Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэж буй. одоогоор гаргаад буй шийдвэрийн талаар Сангийн сайд танилцууллаа. Тэрбээр, "Сангийн яамнаас өнөөдөр Засгийн газрын хуралд хэд хэдэн санал орууллаа. "Төрийн банк" болон "Хөгжлийн банк"-ны чиг үүргийг шинэчлэхээр болов. "Төрийн банк" жижиглэнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл цаашид үүнийг илүү тодорхой болгон, нийгмийн дундаж давхаргыг тэлэх алсын хараанд оруулна. Ингэснээр тус банкнаас үзүүлдэг үйлчилгээний цар хүрээ тэлэх юм. Өөрөөр хэлбэл, төрөөс дээрх банканд тусламж үзүүлснээр нийгмийн тодорхой хэсэгт хүрч үйлчилнэ гэсэн үг.
Машин, байрны зээлээ төлөхөөс гадна хуримтлал үүсгэдэг өрхийг дэлхий дахинаа дундаж давхарга гэж үздэг. Харин манай улс сард 1-1.3 сая төгрөгийн орлоготой өрхийг дундаж давхарга гэж нэрлэдэг. "Төрийн банк"-тай хамтран ажилласнаар цаашид дундаж давхарга бойжуулах болно" гэв. Мөн
"Хөгжлийн банк" өнөөдрийг хүртэл төслийн буюу том хэмжээний зээл олгосоор ирсэн. Манай улсын эдийн засагт худалдаа томоохон байр суурь эзэлдэг ч энэ төрлийн салбар санхүүжилтийн дутагдалд ороод байна. Цаашид Хөгжлийн банкийг экспорт-импортын банк болгоно. Үүний тулд Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй. Гэхдээ банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна" хэмээн мэдээлэв.