Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа. Эхлээд Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уулзсан. Тус байгууллагатай хамтарч ажилласны 30 жилийн ой өнөө жил тохиож байгаа бөгөөд энэ хугацаанд санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт гээд олон салбарт нийт гурван тэрбум гаруй ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Цаашид ногоон, хүртээмжтэй нийгэм, эдийн засгийн хөгжлийг цогцлоох, түүн дотроо дэд бүтэц, хөрөнгө оруулалт, байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа тэд харилцан илэрхийлэв. Монгол Улс ирэх жилүүдэд халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих зэрэг нийгэм, эдийн засгийн суурь шинэчлэлүүдийг хэрэгжүүлэхэд АХБ дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах юм. АХБ-ны Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэн батлах 2021-2024 онд Монгол Улстай хамтран ажиллах бодлогын тэргүүлэх чиглэлүүдтэй дээрх шинэчлэлүүд уялдаж байгааг суурин төлөөлөгч онцолсон.
Ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиохтой холбогдуулан 2022 оныг хоёр улсын хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил болгон зарлах тухай Ерөнхий сайд Ё.Сүгагийн саналыг талархан хүлээн авч буйгаа Төрийн тэргүүн илэрхийллээ. Мөн ойг тохиолдуулан Японы талаас дээд, өндөр түвшинд хүндтэй зочдыг хүлээн авч, найрамдал, хамтын ажиллагаагаа бататган бэхжүүлнэ хэмээн найдаж буйгаа хэллээ. Тэрбээр “Монгол, Японы стратегийн түншлэлийг 2022-2025 онд хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр нь бидний цаашдын хамтын ажиллагааны замын зураг болно гэдэгт итгэлтэй байна” гээд үүнтэй холбоотой бэлтгэл ажлыг сайтар хангаж хэрэгжүүлэхийг Гадаад харилцааны яамныханд сануулсан юм.
Бэлтгэсэн У.Наран