Увсын Зүүнговь сумд амьдардаг иргэдээс боом өвчний шинж тэмдэг илэрсэн тухай мэдээлэл аймгийн Зоонозын өвчин судлалын төвд энэ сарын 5-нд иржээ. Дуудлагын дагуу тус төвийнхөн ажиллаж, тухайн иргэдийг боомоор өвдсөнийг энэ сарын 7-нд лабораторийн шинжилгээгээр тогтоосон байна. Тэдгээр иргэн нь үхсэн үхрээ өвчиж, хүнсэндээ хэрэглэсэн гэнэ.
Өдгөө тэднийг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлан, эмчилж буй аж. Түүнчлэн тандалт судалгааг өргөжүүлэн, халдвар дамжих замыг тогтоож, голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна. Мөн тус сумд энэ сарын 5-наас эхлэн хөл хорио тогтоосон гэнэ. Боом өвчин гарсан Зүүнговь сумын Тохой багийн айл өрхийн малд өчигдрөөс вакцин хийж эхэлжээ. Вакцин хийснээс хойш 21-30 хоногт тухайн малын махыг хүнсэнд хэрэглэж болохгүй аж.
Боомоор өвчилсөн үед халуурах, дотор муухайрах, гар нүүр, биеийн ил хэсэгт гүвдрүү гарч, цэврүүтэн хагарах, өвчин эмзэглэлгүй хар тав үүсэх зэрэг шинж тэмдэг илэрдэг юм байна. Уг өвчин гэрийн тэжээвэр, зэрлэг амьтдаас болон хөрснөөс хүн, малд халдварладаг аж. Боомын нян нь хөрсөнд хэдэн арван жилийн хугацаанд ч хадгалагддаг.
Тиймээс шалтгаан нь тодорхойгүй үхсэн малын арьсыг өвчихгүй, махыг нь ашиглахгүй, хашаа, хороо, өтөг бууцанд нь ойртохгүй байхыг ЗӨСҮТ-өөс анхаарууллаа. Увс аймаг нь боом өвчний өндөр идэвхтэй бүсэд хамаардаг. 2022 онд тус аймгийн Өндөрхангай сумд цочмог халдварт боомоор нэг иргэн өвдөж байжээ. Улсын хэмжээнд хамгийн сүүлд эл өвчний тохиолдол өнгөрсөн оны наймдугаар сард Төв аймгийн Мөнгөнморьт сумд гарсан юм.