Парламент энэ хаврын чуулганаараа УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийг батлах гэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд төсвийн болон томилгооны эрхээсээ татгалзаж, хууль тогтоох, хэрэгжилтийг нь хянан шалгах үндсэн чиг үүрэг нь өргөжсөн учраас энэ хуулийг батлах гэж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцолсон. Ингэхдээ шүүх засаглал, эрүүдэн шүүлт, тэр тусмаа ял эдэлж буй иргэн Т.Чимгээд холбогдох хэрэг гэх мэт тодорхой асуудлыг цохон тэмдэглэж, буруу бүхнийг хазаарлан зогсоох парламентын хяналтыг хүчтэй болгох зорилготойгоор эл хуулийг батлах зайлшгүй шаардлага үүссэнийг тайлбарлаж буй билээ. Гэвч хууль тогтоох байгууллага нь Хянан шалгах хороо болчих вий. Гүйцэтгэх засаглалынханд хуулиар олгосон хяналт, шалгалтын чиг үүргийг нь хууль тогтоогчид булаацалдаж, үйл ажиллагаанд нь хэт хутгалдахгүй гэх баталгаа алга.
Ийнхүү болгоомжлох хэд хэдэн шалтгаан бий. Эдгээрийг энд дурдахаас урьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавивал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэж заасныг эшилье. УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ заалт бол хуулийн хэрэгжилтийг хянах, нийгэмд шуугиан тарьсан аливаа хэргүүдийг ил тод, нээлттэй хэлэлцэж, бодит байдлыг илчлэн тодруулах, шударга ёс тогтоох эрхэм зорилгыг хэрэгжүүлэх нэг чухал хөшүүрэг мөн” хэмээн тодорхойлсныг ч онцолъё. Уг нь 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө ч хууль тогтоогчид ийм түр хороо байгуулах эрхийг нь УИХ-ын тухай хуулиар баталгаажуулсан байв. Тухайлбал, өнгөрсөн парламентад нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан зээл авсан талаар судалж шалгах, хариуцлага тооцох түр хороо байгуулах төслийг гишүүн Н.Номтойбаяр гаргаж байсан ч олонх нь дэмжээгүй. Харин өдгөө үүнийг Үндсэн хуульд заасан тул тусгайлан хуульчлах гэж буй нь энэ.
2015 онд Нийтийн сонсголын тухай хуулийг УИХ батлахдаа мөрдөн шалгах чиглэлээр сонсгол зохион байгуулах, эсэхээ нэлээд нухацтай ярилцаж байгаад, эцэст нь хасаж орхисон юм. Тухайн үед шүүх засаглал, хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаанд УИХ хэт оролцож, хутгалдах вий гэсэн болгоомжлолыг гишүүд ч, олон нийтийн зүгээс ч хэлж байсан юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан “Дуулиантай, том хэргийг хууль хяналтын байгууллага анхаарч байгаа, эсэх талаар УИХ-ын 19 гишүүн санал дэвшүүлээд, цөөнхийн төлөөлөл оролцуулан Хянан шалгах түр хороо байгуулна. Дэлхийн олон оронд энэ зохицуулалт байдаг” хэмээн онцолж байсан ч тус түр хороо нь гэрч дуудах, шинжээч томилох, нотлох баримт цуглуулах, дүгнэлт гаргах зэрэг эрхтэй байхыг хасах санал илэрхийлж байсан аж. Тэгвэл УИХ-ын тухай хуульд Хянан шалгах түр хорооны талаар заахдаа эдгээрийг тусгаад буй бөгөөд УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуульд эдгээрийг нарийвчлан заана гэсэн үг. Улстөрчид, увайгүй нь олдсон парламентад гэрч дуудах, шинжээч томилох, нотлох баримт цуглуулах, дүгнэлт гаргах эрх олгох энэ хуулийг батлахдаа өнөөгийн УИХ-ын гишүүд хариуцлагатай хандана гэдэгт тэгтлээ итгэл төрөхгүй байгаагаа нуугаад яах вэ. Төрийн түшээгийн байтугай хувь хүн талаасаа төлөвшсөн гэж хэлэхэд хэцүү үйлдэл гаргадаг гишүүдтэй УИХ-д бүрэн итгэх арга алга. Тэд хууль тогтоох байгууллагын нэрээр хүссэнээ яллаж, бас гэмээс мултлахгүй байж чадах уу. Энэ нь Шүүхийн тухай хуулийн шинэчлэлээ үгүй хийх вий гэсэн болгоомжлол ч эндээс төрж байна.
