Манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар, цаашлаад салбарын сайд, бүр аймгуудын Засаг “ноёд” хүртэл ард түмэн, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг олон жилийн турш ивээлдээ багтааж, өмчиллөө. Одоо болих юм биш үү. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засаг дарга нарын ивээл дор зохион байгуулдаг аливаа арга хэмжээ, хурал цуглааныг бүрмөсөн зогсоохыг иргэд шаардаж байна. Та бүхний энэ их хайр ивээлийг нийтээр хангалттай хүртэж ханалаа гэнэ. Шинэ зууны иргэд, тэр дундаа залуус төр засгийнхны социализм “ханхлуулсан”, ивээл нэртэй арга хэмжээнүүдээс үнэндээ залхаж, ойлгох ч үгүй байна шүү дээ.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын ивээл гэж яг юу юм бэ. Тэд яахаараа төрийн аливаа арга хэмжээ, томоохон хурал, чуулган, форумыг ингэж өмчилдөг вэ. Нэрээ ашиглуулсан гээд тухайн арга хэмжээний төсвөөс мөнгө авдаг юм уу, эсвэл өөрсдөө санхүүжүүлдэг үү. Өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан дотоодын болон гадаадын томоохон фестивал, хурал, чуулган, тэмцээнүүдийг төрийн өндөр албан тушаалтнууд хэрхэн ивээлдээ багтаасан байдаг юм бол. Өмчилж хийсэн арга хэмжээнүүдэд нь хяналт тавьдаг тогтолцоо бий юү гэх мэтчилэн асуулт хөврөх. Даанч хариулт алга. Төсвийн мөнгөөр зохион байгуулахаар төлөвлөсөн арга хэмжээнүүдийг сайд, дарга нар ивээлдээ багтаах нэрийдлээр нэр “наахад” дэндүү амархан, ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй.
Нэг талаас зохион байгуулагчид төсөл, арга хэмжээнийхээ нэр хүндийг өргөхийн тулд, олон хүнийг хамруулах зорилгоор Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын ивээлд багтаахыг хичээдэг аж. Мэдээж эздээс нь зөвшөөрөл авах бөгөөд “Таны ивээлд зохион байгуулж буй тул хурлын нээлтэд үг хэлээч. Ирэх боломжгүй бол цаасаар, цахимаар мэндчилгээ дэвшүүлээч” хэмээгээд л асуудлыг шийдчихдэг гэх. Бараг өөрсдөө сайд, дарга нарын хэлэх үгийг нь бэлдэж өгөөд, зөвлөхүүдээр нь хянуулсан болоод, арга хэмжээндээ уншчихдаг гэж байгаа. Нөгөө талаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засаг дарга нар өөрсдийн санаачилсан аливаа арга хэмжээ, хурал чуулганыг ивээлдээ багтаан нэрлэх хачин дуртай гэнэ. Энэ тохиолдолд эрх бүхий хүмүүс тэрхүү арга хэмжээндээ заавал үг хэлдэг жишиг бий. Тодруулбал, тухайн арга хэмжээнд олон зуун хүн цугласан байх тусмаа улс төрчид олноор “морилж”, олон нийтэд өөрсдийгөө сурталчлан, оноо авах талбараа ийнхүү бэлддэг гэсэн үг. Оролцогчдод гарын бэлэг гэх мэтийг өгсөн болоод тэр олон хүнийг “ивээлдээ багтаачихлаа” гэж боддог байна.
Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, дарга нарын ивээл дор зохион байгуулсан зарим онцлох арга хэмжээнүүдээс дурдъя л даа. Одоогоос 24 жилийн өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор “Оюуны чадамж, хөгжлийн түлхүүр” үндэсний технологийн форумыг зохион байгуулж байв. Тэгвэл 2011 оны арваннэгдүгээр сарын 18-нд Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор зохион байгуулсан нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Бид сүхбаатарчууд” урлаг, спортын наадмын шилдгүүдийг тодруулжээ. 2017 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээлд Эрхтэн шилжүүлэн суулгалтын II их хурал, 2018 оны нэгдүгээр сард “Тогтвортой хөгжил, ерөнхий боловсрол” улсын II, 2019 онд мөн түүний ивээлд Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын нэгдсэн зөвлөгөөн, Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлыг ч тус тус зохион байгуулжээ.
