“Цар тахлын үеийн эдийн засаг” төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтыг нээж, цар тахлын үеийн эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн бодлогоо танилцуулж, цаашид хийхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Засгийн газар эрүүл мэндээ хамгаалан, иргэдээ вакцинжуулж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байна хэмээн Ерөнхий сайд тэмдэглэсэн. Тухайлбал, үүний хүрээнд хөдөө аж ахуйг дэмжих 320 тэрбум төгрөгийн зээл олгосны үр дүнд энэ намар 30 жилийн дунджаас ахиу ургац авах төлөвтэй байна гэв. Цогц төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 34 хувьтай буюу 3.4 их наяд төгрөгийн зээл олгож, 225 мянган ажлын байрыг хадгалсан аж.
Засгийн газрын өнөөдөр болох ээлжит хуралдаанаар хэд хэдэн үндэсний хороо байгуулах гэнэ. Эдгээр хороог Ерөнхий сайд удирдана гэдгээ тэрбээр онцолсон юм. Тодруулбал, цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлж, экспорт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх үндэсний хороог байгуулах юм байна. Мөн цахим засаглалд шилжиж, хүнд суртал, авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох үндэсний хороо багтжээ. Түүнчлэн нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулах үндэсний хороо ажиллах нь. Үүнээс гадна иргэдийг орон сууцжуулах ажлыг нэмэгдүүлж, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн сан бүрдүүлж, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо бий гэдгийг Ерөнхий сайд дурдсан. Цаашлаад олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо ч байгуулахаар төлөвлөжээ. Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-д өргөн барихаа дуулгаад, “Энэ хууль цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх, чадавх хийгээд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих зорилготой. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэхээс гадна төр, хувийн хэвшлийн цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд уг хуулийн зорилго чиглэнэ” хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярилаа.
Дараа нь хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын төлөөлөл Ерөнхий сайдад асуулт тавьж, саналаа хэлэв. Ингэхдээ тэд хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, хүнс үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байв. Мөн төрийн худалдан авалтыг цахимжуулах, энэ чиглэлээр яам байгуулах болон цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэсэн Ерөнхий сайдын саналыг дэмжиж буйгаа хэлж байлаа. Хөрөнгө оруулагчидтай хийх ийм уулзалт нэг удаагийнх биш бөгөөд давтамжтай зохион байгуулж байхыг тэд Ерөнхий сайдаас хүслээ.
Бэлтгэсэн: У.Наран