Амазоныг үндэслэгч, дэлхийн хамгийн баян хүн Жефф Безос мягмар гарагт /2021.07.20/ түүний “Blue Origin” компанийн бүтээсэн “New Shepard” хөлгөөр сансарт нисээд амжилттай газардав.
“New Shepard” орон нутгийн цагаар 09:10 цагт (Улаанбаатар 21:10 цагт) Техас мужийн Ван Хорн хотын ойролцоох Безосын хувийн сансрын буудлаас амжилттай хөөрчээ. Хөлөг онгоц 100 км-ийн өндөр гарсныхаа дараа амжилттай газарджээ.
Эл аялалд Безосоос гадна түүний ах Марк, Нидерландын иргэн 18 настай оюутан Оливер Даман, 82 настай Америкийн нисгэгч эмэгтэй Уэлли Фанк нар ниссэн байна. Хөлөг онгоц таталцлын тэг бүсэд дөрвөн минут орчим байсан бөгөөд сансарт ниссэн хөлгүүдээс хамгийн том цонхтой нь аж. “Зорчигчид суудлынхаа бүсийг тайлж жингүүдэн цонхоор дэлхийн агаар мандлын гайхамшигтай дүр зургийг үзэж таашаал авлаа” гэж Безос хэвлэлийнхэнд ярьсан байна.
11 минут үргэлжилсэн эл нислэг тэрбумтнуудын “сансрын уралдааны” эриний эхлэл болов. Ердөө долоо хоногийн өмнө өөр нэгэн бизнесмэн буюу “Virgin Galactic” компанийг үүсгэн байгуулагч Ричардсон Бенсон сансарт нисээд ирсэн юм. Түүний нислэг ойролцоогоор цаг орчим үргэлжилж агаар мандал, сансрын уудам хоёрын заагт хүрч тойруу замаар аялсан бол Безосын хөлөг арай илүү өндөрт буюу олон улсын сансар судлалын байгууллагууд байдаг зайд хүрчээ.
SpaceX”-ийг үүсгэн байгуулагч Илон Маск мөн тэрбумтан хувийн сансрын аялал сонирхогчдын тоонд багтдаг. Өнгөрсөн жил түүний Falcon-9 пуужин нь сансрын нисгэгчдийг ОУСС-д Dragon сансрын хөлгөөр хүргэж эхэлсэн боловч тэрбээр өөрөө нисэж хараахан амжаагүй байна. Гэхдээ түүнийг удахгүй “Virgin Galactic” компанийн удахгүй хийх нислэгийн нэг тийзийн урьдчилгаа төлбөрийг төлсөн тухай Ричард Брэнсон сэтгүүлчдэд ярьсан байна.