Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр парламентын гишүүд төсвийн болон томилгооны эрхээсээ татгалзаж, хууль тогтоох, хэрэгжилтийг нь хянан шалгах үндсэн чиг үүрэг нь өргөжсөн учраас энэ удаа УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийг батлах гэж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 оны хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцолсон. Ингэхдээ шүүх засаглал, эрүүдэн шүүлт, тэр тусмаа ял эдэлж байгаа иргэн Т.Чимгээд холбогдох хэрэг гэх мэт тодорхой асуудлыг цохон тэмдэглэж, буруу бүхнийг хазаарлан зогсоох парламентын хяналтыг хүчтэй болгох зорилготойгоор эл хуулийг батлах зайлшгүй шаардлага үүссэнийг тайлбарласан билээ. Энэ нь гүйцэтгэх засаглалынханд хуулиар олгосон хяналт, шалгалтын чиг үүргийг нь хууль тогтоогчид булааж, үйл ажиллагаанд нь хэт хутгалдах вий гэсэн болгоомжлол төрүүлж байгаа. Тэгвэл үүнээс гадна цөөнгүй томилгоонд УИХ оролцож, тэдгээр эрхийг Ерөнхийлөгчөөс өөртөө шилжүүлж авсныг нь 2020 оноос хойш баталсан хэд хэдэн хуулиас харж болох нь.
…Энэ нь гүйцэтгэх засаглалынханд хуулиар олгосон хяналт, шалгалтын чиг үүргийг нь хууль тогтоогчид булааж, үйл ажиллагаанд нь хэт хутгалдах вий гэсэн болгоомжлол төрүүлж байгаа. Тэгвэл үүнээс гадна цөөнгүй томилгоонд УИХ оролцож, тэдгээр эрхийг Ерөнхийлөгчөөс өөртөө шилжүүлж авсныг нь 2020 оноос хойш батлагдсан хэд хэдэн хуулиас харж болох нь.
Тухайлбал, Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг өнгөрсөн онд шинэчлэн баталсан. Ингэснээр тус комисс таван гишүүнтэй болов. Мөн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх болон хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн нэг нэг гишүүн ажиллана. Үндсэндээ Хүний эрхийн үндэсний комисс долоон гишүүнтэй гэсэн үг. Өмнө нь буюу 2000 оноос хойш гурван гишүүнтэй ажиллаж ирсэн бөгөөд Ерөнхийлөгч, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Дээд шүүх тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлэн, парламент томилдог байв. Харин одоо томилохоос гадна нэр дэвшүүлэх эрх нь ч УИХ-д шилжсэн гэж хэлж болно. Тэр ч бүү хэл, тэднийг тангараг өргөхөд хүртэл УИХ, Хууль зүйн байнгын хороо оролцож буй. Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооноос сонгон шалгаруулалт зарлаж, тэндээс байгуулсан ажлын хэсэг нэр дэвшигчдээс шилж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, томилох, эсэхийг нь шийдэж байна. Одоогоор эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх болон хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүдийг томилоогүй байгаа. Мэдээж байнгын хорооноос байгуулах ажлын хэсэгт УИХ-ын гишүүдийг оруулахгүй. Төрийн албаны зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, УИХ дахь олонх, цөөнх, мэргэжлийн холбоод, их, дээд сургууль, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллөөс ажлын хэсгийг бүрдүүлж буй. Гэвч энэ нь УИХ, тэр дундаа үнэмлэхүй олонх бүхий парламент бүрдсэн үед эрх баригчдаас хараат бус байх бүрэн баталгаа биш.
