Хуваагдсан АН тус тусдаа даргаа тодрууллаа. Тус намд өрнөж буй хоёр дарга, хоёр тамганы асуудал, Монголын улс төр дэх эргэлзээ тээнэгэлзээ, хэл ам дагуулсан үйл явдлууд бүгд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой, хэдхэн сарын дараа болох Төрийн тэргүүний суудлын төлөөх марафоноос чадвал АН-ыг хасах, эс чадаж гэмээнэ тамирдуулж байгаад нэр төдий оролцуулах зорилготой гэдэг нь тодорхой байгаа. Тиймээс АН-д тодроод буй хоёр даргын хувь заяа хэрхэн шийдэгдэх нь Ерөнхийлөгчийн сонгуульд тэд ямар байр суурь баримтлахаас ихээхэн шалтгаалах юм.
ЦААСАН САНАЛЫН ХУУДСААР ТОДОРСОН О.ЦОГТГЭРЭЛ
АН-ын буурийг сахиж, хамаг бичиг цаас, тамга тэмдгийг нь албан ёсоор хүлээж авсан ч Х.Баттулгын нөмөрт хоргодож, түүний дохиогоор ажиллаж ирсэн Ц.Тувааны талынхан өөрсдийгөө хууль ёсны үйл ажиллагаа явуулж буй гэдэгт итгэлтэй яваа. Тэд даргын сунгаагаа уламжлалт хэлбэрээр буюу цаасан саналын хуудастайгаар зохион байгуулсан. 2021 оны гуравдугаар сарын 26-ны УОК-ын шийдвэрээр “улаан бүс”-д орсон Архангай, Баянхонгор, Завхан, Булган, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Завхан, Увс, Хөвсгөл, Төв аймагт АН-ын даргын сонгуулийн санал хураалтыг гуравдугаар сарын 27-нд урьдчилж явуулсан бол үлдсэн аймаг, орон нутагт хуваарьт өдрөө товлосон хугацаандаа хийлээ.
Намын гишүүдийн бүртгэл, холбогдох мэдээллүүдийг эзэмшиж буй тэдний сонгогчдын жагсаалтад 154 174 хүн бичигдсэнээс 74 908 нь буюу 46.9 хувь нь саналаа өгсөн байна. Сунгаанд оролцсон дөрвөн нэр дэвшигчээс О.Цогтгэрэл 41 199 санал буюу 41 501 оноо авч, ялалт байгуулсан бол О.Амартүвшин 16 075 санал буюу 16 050 оноо, С.Эрдэнэболд 8928 санал буюу 10 198 оноо, Д.Пүрэвдаваа 6041 санал буюу 7334.1 оноо авчээ.
Олонхын санал авсан О.Цогтгэрэлийн тухайд, 1998 онд ТИС-ийн Компьютерын техник, менежментийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн, Удирдлагын академийн докторант, 1998-2011 онд ТЭСО ХХК-ийн захирал, 2012-2015 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2015-2017 онд Увс аймгийн АН-ын дарга, 2015-2020 онд ТЭСО корпорацын ерөнхийлөгч байсан, 2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй. Бизнесийн салбараас улс төрд орж ирсэн ч харьцангуй нэр цэвэр түүнийг Ц.Тувааны талын даргын сунгаанд өрсөлдөхөөр бүртгүүлсэн өдрөөс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэсэн шошго дагасан. Мөн Увсынх гэдгээр нь Н.Алтанхуягт хамаатуулах нь бий. Аль нь ч байлаа гэсэн тэр АН-ын даргаар жинхлэгдвэл өнөөхөндөө Ерөнхийлөгчийн хүслээс гадуур ажиллах нь юу л бол.
