Хөшигийн хөндийн бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Оюунхорол, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар О.Батнасанг томилсон. Ойрын үеийн эдгээр томилгоо өнгөрсөн парламентад гишүүнээр ажилласан эрхмүүд хаана, юу хийж явааг сонирхоход хүргэв. “Дархан арьс, ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн захирлаар Н.Цэрэнбат, Гашуунсухайт боомтын бүрэн эрхт захиргааны дэд даргаар Н.Амарзаяа, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Хаянхярваа нар ажиллаж байна. Харин УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлаар томилох нь гэх яриа өнгөрсөн оны сүүлчээр гарч байв. Тэр бол өмнөх парламентын үед ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдсон гишүүдийн нэг бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн ч түдгэлзүүлсэн юм. Түүнтэй хамт шалгуулж байсан Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Батзориг нарт шүүхээс ял оноосон билээ.
Харин “хэцүү нэрт”-ээс суллагдсан, гишүүн асан Д.Гантулга хэдэн өдрийн өмнө Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт болсон хуралд оролцсон байна лээ. Сураг дуулах нь ээ, залуучуудын байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцсэн тус хуралд тэрбээр хүндэт зочноор оролцсон аж. 2019 онд шүүхээс хоёр жилийн ял сонссон ч магадлангаар суллагдсан түүнийг УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу өмнө нь сонгогдсон Хэнтий аймагт нэр дэвших хүсэлтэй байгаа гэж шивэр авир хийх нэгэн ч байна. Үгүй байгаасай гэж хүснэм.
Төрийн өмчийн компаниудаас гадна дипломат албанд экс гишүүдээс цөөнгүй нь томилогджээ. Тухайлбал, Япон Улсын Осака хот дахь ерөнхий консулаар Л.Элдэв-Очир, Австрали дахь Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр Ж.Батзандан, Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Л.Болд, ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ө.Энхтүвшин нар ажиллана.
Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Я.Содбаатар, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар Ж.Энхбаяр, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайдаар Ц.Нямдорж нар томилогдсон. Үүнээс гадна гишүүн асан Я.Санжмятав Ерөнхийлөгч Х.Баттулгын хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн орон тооны зөвлөхөөр ажиллаж байгаад өнгөрсөн сард бүрэн эрхийн хугацаа нь дуусахад албаа өгсөн. Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр Д.Лүндээжанцан, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орон тооны зөвлөхөөр Ц.Цогзолмаа нар ажиллаж буй.
Өнгөрсөн парламентаас 37 гишүүн өнөөгийн УИХ-д дахин сонгогдсон. Харин нэр дэвшээгүй, сонгуулиар өрсөлдсөн ч өвдөг шороодсон хэдээс нэлээд нь ийнхүү төрөөс албан тушаалын авлагатай юм шиг зүүгдэж явна. Үнэндээ төр тэдэнд өртэй юм шиг, энэ улс төрд үнэт зүйл гэхээр зүйл үлдээгээгүй хүмүүст л зориулж албан тушаал, ажлын байр бий болгож байгаа мэт санагдаж буйг нуух юун. Тухайлбал, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг хариуцаж ажиллах, ашиглалтын өмнөх захиргаа байгуулахаа Засгийн газар зарласан. Ирэх сараас ажиллаж эхлэх юм билээ. Шинэ Зуунмод, Майдар зэрэг хотыг түшиглэн 150 мянга гаруй хүн ажиллаж, аж төрөх эл бүс нутагт цэвэрлэх байгууламж, усан сан, тэдгээрийг холбосон шугам, хоолой, замын сүлжээ, дулааны цахилгаан станцуудыг байгуулах зэрэг их бүтээн байгуулалт өрнүүлнэ гэж тооцсон учраас ийм бүтэц бий болгож байгаа юм билээ. Үндсэндээ тэнд маш том бүтээн байгуулалт, барилга, хот төлөвлөлтийн ажил хийгдэх дүр зураг ажиглагдаж байгаа юм. Тэр болгоныг хариуцан ажиллахаар Засгийн газраас бүрэн эрх өвөртлөн очиж байгаа хүн нь Д.Оюунхорол. УИХ-д дөрвөн удаа сонгогдохдоо нийгмийн бодлогын асуудалд түлхүү анхаарч, дуу хоолойгоо хүргэж байсан гэж хэлж болох, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилогдож асан түүнд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг хариуцуулах шалтгаан юу байв. Ойрын үед төлөвлөж байгаагүй ийм том хэмжээний бүтээн байгуулалтыг Д.Оюунхоролоос өөр даатгах хүн олдоогүй юм гэж үү. Өнөөгийн барилга, хот байгуулалтын салбарт социализмын үеийн “бүтээгдэхүүнүүд”, мэргэжлийн боловсон хүчин нь ч хоцрогдож, гологдож байхад багш мэргэжилтэй, улстөрч эмэгтэйд энэ бүхнийг хариуцуулсныг нь хэтийдсэн итгэл гэж эергээр харах ёстой юм уу.