Мөн Шүүхийн тухай хуулийг энэ онд шинэчилж, өнгөрсөн сарын эхний өдрөөс мөрдөж байна. Монголд байгаа болохгүй, бүтэхгүй бүхэн, шударга бус зүйлсийг сөрж, “хонгил”-ыг нураах гол “зэвсэг” гэгдэж буй эл хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог шинээр бүрдүүлэх ажил энэ өдрүүдэд ид өрнөж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн үүрэг өнгөрсөнд ч, одоо ч шүүгчийг шилж, сонгон, энэ засаглал хараат бусаар, бие даан орших нөхцөлийг хангах явдал. Уг зөвлөл таван гишүүнтэй байсан бол одоо 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Хуулийг шинэчлэхээс өмнө тэднийг анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбоо болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг нэг хүн санал болгосныг Ерөнхийлөгч томилж байлаа. Шүүгч нарыг томилохоос гадна тэднийг шилж, сонгох үүрэгтэй зөвлөлийн гишүүдийг хүртэл Төрийн тэргүүн томилж байгаа нь шүүх засаглалыг нэг хүнээс хараат болгосон гэх шүүмжлэл ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, улмаар Шүүхийн тухай хуулийн шинэчлэлд хүчтэй нөлөөлсөн. Тэгвэл одоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүнээс тавыг нь нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тэдгээр таван гишүүнийг “шүүгч бус” хэмээн тодорхойлж буй бөгөөд сонгон шалгаруулах ажлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг хариуцна. Ажлын хэсэг нь УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, энэ чиглэлийн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан бөгөөд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт ахалж буй. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг сонгон шалгаруулсан ажлын хэсэг шударгаар сонгон шалгаруулсан, эсэхтэй адил эргэлзээ энд ч байх нь тодорхой. Тэр тусмаа уг ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар орох гэж байсныг нь түүний намын гишүүн Ж.Сүхбаатар “илрүүлж”, тэд бараг л барилцаж авахдаа тулсныг нь бодохоор үл итгэх байдал улам нэмэгдэж байгааг нуух юун. Гишүүн Ж.Ганбаатар УИХ дахь намын бүлгийн удирдлага нь тухайн ажлын хэсэгт орох чиглэл өгснийг ч хэлж байсан юм. Энэчлэн ажлын хэсэгт УИХ-ын гишүүн орж ажиллаж болохгүйг хоёрдмол утгагүйгээр хуульчилчихаад байхад эрх баригч намын бүлгээс тийм чиглэл өгч байгааг юу гэж ойлговол зохилтой вэ. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэгт хүн багтаах гэж зүтгэж байхад цаасан дээр нэр шургуулж, сонгон шалгаруулалтын үеэр хэн нэгнийг лоббидохгүй гэх баталгаа байна уу. Ер нь бол Шүүхийн ерөнхий зөвлөлд таван хүн томилж байсан Ерөнхийлөгчийн эрхийг УИХ өөртөө авчихаад байгаа хэрэг. Нөгөө тав буюу шүүгч гишүүдийг хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр хүнийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгох тул Ерөнхийлөгчид ямар ч хамаагүй гэсэн үг. Юутай ч өдгөө нэр дэвшээд буй 29 хүнээс УИХ тавыг нь сонгож, томилоход бидний хяналт илүүдэхгүй л болов уу.
Шүүхийн сахилгын хороо нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу “томрон” гарч ирж байгаа бүтэц. Шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх, эсэхийг шийдвэрлэдэг байсан Шүүхийн ёс зүйн хороо нь Үндсэн хуулийн байгууллага болтлоо эрх, үүрэг нь дээшилсэн хэрэг. Нэр хүндтэй хуульч, эрдэмтэн, судлаач зэрэг есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ирсэн тус хорооны гишүүдийн тоо энэ удаа өөрчлөгдөөгүй. Гэхдээ тэднийг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбоо, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гурав гурван хүнийг нэр дэвшүүлдэг байсан бол одоо тавыг (шүүгч бус) нь дээрхийн адил нээлттэй сонгон шалгаруулалтаар УИХ томилох юм. Энэ таван суудалд 24 хүн нэр дэвшиж буйг өчигдөр Хууль зүйн байнгын хорооноос уламжилсан. Харин бусдыг нь хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож тодруулах ёстой. Ёс зүйн хорооны даргыг томилохоос авхуулаад ажиллах дүрмийг нь хүртэл баталдаг байсан Ерөнхийлөгчийн эрх, оролцоог УИХ ийнхүү хязгаарлаж, өөрөө хутгалдах орон зайгаа тэлсэн нь энэ.
Түүнчлэн АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх Ерөнхийлөгчийн эрх үгүй болсныг эргэн сануулъя. Эл байгууллагын даргыг Ерөнхий сайд, дэд дарга нь даргаа санал болгосноор УИХ томилохоор болсон. Өмнө нь эрх бүхий албан тушаалтны саналыг УИХ байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн томилдог байсан бол одоо хууль тогтоогчид заавал сонсгол хийж байж шийдвэрээ гаргах юм. Сонсгол зохион байгуулах нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгээс гадна Нийтийн сонсголын тухай хуулийг баримтлах нүсэр, сүржин ажил гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, сонсголын товыг олон нийтэд зарлахаас авхуулаад, оролцогч, шинжээч, хэвлэл мэдээллийнхнийг бүртгэх гэхчлэн сүрхий ажил өрнүүлж, олон нийтийн анхаарлыг татах боломж энд л бүрдэнэ гэсэн үг. Тухайлбал, УИХ-аас зохион байгуулах сонсголд холбогдох албан тушаалтан тухайн асуудлаар хариу тайлбар гаргаж өгөөгүй буюу мэдэгдэл хүргүүлсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг төрийн эрх барих дээд байгууллагыг үл хүндэтгэсэн хэмээн үзэж, хариуцлага хүлээлгэх заалт Нийтийн сонсголын тухай хуульд бий.
Хойшид УИХ олон хууль шинэчилж, нэмэлт, өөрчлөлт оруулна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн хууль, эрх зүйн орчноо шинэчлэх том үүрэг өнөөгийн хууль тогтоогчдод ногдож буй. Ингэхдээ хууль тогтоогчид хэр олон юманд хутгалдах эрхийг өөрсдөдөө олгож, хэнээс, хаанаас ямар эрхийг нь “булаахыг” анзаарахад илүүдэхгүй ээ.