УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ парламентын удирдлагад өргөн бариад буй. Тэрбээр гишүүн С.Бямбацогт, С.Ганбаатар, Н.Ганибал, Л.Энх-Амгалан нарын хамт, УИХ-ын даргын даалгавраар уг төслийг боловсруулсан юм. Ингэснээр 2009 онд баталсан ёс зүйн дүрмээ хууль тогтоогчид шинэчлэх нь.
Шинэчлэн боловсруулсан дүрмийн зорилго нь УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ “…би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн сүлдэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байхад нь туслах зорилготой болохыг санаачлагчид нь онцолсон. Мэдээж одоогийн дүрэм, ер нь аливаа ёс зүйн кодыг ийм л зорилготойгоор, хүмүүсийг тангарагтаа, ажил мэргэжилдээ үнэнч байлгахын тулд мөрдүүлдэг. Харин одоогоос гурван ч парламентын өмнө баталсан дүрэм нь цаг үеийн шаардлагад нийцэхээ байж УИХ-ын гишүүд биелүүлэхэд төвөгтэй болов уу, ер нь үүнийг мөрдөж, сахиж байсан уу, цаашлаад түшээдийн ёс зүй муудсан уу, баримт бичгийн чанар гологдов уу гэдэг нь өөр хэрэг. Магадгүй эдгээр асуултын хариулт олон нийт, иргэдийн аманд бэлэн байгаа биз.
Юутай ч ёс зүйн дүрмээ шинэчлэхээр боллоо. Ингэхдээ Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулга (хатуу сануулга) өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг зургаан cap хүртэл хугацаагаар 20-иос ихгүй хувиар бууруулах зэрэг хариуцлага ногдуулахаар төсөлд тусгасан байна. Одоогийн дүрэмд ийм заалт байхгүй. Дүрмийн хамгийн төгсгөлд буюу “бусад” гэсэн зүйлд “Энэ дүрмийн биелэлтэд Ёс зүйн дэд хороо хяналт тавин ажиллах бөгөөд уг дэд хорооны ажиллах журмыг тусгай дүрмээр тогтооно” хэмээсэн ганц өгүүлбэр бий. Тэгвэл сануулга өгөх хариуцлагын арга хэмжээг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны тогтоолоор ногдуулах бөгөөд энэ талаар УИХ-ын албан ёсны цахим хуудсанд Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс ажлын тав хоногийн дотор нийтлэх юм байна. Мөн уучлал гуйх үүрэг авсан гишүүн шийдвэр гарснаас хойш ажлын тав хоногийн дотор биелүүлэхээр тусгажээ. Хэрэв үгүй бол Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос ногдуулсан хариуцлагыг биелүүлээгүй талаар олон нийтэд албан ёсоор мэдээлэх аж. Харин гишүүний ёс зүйн зөрчлийн хэм хэмжээ нь гэмт хэргийн болон авлигын шинжтэй бол тус байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар харьяаллын дагуу холбогдох байгууллагад албан бичгээр шилжүүлэх гэнэ. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо гишүүний ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг иргэд хуулийн этгээдээс шууд хүлээн авахаас гадна УИХ-ын даргын нэр дээр ирүүлсэн энэ төрлийн өргөдөл, саналыг ч хариуцан шийдвэрлэх юм байна. Ингэхдээ гомдол, мэдээллийг байнгын хорооны дарга хүлээн авч, аль нэг гишүүнд хянуулахаар шилжүүлэх бөгөөд тухайн гишүүн шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллагаас баримт бичиг, тайлбар, бусад лавлагаа материал гаргуулж авах эрхтэй байх аж.
Түүнчлэн гишүүдийг хуралдаа цагтаа ирж, таслахгүй, хайнга хандахгүй, үзэл бодлоо илэрхийлж, үг хэлэхдээ албаны байр сууриас, ухаалаг, үндэслэлтэй ярьж, олон нийтэд худал, хийсвэр мэдээлэл өгөхгүй, нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн үйлдэл хийхгүй байх зэргээр нарийвчилсан заалт оруулжээ. Цаашлаад ажил үүргийн болон эрх мэдлийнхээ хүрээнд олж авсан мэдээллийг хууль бусаар ашиглахгүй байхтай холбоотой заалтууд тусгасан байна. Сонирхуулбал, гишүүн нь гэр бүлийн хэн нэгнийг бусад байгууллагын орон тоонд томилуулах, санал болгохыг хориглох нь. Саяхан л гэхэд нэр бүхий гишүүний хүүхэд төрийн албанд удирдах албан тушаалд томилогдсон нь нэлээд шүүмжлэл дагуулсны эцэст ажлаа өгсөн шүү дээ.