Бас л багш мэргэжилтэй улстөрчид Монголын төмөр замыг даатгасан нь гайхаш төрүүлэв. Мэргэжлээрээ ажилласан хэдхэн жилийн туршлагатай, УИХ-ын гишүүний үүргийг дөрвөн жил гүйцэтгэснээс бусад үед импортоор чихэр оруулж ирснээрээ илүүтэй танигдсан О.Батнасанд манай төр, засаг ямар өртэй учраас “Монголын төмөр зам”-ын гүйцэтгэх захирлаар томилов. Энэ компанийг удирдах мэргэжлийн бөгөөд илүү хүлээн зөвшөөрөгдсөн хүн олдоогүй юм уу.
“Дархан арьс, ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК 100 хувь төрийн өмчийнх. “Дархан арьс, ширний цогцолбор” төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, эзэмшил, ашиглалтыг хариуцаж, цогцолборт байгаа үйлдвэрлэгчдийг дэд бүтцээр тасралтгүй, найдвартай бүрэн ханган, эдийн засгийн үр ашигтай ажиллаж, хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг өсгөхөд тус компанийн үйл ажиллагаа чиглэх ёстой. Бизнесийн салбараас улс төрд орж ирсэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Н.Цэрэнбат бас нэг мэргэжилтний, чадварлаг менежерийн боломжийг хулгайлсан мэт санагдаж байна.
Манайхаас түүхий эдээ гаргах гол боомт Гашуунсухайтад ашиглалтын захиргаа байхыг үгүйсгэхгүй ч тэр нь заавал дэд даргатай байх ёстой юу. Дэд даргатай байлаа ч тэр албанд тус аймгаас УИХ-д сонгогдож байсан гишүүнийг томилох учиртай юм уу. Эсвэл орон нутгаасаа сонгогдсон гишүүнийг аймагт нь ажлын байраар хангах үүрэгтэй гэж эрх баригчид үзээд байгаа юм уу.
Элчин сайд, дипломат албаны томилгоонд үеэ өнгөрөөсөн, улс төрийн уралдаанд унаж, өвдөг шороодсон хүмүүс хошуурдаг нь нууц биш. Ний нуугүй хэлэхэд, тэднийг гадаадад гэр бүлээр нь цалинтай “амраах” шагнал мэт ойлгогдох болсон эл албаны томилгооны чанар дорвитой сайжрахгүй байгааг эндээс харж болно. УИХ дахь АН-ын бүлгийг тараан байж туурга тусгаарласан Л.Болд, Ж.Батзандан хоёр өдгөө эрх баригч Ардын намынхнаас томилолт аван хилийн чанадад суухаар болчихлоо. Ж.Батзандан нь хэдийн ажилдаа орсон бол Л.Болдыг Элчин сайдаар томилохыг УИХ дэмжчихсэн. ШИНЭН-ын гэх энэ хоёр хүн гэхэд л эл албыг наймаа, тохиролцоо болгочихож буйгаас өөрцгүй. Элчин сайдаар явах гэж буй Ө.Энхтүвшингийн тухайд өнгөрөгч сонгуулийн дараа сайдаар ажиллаж байгаад Франц руу томилогдох тухай яригдаж байв. Магадгүй зарим нь эл албыг шилж, сорчилж очдогийн жишээ байж ч мэднэ. Л.Элдэв-Очир гэхэд л Баянхонгорт сонгуулиар ялагдав уу үгүй юү ерөнхий консулаар томилогдсон юм даг.
Өнгөрсөн парламентын гишүүдийг шүүрдэх төдийд ийм дүр зураг тодорч байна. Өөр бусад салбарт ч Ардын намынхны албан тушаалын авлага, өглөг үргэлжилсээр байгааг бодохоор гунигтай ч юм шиг. Өч, төчнөөн удаа УИХ-д сонгогдож, сайдаар томилогдсон атлаа Монголын улс төрд өв, үнэт зүйл, өөрийн гэсэн орон зай үлдээгээгүй улстөрчдөд өртэй юм шиг албан тушаалаар бэлэг барьдгаа хэзээ болих юм бэ.
Ташрамд дурдахад, М.Билэгт, Б.Наранхүү, Н.Оюундарь, Ц.Гарамжав, О.Содбилэг нар бизнесээ хийж яваа сурагтай. Салбар, салбартаа эргэн очиж, чаддаг, үнэлэгддэг зүйлээ хийж, дуулж, барилдаж, морио уяж байгаа хэд нь магадгүй илүү эрх чөлөө, амар амгаланг мэдэрч байж ч болох.