Одоогоор иргэн Т.Чимгээд холбогдох хэргийн хүний эрхийн зөрчлийн талаар төрийн эрх барих дээд байгууллагаас хянан шалгах түр хороо байгуулж ажиллах ёстойг УИХ-ын дарга хэлчихсэн. Үүнтэй холбоотойгоор нийтийн сонсгол явуулах санаачилга гаргаж буйгаа Г.Амартүвшин, Ц.Мөнхцэцэг нарын гишүүн мэдэгдэж, тэднийг дэмжиж хэд хэдэн хүн гарын үсэг зураад байна. Эл төслийг 19 гишүүн дэмжихэд л нийтийн сонсгол явуулах боломж бүрдэх юм. Мөн Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг 92 дугаар тогтоолын зүйл, заалт бүрээр дэд ажлын хэсэг байгуулаад буй. Түүнчлэн Ц.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан нарын гишүүнээр ахлуулсан, хүний эрхийг хамгаалах, хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын талаарх хууль, тогтоомжийн хяналт, шалгалтын ажлын хэсгийг байгуулсан. Цаашид энэ мэт хэдэн ажлын хэсэг, түр хороо байгуулж, нийтийн сонсгол хийхийг хэлж мэдэхгүй нь.
Хууль, УИХ-ын бусад шийдвэр баталж, биелэлтэд нь хяналт тавьж, шалгах нь манай парламентын онцгой бүрэн эрх. Тиймээс ч хянаж, шалгах эрхийг нь хууль тогтоогчидтой хэн ч булаацалддаггүй. Тэгэх ч эрхгүй. Гэвч энэ удаагийн парламентад ч бус, сүүлийн үед манай гишүүд, хянаж, шалгах эрхээ хэрэгжүүлэх гэж шунан, хөөрцөглөх дүр зураг илүүтэй ажиглагдаж эхлэв. Тэр ч бүү хэл УИХ-ын хяналтын бүрэн эрхтэй холбоотойгоор хууль тогтоогчид Засгийн газрын албан тушаалтан, төрийн албан хаагчтай шууд харилцаж, бодлоо тулган, үйл ажиллагаанд нь хэт хутгалдах явдал парламентын хуралдааны үеэр ажиглагдах болсон. Цаашлаад төрийн хяналтын байгууллагаас ямар чиглэлээр шалгалт, аудит хийх талаар жил бүр УИХ-аар хэлэлцэх үед ч гишүүд өөрт нь таалагдаагүй үйл ажиллагаа явуулсан байгууллага, албан тушаалтныг хамруулах санал гаргаж байсан удаа бий. Үнэндээ Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг 2016-2020 оны парламентад ч байгуулан ажиллуулж байсан юм. Өмнөх парламентын үед ч ажлын хэсэг гарган, “Дубайн” гэх тодотголтой гэрээг шалгасан түүхтэй.
Мөн төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн талаар гаргасан Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны Удирдах зөвлөлийн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд танилцуулах ажлын хэсэг ч байлаа. Уг хэргийг шийдвэрлэсэн байдалд эргэлзэж буйгаа ОУПХ шуудхан илэрхийлсэн байдаг бөгөөд тус ажлын хэсгийг гишүүн Х.Нямбаатар (Хууль зүй, дотоод хэргийн сайд) ахлан ажилласан. Ажлын хэсгээр тогтохгүй, Ж.Батзандан даргатай түр хороо хүртэл байгуулж, ял эдэлж буй Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн, эсэхтэй холбоотой асуудлаар нийтийн сонсгол хийнэ гэж өнгөрсөн хавар, сонгуулийн үеэр нэлээд “шоудсан”. Тус ажлын хэсгийн гишүүд удаа дараа мэдээлэл хийж, нийтийн сонсгол хийхээ мэдэгдэж байсан ч хийлгүй, нам жим болсон билээ.
Тухайлбал, УИХ-ын дарга, байнгын болон дэд, түр хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн хэрэгжилт, тэр дундаа төр, нийтийн ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзсэн аливаа асуудлыг шалгахын тулд ажлын хэсэг байгуулах нь түшээдээс хэрхэвч салгаж болохгүй эрх. Гэсэн хэдий ч үүнээс өөрөөр хянаж, шалгаж болдог. Үүнийгээ ч орхигдуулалгүй, сайн ашиглаж байгааг зарим статистик мэдээллээс харж болохуйц юм билээ. Тодруулбал, парламент асуулга, асуулт, Ерөнхий сайдын мэдээлэл сонсох гэсэн хэлбэрээр хяналт, шалгалтын бүрэн эрхээ хэрэгжүүлж болохоор хуульчилсан байдаг.