамгаалах яам руу утсаар ярьж, 16.00 цагт уулзалтад ирнэ гэж хэлэхэд, Загийн газрын бүрэлдэхүүн уулзалтад бэлдэж, бүгд хүлээж байсан. Гэтэл Гани тэр үеэр хамаатан садныхаа хамт гурван онгоц хөлөгдөн эх орноосоо оргосон"гэж Элчин сайд ярьжээ.
Мухаммед Зохир Агбарын хэлснээр бол Талибанчууд Афганистаныг ийм хурдан булаан эзэлсэн явдал Ерөнхийлөгч Ганигийн хариуцлага юм. Тэрбээр шударга албан тушаалтнуудыг засгийн газраас зайлуулж, туршлагагүй боловсон хүчнийг оронд нь томилсон гэж дипломатч хэлсэн байна.
Наймдугаар сарын 15 -нд Талибанчууд Кабул хотыг эзлэн Афганистан даяар хяналтаа тогтоосноо зарласан юм. Мөн өдөр Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани албан тушаалаасаа огцорч, эх орноосоо дүрвэн гарчээ.