Монгол Улсын Засгийн газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын оюутны спортын холбоо хамтран тив, дэлхийн оюутны тэмцээнд өрсөлдөх шилдэг оюутнуудыг сонгон шалгаруулах зорилгоор спортын V наадмын шигшээ тэмцээнийг өнөөдрөөс ирэх сарын 10 хүртэл зохион байгуулна. Тэмцээний нээлт өчигдөр Спортын төв ордонд болж, 40 орчим их, дээд сургуулийн 1500 гаруй шилдэг оюутан оролцов. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл доор зохиож буйгаараа онцлогтой. Нээлтийн үеэр дөрвөн их, дээд сургуулийн шилдэг оюутнууд төрийн далбаа мандуулж, тамирчид болон шүүгчдийн тангараг өргөх ёслол, соёл урлагийн тоглолт болов. Тухайлбал, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан оюутны спортын сүлд дууллыг зохион анх удаа тайзан дээр эгшиглүүлсэн юм. Энэ жилээс дэлхийн оюутны универсиад наадмын жишгээр хоёр жилд нэг удаа зохиох болсон наадмын бэлгэдлээр мазаалай баавгайг сонгосон аж. Эхний гурван байр эзэлсэн тамирчдад медаль, мазаалайн чихмэл тоглоом гардуулна. БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр “94 их сургуулийн 4000 гаруй оюутан 10 төрлөөр оролцохоор бүртгүүлсэн. Засгийн газраас 280 орчим сая төгрөгийг тэмцээний үйл ажиллагаанд зарцуулж байна” гэв. Шалгарсан оюутнууд ирэх жилийн наймдугаар сард БНХАУ-д болох оюутны их наадамд улсаа төлөөлж оролцох эрх авах юм.
Бэлтгэсэн: У.Түвшинбаяр