2020 онд Эрүүл мэндийн сайдын ивээл дор “Хавдаргүй үрс” үндэсний зөвлөгөөнийг цахимаар хийсэн. Түүнчлэн 2022 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” дээд хэмжээний чуулган болсон. 2018 онд Монгол, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын ивээлд “Монгол-Оросын санаачилга-2018” хамтын ажиллагааны цуврал арга хэмжээ, 2020 онд Бүгд Найрамдах Польш Улсад манай улсаас суугаа Элчин сайдын ивээл дор “Монголын фестивал” арга хэмжээг зохион байгуулав. Сайд, дарга нарын “өвчин” ийн гадаад руу хальж эхлэх нь тэр.
Саяхан буюу өнгөрсөн наймдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар, түүний ивээл дор Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулсан билээ. Энэ үеэр тэрбээр “Аливаа улс үндэстний эв найрамдал, хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүд онцгой байр суурьтай. Үүний адил хүн төрөлхтний аюулгүй байдал, хөгжил дэвшилд эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо асар чухал” гэдгийг онцлов. Тэгвэл өнгөрсөн оны тавдугаар сард түүний ивээл дор бас Азийн физикийн олимпиадыг зохион байгуулах үндэсний хорооны анхдугаар хурал болж, 30 гаруй орны 240 сурагч, 60 багш оролцохоор тогтож байлаа. Тухайн онд Ерөнхийлөгч Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг, “Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023”-ыг, түүнээс ч өмнө “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг ивээлдээ авч, зохион байгуулжээ. Энэ үеэр Холливудын 16 алдартан Монголд ирсэн билээ. Манай Ерөнхийлөгчийн ивээл дорх арга хэмжээ ингээд дуусахгүй.
УИХ-ын дарга асан Г.Занданшатарын олон жилийн турш нэрийн хуудас нь байсаар ирсэн Үндэсний номын баярыг энэ жилээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмчилчихсөн. Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасны дагуу уг баярыг орон даяар өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг.
УИХ-ын дарга асан Г.Занданшатарын ивээлд мөн л олон жил зохион байгуулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн ч дараагийн хүний нэр лүү шилжжээ. УИХ-ын даргын ивээл дор, шинэ үндсэн хууль баталсны ойн хүрээнд тус тэмцээнийг 2012 оноос үндэсний хэмжээнд тогтмол зохион байгуулсаар ирсэн юм байна.
Энэ мэтчилэн татвар төлөгчдийн мөнгөөр зохион байгуулсан эдгээр арга хэмжээний зарцуулалт олон нийтэд ил тод байх ёстой. Гэвч заримыг нь шилэн дансанд байршуулдаггүй аж. Ирэх оны төсөв хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж “Сайд, дарга нарын нэг удаагийн хурал, чуулган зохион байгуулах зардал нь 300, 400 сая төгрөгөөр тогтохгүй байна” гэж шүүмжилсэн. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээлд зохион байгуулсан Монголын багш нарын VIII их хурлыг 259 сая 800 мянган төгрөгөөр зохион байгуулжээ. Боловсролын ерөнхий газраас гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулсан юм билээ. Ивээл нэртэй ч бай, үгүй ч иймэрхүү үр дүн нь ч тодорхойгүй, болсон болоогүй нэг л хурлын зардал тэрбумд хүрэх нь энүүхэнд аж. Хурал чуулганы зөвхөн ганцхан өдрийн багц хоол, оройн хүлээн авалтад төсвийн мөнгийг ийнхүү 200, 300 саяар нь салхинд хийсгэдэг байна.
Өнгөрсөн сард болсон Эмч нарын VII чуулганыг ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ивээлдээ багтааж. Мөн онд Төв аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын ивээлд тэмдэглэсэн бол Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаярын ивээл дор хоол боловсруулах замын дурангийн эмч, сувилагч нарыг ажлын байранд чадавхжуулах сургалт зохион байгуулсан аж. Аймгийн Засаг даргын ивээл дэх “Бага олимп” л гэнэ, ахмадын урлагийн наадам, ардын дууны уралдаан, сурагчдын олимпиад, бүр цаашлаад “Адуучин” тэмцээнийг хүртэл өмчилдөг болжээ. Төрийн тэргүүнээсээ эхлээд ивээх “өвчин” тусчихсан байхад УИХ-ын гишүүд, Элчин сайд, Засаг дарга нар нь ч дүүрч гээд орхиж болохгүй байх. Ивээл нэрийн дор зохион байгуулдаг арга хэмжээг цэгцэлж, журамлахгүй бол утгаа алдах нь.