Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах гэрэл зургийн сан бүрдүүлэх нь. Үүний хүрээнд “1000 гэрэл зураг, 1000 уран бүтээл” уралдаан зарлаж, шилдэг бүтээлүүдийг шалгаруулахаар болсныг Монголын гэрэл зурагчдын холбооноос мэдээлэв. Уран бүтээлчид монголчуудын эх хэл, ардын зан заншил, сэтгэлгээ, байгаль орчин зэрэг биет болон биет бус соёлын өвийн тухай өгүүлэх гэрэл зургаар өрсөлдөх гэнэ. Түүнчлэн дээрх сэдвийн хүрээнд мэргэжлийн камераар дарсан бүтээлээрээ мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчид оролцож болох аж.
Сэдвийн агуулгад тохирсон гэрэл зургийн бүтээлийг мэргэжлийн зөвлөл хүлээн авч, бүтээлийн эрхийг худалдан авахтай холбоотой харилцааг уран бүтээлчтэй зөвшилцөх аж. Тухайн гэрэл зургуудаар нэгдсэн сан үүсгэж, ашгийн бус зорилгоор Монголыг олон улсад сурталчлахад чиглэсэн үйл ажиллагаанд хэрэглэх гэнэ. Иймд бүтээлээ илгээхдээ нэр, тайлбар болон өөрийнхөө мэдээллийг тодорхой бичих ёстой. Оролцогч таваас дээш тооны бүтээлээр өрсөлдөх бол гэрэл зураг бүр өөр өөрийн өнгө аясыг илэрхийлэхүйц байх гэсэн шаардлага тавьж буй юм байна. Бүтээлүүдийг энэ сарын 25 хүртэл 1000photography2024@gmail.com хаягаар хүлээн авах нь.
А.ҮҮЛ