Сунгаанаас олонхын санал авсан түүнийг намын их хурлаар батламжлуулах, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх гэсэн хоёр том даваа хүлээж буй. Намын их хурал ч яах вэ, өөрсдийнхөө сонгосон хүнийг гишүүд нь батламжлах нь тодорхой. Харин Улсын дээр шүүх бүртгэх, эсэх нь туйлын эргэлзээтэй. Ц.Тувааны талын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “Бид Улсын дээд шүүхэд бүртгэлтэй үндсэн дүрмээр сунгаа явуулсан. Ямар нэг дүрмийн зөрчилгүй учраас О.Цогтгэрэлийг Улсын дээд шүүх бүртгэж, АН-ын дарга болоод явна. Харин нөгөө тал дүрмийн бус сунгаа явуулсан” хэмээн мэдэгдсэн. Тэдний хэлж буйгаар Улсын дээд шүүх О.Цогтгэрэлийг бүртгэж авч гэмээнэ АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг нэрлэх эрх түүнд ногдоно. Тэр нь хэн байх вэ гэдгээс Улсын дээд шүүхийн шийдвэр хамаарах болов уу. О.Цогтгэрэл намын дарга болбол Х.Баттулга, Н.Алтанхуяг нарт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж нэмэгдэнэ гэсэн таамаг бий.
НИЙТ ГИШҮҮНИЙХ НЬ 20 ХУВЬ ОРОЛЦСОН ЦАХИМ САНАЛ ХУРААЛТ БА ТЭНДЭЭС ТОДОРСОН М.ТУЛГАТ
С.Эрдэнийн талын АН даргын сунгааны санал хураалтаа цахимаар зохион байгуулав. Тэдний талд Л.Гүндалай, Ц.Оюунгэрэл, М.Тулгат, Ц.Уртнасан, Ч.Өнөрбаяр нарын таван хүн нэр дэвшиж, өрсөлдсөн. АН-ын үндсэн дүрэмд сунгааны санал хураалтыг цахимаар явуулах талаар үг, өгүүлбэр байхгүй тул энэ нь дүрмийн бус үйлдэл болно гэж Ц.Тувааны тал мэдэгдсэн ч С.Эрдэнийн тал “Covid-19”-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор ингэхээс өөр аргагүй” хэмээн зүтгэсээр санал хурааж, дүнгээ гаргалаа.
С.Эрдэнийн байгуулсан Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг “Намын гишүүдийн ирц, идэвх сайн байна. АН-ын 140 мянга гаруй гишүүнд мессежээр санал өгөх тусгай эрх бүхий код илгээсэн. Нөгөө талын нөхдүүд цахим санал хураалтыг Улсын дээд шүүх хүлээн зөвшөөрөхгүй гэх мэтийн зүйл ярьж, АН-ын гишүүдийн сонголтод нөлөөлөх оролдлого удаа дараа хийж байна. Цахим сонгууль болдгоороо болно. Эндээс тодорсон даргыг Улсын дээд шүүх бүртгэж авна. Та битгий эргэлзээрэй” хэмээн учирлаж байгаа сонсогдсон.
Үүнтэй зэрэгцээд намын гишүүнчлэлгүй, хэзээ ч АН-д элсэж байгаагүй хүмүүст даргын сунгаанд саналаа өгөхийг уриалсан тусгай кодтой мессеж очсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цөөн биш гарав. С.Эрдэнийн талд гишүүдийн бүртгэл, мэдээлэл байхгүй учраас сонгуульд санал өгөх хүмүүсийн жагсаалтыг гаргахдаа өөр бүртгэл ашигласан гэж эх сурвалжийн яриа үүгээр батлагдах шиг боллоо.
Иймэрхүү будилаантай хэдий ч С.Эрдэнийн талынхан цахим сунгаагаа явуулж, дүнгээ зарласан. Дотоод сонгуулийн хорооноос нь мэдээлснээр, тус намын даргын сунгааны цахим санал хураалтад нийт 30 077 хүн оролцож, нэр дэвшигч Л.Гүндалай 898.58, Ц.Уртнасан 1020.86, Ц.Оюунгэрэл 2067.21 оноо тус тус авч, М.Тулгат 2134.01 оноогоор ялалт байгуулсан байна.
