Авлигын эсрэг хуульд оруулсан өөрчлөлт, Шүүхийн болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хянан шалгуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцэд хандаад хоёр сар гаруйн нүүр үзэж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ дагуу эдгээр хуульд хэсэгчлэн хориг тавьж, түүнийг нь УИХ хүлээж аваагүй тул дараагийн алхам болгон Үндсэн хуулийн цэцэд хандсан хэрэг. Үндсэндээ хуулийн боломжит хугацааг Цэц тултал нь ашигласны эцэст дээрх гурван хуулиас зөвхөн нэгэнд хамаарах зарим заалт, зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хэлэлцэхээр хуралдааныхаа товыг уржигдар зарлав.
Тодруулбал, Шүүхийн тухай хуульд тусгасан Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүн, түүний бүрэн эрхийн хугацаа, томилох, сонгох журам, шийдвэрийн талаарх зохицуулалт, Дээд, давж заалдах, анхан шатны шүүхийн бүрэн эрхтэй холбоотой зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг тогтоох дунд суудлын хуралдаан ирэх лхагва гарагт болно. Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог шинээр бүрдүүлэх ажил энэ өдрүүдэд ид өрнөж буй. Магадгүй Цэц Шүүхийн тухай хуулийн дээрх заалтууд Үндсэн хууль зөрчиж байна гээд дүгнэлт гаргачихвал Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо байгуулах ажил яах бол гэдгээс авхуулаад олон асуулт хариулт нэхнэ.
Харин Ерөнхийлөгчийн хүсэлтэд дурдагдсан бусад асуудал буюу Авлигын эсрэг хуульд оруулсан өөрчлөлт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хянан шалгуулах хүсэлтийг нь хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй аж. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хоёр заалтад тавьсан хоригийг нь л УИХ хүлээн авч, бусдыг нь эргэн харах шаардлагагүй гэж үзсэн бөгөөд АТГ-ын удирдлагыг Ерөнхийлөгч санал болгон томилуулдаг байсныг болиулж, эл эрхийг Ерөнхий сайдад шилжүүлснийг өнөөгийн Төрийн тэргүүн эсэргүүцэж байгаа. Ерөнхийлөгчийн хүсэлтэд хамаарах эдгээр гурван хуультай холбоотой маргааныг Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүнд салган хуваарилсан бөгөөд Шүүхийн тухай хуульд хамаарах хүсэлтийг хариуцсан хүн нь хуралдаан товлосон нь энэ.
Уг нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтан хандсан тохиолдолд хүсэлтийг хүлээн авч, шалгаж байгаа гишүүн татгалзах эрхгүйгээр 14 хоногийн дотор шууд маргаан үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, албан тушаалтнаас ирүүлсэн хүсэлт нь маргаан үүсгэх шаардлага хангасан болон бусад нэмэлт материал байгаа, эсэхээс үл хамааран шалгаж эхлэх ёстой. Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат ч Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авахдаа 2-3 хоногийн дотор аль нэг гишүүнд хуваарилахаа хэлсэн. Ингээд хуралдаанд бэлтгэхийн тулд маргагч талуудад хүсэлтийн хуулбарыг гардуулж, хуралдаанд оролцох итгэмжилсэн төлөөлөгчөө томилох тухай мэдэгдэхээс авхуулаад 30 хоног зарцуулахыг хуулиар зөвшөөрдөг. Цаашлаад маргаан ээдрээ, төвөгтэй шалтгаанаар дээрх хугацаанд дуусахгүй бол Цэцийн дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно. Ерөнхийдөө Үндсэн хуулийн цэц хүсэлтийг хүлээн авснаас хоёр сар гаруйн дараа буюу энэ сарын сүүлч, тавдугаар сарын эхэн гэхэд эл маргааныг хэлэлцсэн байх ёстой билээ.
Шүүгчийг шилж, сонгон, энэ засаглал хараат бусаар, бие даан орших нөхцөлийг хангах үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөл таван гишүүнтэй байсан бөгөөд тэднийг Ерөнхийлөгч томилж ирсэн. Харин одоо 10 хүний бүрэлдэхүүнтэй болгож, тавыг нь нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ-аас томилох гэж байгаа юм. Тэдгээр таван гишүүнийг “шүүгч бус” хэмээн тодорхойлж, сонгон шалгаруулах ажлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг хариуцаж буй. Ер нь бол Шүүхийн ерөнхий зөвлөлд таван хүн томилж байсан Ерөнхийлөгчийн эрхийг УИХ өөртөө авчихаад байгаа хэрэг. Харин Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн тоо өөрчлөгдөөгүй, есөн хүний бүрэлдэхүүнтэй хэвээрээ байгаа ч шүүгч бус тавыг нь дээрхийн адил нээлттэй сонгон шалгаруулалтаар УИХ томилно. Уг хороог Ёс зүйн хороо байхад даргыг нь томилохоос авхуулаад ажиллах дүрмийг нь хүртэл баталдаг байсан Ерөнхийлөгчийн эрх, оролцоог хууль тогтоогчид хязгаарласан гэж ойлгож болно.
