Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан баруун аймгуудад хийх томилолтоо Ховдоос эхлүүллээ. Тус аймагт коронавирусийн халдвар сүүлийн үед эрс нэмэгдэж, дельта хувилбар бүртгэгдсэн тул хичээлийн шинэ жилээс өмнө халдварын эрсдэлийг бууруулах, хяналт шалгалтыг эрчимжүүлэх, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй байлгахад онцгой анхаарч байгаа аж. Булган сумын Булган хилийн боомтоор одоогоор 170.8669.85 тонн нүүрс экспортлосон бөгөөд баруун бүсийн барилгын материалыг хангах гол боомтын хувьд бараа материал, ачаа тээврийн импортыг нэмэгдүүлэх зөвшөөрөл, зохицуулалт шаардлагатай байгааг Аймгийн Онцгой комиссоос Шадар сайдад хүргүүлсэн юм.
ОХУ-аас нийлүүлж буй шатахууныг Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоос Ховд руу тээвэрлэх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргуулах саналтай байгаагаа уламжлав. Ингэснээр тус аймагт шатахууны үнэ литр тутамдаа 100-150 төгрөгөөр хямдрах боломжтой учир Шадар сайдын зүгээс дээрх асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээ илэрхийлэв.
Мөн тэрбээр "Засгийн газар цар тахлын үед эдийн засгаа дэмжих хүрээнд хилийн боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг саадгүй нэвтрүүлэх бодлого баримталж буй. Ялангуяа, баруун бүсийг барилгын гол бараа материалаар хангах Булган боомтод халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулсны үндсэн дээр импортын ачаа тээврийг нэмэгдүүлэхэд УОК-оос ямар нэгэн хориг саад тавихгүй, харин ч дэмжих ёстой” гэлээ.