Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хамгийн гол хэсэг болох ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн зээлийг олгож эхэлсэн гэж Сангийн сайд мягмар гарагт мэдэгдсэн. Цар тахлын улмаас хоёр жил хөл хоригдож хүнд байдалд орсон, цаашдаа үйл ажиллагаагаа хэрхэн үргэлжлүүлэх, яаж тэсэж үлдэх талаар толгойгоо гашилгаж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд сайхан мэдээ байсан нь дамжиггүй.
Цар тахал эдийн засаг, бизнесийн салбарт хэрхэн нөлөөлж буй талаар төр, засаг болон баялаг бүтээгчид хоорондоо багагүй зөрүүтэй хэдий ч аль аль нь сэтгэл түгшээх мэдээлэл өгч байгаа. Тухайлбал, Засгийн газар “Өнгөрсөн жил 69 мянган ажлын байр үгүй болсон бөгөөд ямар нэг арга хэмжээ авахгүй бол энэ онд 130 мянган хүн ажилгүй болно” гэж буй. Харин бизнесийнхэн “2020 онд 70 гаруй мянган хүн ажилгүй болсон. Энэ онд 200 мянган хүн тэдний эгнээнд шилжинэ. Өнгөрсөн оны эцсээр авсан судалгаагаар жижиг, дунд бизнес эрхэлдэг хоёр аж ахуйн нэгж тутмын нэг нь дампуурсан, нөгөөх нь ганц л сар үйл ажиллагаа явуулах боломжтой гэдгээ хэлсэн” гэж байна.
…Зээл авахын тулд зээл авах ямар ч шаардлагагүй хөрөнгө, санхүүгийн боломжтой гэдгээ батлан харуулах ёстой гэсэн ёжлол эрхгүй санаанд орж байгаа биз. Бодлого боловсруулсан Сангийн сайд болон зээл олгох ажлыг гардан хариуцах арилжааны банкны ажилтнуудын ярьж хэлж буй нь өчигдрийн байдлаар ийм тэнгэр, газар шиг зөрүүтэй байна…
Хоёр жил дамнасан цар тахлын улмаас улс орны эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал туйлын хүндэрсэн. Ялангуяа бүрэн бэхжиж, тамир суугаагүй, урд хормойгоороо хойдхоо нөхөж явдаг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид энэ цохилтыг тэсэхгүй ташраараа унах нөхцөл үүсээд байгаа. Тэдний 75 хувь нь ямар нэгэн зээлтэй. Зарим нь банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбард, хувь хүнээс давхар давхар зээл авч, үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Цар тахлын үед зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан тулдаа тэдгээр аж ахуйн нэгж одоохондоо дуу дуугаа авалцан дампуурлаа зарлахгүй байгаа. Долдугаар сарын 1-нээс зээлүүдээ төлөөд эхлэхээр нөхцөл байдал жинхэнэ утгаараа хүндэрнэ гэж тооцсон.
Тийм ч учраас Монголбанк, Сангийн яам, Зээлийн батлан даалтын сангийнхан хамтран хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөр хэрэгжүүлж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд ажлын байраа хадгалахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлж, өмнөх өндөр хүүтэй зээлийг нь бага хүүтэйгээр дахин санхүүжүүлэх бодлого хэрэгжүүлж буй аж. Энэ хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд 500 сая, иргэнд 50 сая төгрөг хүртэлх зээл олгох бөгөөд барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн үндсэн зээлийн 60 хүртэл хувийг Зээлийн батлан даалтын сан хариуцна гэж байгаа.
Үүнээс ч илүү чихэнд чимэгтэй нь “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, бичил, өрхийн бизнес эрхэлж, орлого олдог, ажлын байр бий болгож, цалин олгодог иргэн хэн боловч уг зээлд хамрагдах үүд хаалга нээлттэй, давахын аргагүй шалгуур тавихгүй” гэж Сангийн сайд мэдэгдсэн. Тэрбээр уржигдар хийсэн мэдээллийнхээ үеэр “Энэ зээлээр дамжуулж эдийн засгаа идэвхжүүлэхийг зорьж байна. Зээл авахад татварын өр төлбөргүй байх шаардлага тавьсан гэх мэтийн зөрүүтэй ойлголт байгаа. Төрөөс аж ахуйн нэгжүүдэд НӨАТ төлөгч байх гэсэн ганц л шаардлага тавина. Хэрвээ НӨАТ төлөгч болж амжаагүй бол одоо бүртгүүлээд, дараа нь зээлийн хүсэлтээ өгч болно. Харин иргэд НӨАТ төлөгч байх шаардлагагүй. Ганц, хоёр хүн ч хамаагүй цалинжуулж, ажил олгодог, жижиг бизнес эрхэлдэг л бол энэ зээлд хамрагдах боломжтой” хэмээсэн.
Засгийн газрын боловсруулсан хөтөлбөрийг дэмжиж буй учраас хамтран ажиллаж байгаа гэдгээ Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн. Уг хуралд оролцсон банкны удирдлагууд ч хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бүхнээ зориулахад бэлэн байгаагаа илэрхийлж, “Барьцаа хөрөнгө ч нэхэхгүй, нэмэлт шаардлага тавихгүй” гэцгээж байна билээ. Албан тушаалтнуудын бэлэн яриа, хэвлэлийн хурлын мэдээг сонсоход бор зүрхээрээ зүтгэж буй хэн бүхэнд үр ашгаа өгөхүйц, цагаа олсон амин чухал хөтөлбөр хэрэгжүүлээд эхэлж гэсэн сэтгэгдэл төрөхөөр байгаа.
