“Рио тинто” группээс Оюутолгойн гүний уурхайтай холбоотой талуудын маргааныг хэрхэн шийдвэрлэх тухай захидлыг Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлжээ. Эл захидалд юу дурдсан, Засгийн газар ямар байр суурь баримталж буй тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо нар өчигдөр мэдээлэл хийв. Уг захидалд “Рио тинто” групп “Оюутолгой” төслийг удирдаж байгаагийнхаа хувьд гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил удааширсанд хүлцэл өчсөн аж. Цар тахал дэгдсэн, эдийн засгийн нөхцөл хүнд байгаа энэ үед Оюутолгойн гүний уурхайг ашиглалтад оруулах хугацаа хойшилсонд харамсаж буйгаа илэрхийлжээ. Үүнтэй холбоотойгоор улсын төсөвт одоо төлж буй татвараас гадна гурван жилийн хугацаанд нэг их наяд төгрөг төвлөрүүлж, нэмэлт орлого оруулах санал гаргасан байна. Мөн Монголын талын хүртэх өгөөжийн хугацааг ойртуулах зорилгоор “Эрдэнэс Оюутолгой”-д төлөх ногдол ашгийг өгч эхлэх, хөрөнгө оруулалтын зардалд хуримтлагдах байсан өрийн хэмжээг бууруулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” компанийн 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газарт ногдох өр буюу 2.3 орчим тэрбум ам.долларыг багасгах талаар хэлэлцээр хийе хэмээн “Рио тинто” группийнхэн дурдсан аж. Цаашид дээрх төслийг амжилттай үргэлжлүүлж, хэрэгжүүлэхтэй холбоотой ямар ч хэлцэл хийж, зөвшилцөлд хүрэхэд бэлэн гэжээ. Тиймээс Лондоны арбитрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ татан авч, маргаанаа эцэслэх санал тавьсан гэдгийг Х.Нямбаатар дурдлаа. Тэрбээр “Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусган, ордын нөөцийг тодотгосон тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг Уул уурхайн мэргэжлийн болон Эрдэс баялгийн зөвлөлөөр шинэчлэн батлуулах хүсэлтэй байгаагаа “Рио тинто” групп илэрхийлж. Мөн уурхайд ашиглах эрчим хүчний урт хугацааны тогтвортой шийдлийг сонгоё гэдгээ ч дурдсан байна. Манай Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдан, “Рио тинто”-гоос ирүүлсэн захидалд дурдсан санал бүрийг авч хэлэлцэн, төлөөлөлтэй нь ойрын үед уулзалт товлоно. Ер нь бид “Оюутолгой” төслийг үргэлжлүүлэх, гүний уурхайг ашиглалтад оруулах хугацааг наашлуулах, хүртэх өгөөжөө нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчидтай тогтвортой, урт хугацаанд хамтран ажиллах зорилготой” гэв. Харин Б.Солонгоо “Оюутолгой” компани анх төсөвлөсөн зардлаа хоёр удаа хэтрүүлсэн. Эхлээд ил уурхайн бүтээн байгуулалтын зардлаа өсгөхөд бид хүлээн зөвшөөрсөн. Харин гүний уурхайн зардал төсөвлөснөөс 30 хувиар буюу 1.4 тэрбум гаруй ам.доллароор нэмэгдэн, ашиглалтад оруулах хугацаа нь хоёр жилээр хойшиллоо. Тиймээс бид хөндлөнгийн шинжээч авч, хяналт хийлгэсэн. Шинжээчид юуны түрүүнд “Оюутолгой” төслийн санхүүжилтэд аудит хийлгэхийг зөвлөсөн. Үүнийг “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэх байх. Ирээдүйд төслийн зардал хэтрэх, менежментийн хувьд алдаа мадаг гарах, эсэхийг хянах нэгж байгуулах хэрэгтэй болов уу. Үүнээс гадна “Оюутолгой” компанийн нэхэмжлэлтэй татварын маргаан үргэлжилж буй. Засгийн газар татварын актыг үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас Лондоны арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй хэвээрээ” гэсэн юм.
Манай улсын зүгээс “Рио тинто” групптэй үл ойлголцол үүсгэхгүй байх, Оюутолгойн уурхайн бүтээн байгуулалтыг тогтвортой үргэлжлүүлэх, маргаанаа нааштайгаар шийдвэрлэх, аль ч тал нь өгөөж хүртэн, эрх тэгш, шударга хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгийг Х.Нямбаатар онцолсон. Мөн хэлэлцээр 2-3 жил үргэлжлэх төлөвтэй бөгөөд Засгийн газар одоогоор АНУ, Европын Холбооны зөвлөх үйлчилгээний хоёр компанитай хамтран ажиллаж буй аж. Цаашид уул уурхайн технологи, санхүү, хуулийн зөвлөгөө авах гурван ч компани сонгон шалгаруулж, хамтран ажиллах гэнэ.