М.Тулгат санал хураалтад авсан дүнгээ сонсоод “Ийм их итгэл өгсөн гишүүддээ талархахын сацуу үнэхээр их хариуцлага нуруун дээр ирлээ гэж бодож байна. Ардчилалдаа хайртай нийт монголчуудын итгэл, сэтгэл гэж харж байна. 30 жилийн түүхтэй залуу ардчилал алдаж, онож яваа. Хар нялхаасаа ардчиллыг хайрлаж өссөний хувьд алдаан дээр нь харамсах үе олон байлаа. “Даанч дээ, АН минь” гэсэн халаглалыг олон сонссон. Ардчилалд хайртай хүмүүс гадна нь байдагт харамсдаг байсан. Өнөөдөр манай нам маш хүнд байгаа. Намаа болон ардчиллаа хамгаалж ажиллах торгон мөчид үүрэг хүлээлээ гэж ойлгож байна” хэмээнэ билээ.
Майнбаярын Тулгат нийслэлийн ерөнхий боловсролын I сургууль төгсөөд, Киотогийн их сургуульд эдийн засгийн ухаанаар суралцаж, мөн сургуульдаа магистрын зэрэг хамгаалсан. 2005-2009 онд Японд “Софтбанк инк” компанид санхүүч, 2010-2013 онд “Бекфорс” ХХК-ийн захирал, 2013 оноос “Хишиг арвин” группийн ерөнхий менежер, дэд захирлын алба хашиж байгаад 2016 оноос нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон. Боловсрол мэдлэг, туулсан замналын хувьд өөлөх зүйлгүй, нэр цэвэр М.Тулгатыг чамбай төлөвшсөн үзэл бодолтой, өөрийн гэсэн үнэт зүйлтэй, АН-ын гайгүй залуусын нэг гэдэг. Түүнд итгэл хүлээлгэж, ихийг хүлээдэг хүн цөөнгүй байдгийн илрэл нь намын даргын сунгааны дүн байж таарна.
Хэрвээ Улсын дээд шүүх бүртгэж, албажуулбал түүнд ах нарынхаа бохир тоглоомоос ангид байж АН-ыг аврах асар их хариуцлага ногдоно. АН-д, ардчилалд элэгтэй мянга мянган гишүүн, дэмжигчийн хүсэж буй зүйл энэ. Харин М.Тулгат тийм байж чадах болов уу. Түүнийг удам судраас нь болоод МоАХ-той холбох хүмүүс мэр сэр бий. Авга ах нь “Хонх”-ын С.Цогтсайхан, аав нь Баянзүрх дүүргийн МоАХ-ны дарга С.Майнбаяр гээд харвал түүнийг МоАХ-ноос салгах аргагүй. Мөн түүнийг З.Энхболдтой халаас нэгтэй, үе дамжин бизнест хамтарч явааг хүмүүс мэднэ. Иймэрхүү хамаарал хэдийчинээ их байх тусам гишүүд, дэмжигчдийн хүсэн хүлээж буй удирдагч байх улам хэцүү болох юм. Гэхдээ хэн байх, хэн болохоо шийдэх боломж 100 хувь өөрийнх нь гарт бий. Түүнийг ирэх өдрүүд харуулах тул олныг нурших нь илүүц.
Түүнийг АН-ын даргаар бүртгэх, эсэх нь мөн л Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэмжихээс хамаарна. М.Тулгат намын дарга болбол З.Энхболд Төрийн тэргүүнд нэр дэвшихээр горилогчдын эгнээнд орж ирнэ. Мөн Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй байх талд М.Тулгат үйлчлэхгүй гэсэн таамаг байгаа. Ингээд харвал АН-ын даргын сунгаанд Х.Баттулга ялсан гэж хэлж болох юм.
Бэлтгэсэн: А.Амина