Гэвч бодит байдал дээр ямар байна вэ гэдгийг сонирхлоо. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд Засгийн газартай хамтран ажиллаж, ажлын байрыг дэмжих жилийн гурван хувийн хүүтэй зээл олгох бэлтгэлээ базаан, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, өргөдлийг хүлээж авч эхэлснээ зарласан хэд хэдэн арилжааны банкны цахим хуудас руу “шагайв”. “2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө байгуулагдсан, нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өргүй, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-ын тайлангаа бүрэн мэдээлсэн, зээл хүсэгч болон түүний хамаарал бүхий этгээд чанаргүй зээлийн үлдэгдэлгүй, 2020 онд үйл ажиллагаа тогтмол явуулсан, аль нэг улиралд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын “үйл ажиллагаа явуулаагүй” гэсэн тайлан мэдүүлээгүй гэх мэтийн нийтлэг шалгуурыг банкууд зээл хүсэгчдэд тавьсан байна. Мөн бизнесийн онцлогоос хамаарсан болон банкнаас тавих бусад шаардлагыг хангасан байх гэсэн заалт харагдана. Нэг, хоёр банк руу утас цохиж лавлахад “Сүүлийн жилийн санхүүгийн тайланг харна. Татвар, шимтгэлийн өргүй байх ёстой. Орлого буурсан бол зээл олгохгүй байх чиглэл өгсөн” гэсэн хариу сонсов.
Зээл авахын тулд зээл авах ямар ч шаардлагагүй хөрөнгө, санхүүгийн боломжтой гэдгээ батлан харуулах ёстой гэсэн ёжлол эрхгүй санаанд орж байгаа биз. Бодлого боловсруулсан Сангийн сайд болон зээл олгох ажлыг гардан хариуцах арилжааны банкны ажилтнуудын ярьж буй нь өчигдрийн байдлаар ийм тэнгэр, газар шиг зөрүүтэй байна. Магадгүй заавар, зөвлөмж нь нэгдсэн байдлаар анхан шатандаа очоогүй, бүрэн дүүрэн ойлголцож амжаагүй байж мэдэх юм.
Засгийн газар зээлийн 60 хувьд баталгаа гаргаж буй ч арилжааны банкууд тодорхой хэмжээний эрсдэл үүрнэ гэдэг утгаараа зохих шаардлагаа тавих нь буруу биш. Гэхдээ хэт өндөр шаардлага тавих нь хөнгөлөлттэй зээлийг зорилтот хэсэгт бус, аминд тулсан дэмжлэг хэрэггүй томоохон аж ахуйн нэгжүүд, танил тал, хамаатан садных халаас руу хийх нөхцөл бүрдүүлэх вий гэсэн болгоомжлол бий.
Жилийн гурван хувийн хүүтэй зээл гэдэг нь хэний ч “шуналыг” хөдөлгөх алтан боломж. Төрийн онцгой хөнгөлөлттэй, гуравхан хувийн хүүтэй зээлийг авахыг хүсэхгүй аж ахуйн нэгж, хүн үгүй. Том, жижиг, санхүүжилт хэрэгтэй, хэрэггүй хэн бүхэн үүнийг авахаар сонирхож буй нь зээл олгож эхлээгүй байхад хэдэн арван мянган иргэн, аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлснээс харагдана. Барьцаа хөрөнгө, санхүүгийн тайлан, орлого, зарлагын гүйлгээ сайтай, банкныхны “хайрыг татдаг” том харилцагчид үүнээс хамгийн эхэнд хүртэх нь банкуудын тавьсан шаардлагаас тодорхой харагдаж байна.
Үүнээс гадна эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглагчдын урт хуруунаас үүнийг яаж хол байлгах вэ, яг санхүүжилт хэрэгтэй зорилтот бүлэгт нь ахиухан хүргэчих арга байна уу гэдэгт эхнээс нь анхаарал хандуулах нь зөв болов уу. ЖДҮХС-г улстөрчид хэрхэн самарч, яг ийм зориулалттай, хөнгөлөлттэй зээлийг тэрбум тэрбумаар нь аван, цааш дамжуулж хүүлсэн билээ. Тэр явдал энэ удаа бүү давтагдаасай. Засгийн газар эдийн засгаа аврахын тулд хэрэгжүүлж буй хамгийн том арга хэмжээ, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хамгийн ихээр хүсэн, хүлээж буй хөнгөлөлттэй зээл буруу замаар бүү орчихоосой. Албаны хүмүүс “Зориулалтын бусаар ашигласан тохиолдолд банкууд маш амархан илрүүлнэ. Мөнгөний урсгалыг хянах дэд бүтэц банкуудад нэг үеэ бодвол сайжирсан” гэж байгаа. Гэвч үүнд бүрэн итгэж болох уу.
Бас банкууд эрсдэлгүй байх талаа хэт харж, өөрт хал балгүй зүйл хийхийг зорин, хатуухан хэлэхэд биеийн амрыг хараад, үйл ажиллагаа нь доголдоогүй, орлого нь багасаагүй, найдвартай зээлдэгчдээ зээл олгохыг эрмэлзээд явчихвал Засгийн газрын тавьсан зорилго, хүссэн үр дүн гарахгүй. Засгийн газрын хувьд мөнгө хамгийн их дутагдсан хэсэг, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд “амь тариа” шахах, үүгээрээ дамжуулж эдийн засгийг идэвхжүүлэх бодлого баримталж байгаа. Бодлогоор гаргаж буй энэ зээлийг хүртээмжтэйгээр, яг хэрэгтэй нэгэнд нь хүргэхэд хянах, хэрэгжүүлэх байгууллагууд нь анхаарч, төр, засгийн зүгээс ч чиглэл, зөвлөмжөө илүү тодорхой хүргэвэл цаашдын ажилд нь тустай сан.
Бэлтгэсэн: А.Амина