Угтаа Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавихдаа маш олон заалтыг нь Үндсэн хууль болон өөр бусад хуультай зөрчилдсөн гэж үзсэн. Эдгээрээс Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүн, түүний бүрэн эрхийн хугацаа, томилох, сонгох журам, хорооны шийдвэрийн талаарх зохицуулалт, Дээд, давж заалдах, анхан шатны шүүхийн бүрэн эрхтэй холбоотой зарим заалтын талаар л Цэцэд хандсан байгаа юм. Дээд, давж заалдах, анхан шатны шүүхийн бүрэн эрхтэй холбоотой зарим заалтын тухайд тодруулбал, Шүүхийн тухай хуулийн 25.8.2-т “давж заалдах шатны шүүхэд шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан танхим байгуулах асуудлыг тухайн шүүхийн зөвлөгөөний саналыг үндэслэн хэлэлцэж, шийдвэрлэх” нь Дээд шүүхийн бүрэн эрх байхаар заасныг хамааруулжээ. Мөн 29.3-т “Давж заалдах шатны шүүх шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан танхимтай байж болно. Танхимыг тухайн шүүхийн зөвлөгөөний саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн шийдвэрээр байгуулж, бүрэлдэхүүнийг тухайн шүүхийн зөвлөгөөн батална” гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Түүнчлэн 30.3, 30.4-т “Анхан шатны шүүх шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан танхимтай байж болно. Энэ танхимыг тухайн шүүхийн зөвлөгөөний саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн шийдвэрээр байгуулж, бүрэлдэхүүнийг тухайн шүүхийн зөвлөгөөн батална”, 36.8, 36.9, 36.10-т “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн зөвлөгөөнөөс нууц санал хураалтаар гурван жилийн хугацаагаар олонхын саналаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно. Энэ дагуу ерөнхий шүүгчийг сонгоогүй бол шүүгчээр хамгийн олон жил ажилласан шүүгчийг гурван жилийн хугацаагаар тухайн шүүхийн зөвлөгөөнөөс томилно. Танхимын тэргүүнийг тухайн шүүхийн зөвлөгөөн дотроосоо нууц санал хураалтаар, гурван жилийн хугацаагаар сонгох бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно” гэх заалт Ерөнхийлөгчийн хоригт ч, хүсэлтэд ч бий.
Зөвхөн нэг хуулийн хүрээнд ч гэлээ ийм олон заалт хөндөж буй маргааныг Цэц хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь цөөнгүй хүний сонирхлыг татаж, хүлээлт үүсгэж буй нь лав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас ямар ч шийдвэр гаргасан, түүнийг УИХ хэлэлцэх ёстой. Харин үнэмлэхүй олонх бүхий парламент Цэцийн шийдвэрийг хүлээж авах, эсэхэд тэгтлээ хүлээлт үүсгэх хэрэггүй болов уу. Учир нь тэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Өнгөрсөн хийгээд одоогийн парламентын аль алинд нь үнэмлэхүй олонхыг бүрдүүлж байгаагийн хувьд МАН-ынхны хийсэн гэж ярих хамгийн чухал ажил нь энэ. Улмаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шинэчилж байгаа олон хууль, тэр дундаа эрх зүйн томоохон шийдвэр нь Шүүхийн тухай хууль болж буй. Тэгээд ч тэр хуульд нь хориг тавьсныг нь хүлээж аваагүй хүмүүс одоо Ерөнхийлөгчийн хүсэлтийг хангасан шийдвэрийг Цэц гаргалаа ч дэмжихгүй нь лав. Гэхдээ Шүүхийн тухай хуулийн дээрх заалтууд нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж дунд болон их суудлын хуралдаанаараа шийдвэрлэвэл парламент түүнийг нь үг дуугүй дагах учиртай. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог шинээр бүрдүүлэхээс авхуулаад шинэ хуулийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн олон ажил үгүй болно гэсэн үг. Гэвч Цэц хэрхэн шийдэх бол. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүн, тэр дундаа өнөөгийн Төрийн тэргүүний санал болгосноор томилогдсон хүмүүс шударга байж чадах уу.