Гэхдээ УИХ-ын гишүүн бусдад бэлгийн дарамт үзүүлэх, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэхгүй байх талаар тусгаагүй байна. Учир нь өмнөх парламентын үед эл дүрмийг шинэчлэх талаар ярилцаж, төсөл боловсруулсан бөгөөд ийм заалт тусгах талаар ч хөндөгдөж байсан юм. Мэдээж хэн хэнээс болж ийм заалт оруулах талаар ярих болсон нь ойлгомжтой. Мөн түрүүчийн парламентын үед боловсруулсан төсөлд “Гишүүн болон түүний хамаарал бүхий этгээд нээлттэй сонгон шалгаруулалтаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд төрийн болон орон нутгийн хэрэгцээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан авагч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, тэндээс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн шууд болон шууд бусаар ашиг хүртэгч байж болохгүй” гэх заалт байсан нь алга болжээ. Тухайн үед ЖДҮХС-гаас ах дүү, хамаатан садандаа хэдэн зуун саяар нь зээл авч өгсөн гишүүдийн дуулиан ид өрнөж байсан билээ.
Сонирхолтой заалтуудаас дурдвал, Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй гишүүн нь УИХ-аас байгуулагдах хяналт, шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орох, түүнчлэн ийм ажлын хэсэг байгуулахаар санаачлах, санал оруулахыг хоригложээ. Мөн УИХ-ын даргын зөвшөөрөлгүйгээр Засгийн газар, түүний байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэний зардлаар гадаадад зорчиж болохгүйг төсөлд тодорхой заасан байна. Үүнээс гадна гишүүн гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байж дипломат ёсыг чанд баримтлах үүрэгтэйг хатуу анхааруулсан байх аж.
Цаашлаад сонгуулийн сурталчилгааны үеэр баримтлах ёс зүйн шаардлагыг тусгайлан зүйлчилжээ. Тодруулбал, “Гишүүн нь УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол холбогдох байгууллагад урьдчилан мэдүүлнэ. Энэ нь нэр дэвшигчийн хамаарал бүхий этгээдэд нэгэн адил хамаарна” гэх заалтыг ёс зүйн дүрэмд оруулж ирэх бололтой. “Оффшорын” гэх тодотголтой хуульд энэ талаарх нарийвчилсан зохицуулалт бий ч одоогийн дүрэмд үүнийг огт дурдаагүй явж ирсэн юм. Мөн гишүүн нь сонгуульд нэр дэвших тохиолдолд бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан олгосон ажлын байр, санхүүгийн эх үүсвэр, холбоо, мэдээлэл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, төрийн өмчийн бусад эд зүйлийг сонгуулийн сурталчилгааны ажилд ашиглахыг хориглох нь. Үнэндээ энэ бол хамгийн хяналтгүй байгаа зүйлсийн нэг.
Ийн дүрмээ шинэчилснээр УИХ-ын гишүүн нь ард түмний элчийн хувьд төр, олон нийтийн итгэлцлийг бий болгох, тэдний итгэлийг хүлээх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлэх хөшүүрэг болно гэж төсөл санаачлагчид нь үзэж байна. Үе үеийн гишүүдийн тэнэглэл, болчимгүй үйлдлүүдийн үр дүнд улам нарийвчилсан зохицуулалтай болох гэж байгааг нь ч буруутгах арга алга. Гэвч УИХ-ын гишүүний онцгой бүрэн эрх, халдашгүй байдлын нөгөө талд өндөр үүрэг, хариуцлага байдгийг дүрмийн шинэчлэл хэр ойлгуулах бол. Уг нь манай парламент гишүүдээ ёс зүйн дүрэмтэй болгох гэж 10, түүнийг батлан хэрэгжүүлэх гэж дахин 10 гаруй жилийн нүүр үзэж байгаа. Энэ хугацаанд гишүүдийн нэр хүнд сайжирсан уу, ёс зүйтэй байсан уу, хууль тогтоох байгууллагын нэр хүнд дээшилсэн үү, монголчуудын төрөө дээдлэх үзэл урьдынхаараа байгаа юу гэдгийг эргэцүүлэх л хэрэг.
Арав. УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх
10.7. Дараах тохиолдолд УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчлийн асуудлыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралд шууд оруулна:
10.7.1. УИХ-ын тухай хуулийн 8.1.25-д заасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон хугацаанд зохих журмын дагуу хоёр ба түүнээс дээш удаа үнэн зөв гаргаж өгөөгүй бол;
10.7.2. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18.1-т заасан хариуцлагыг хуралдаан даргалагчаас гурав ба түүнээс дээш удаа оногдуулсан бол;
10.7.3. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэгдсэн, байнгын, дэд, түр хорооны хурлыг гурав ба түүнээс дээш удаа тасалсан, хуралдааны (цахим) ирцэд бүртгүүлсэн дүнгээр хоцорсон буюу тасалсан цаг нь ажлын гурван өдрийн цагаас дээш гарсан бол.
УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төслөөс