Ирэх оны улсын төсөвт хэт үрэлгэн зардлуудыг тусгасантай холбоотойгоор “Цогц хөгжлийн үндэсний төв” иргэний нийгмийн байгууллагаас нийтийн цахим өргөдөл гаргаад буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайлбал, тус байгууллагынхан www. uih.mn цахим хуудсандаа нийтийн өргөдөл гаргаж, иргэдийн гарын үсгийг цуглуулсан юм. Өчигдрийн байдлаар 8000 гаруй хүн өргөдлийг дэмжиж, гарын үсэг зурсан тул 2025 оны төсвийн тухай хуульд хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн талаараа “Цогц хөгжлийн үндэсний төв”-өөс мэдээлэв. Тус байгууллагын гүйцэтгэх захирал М.Энхбадрал “Төсөв бол хэдхэн хоног шуугиад өнгөрөх асуудал биш.
Үрэлгэн зардал бүрийн ард хөгжлийн алдагдсан боломж байгааг мартаж болохгүй. Бид тууштай байж, асуудлыг эцэслэж чаддаггүйгээсээ болж нийгмээрээ доромжлуулаад сууж байгаа нь үнэн. Тиймээс бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны улсын төсвийн тухай хуульд бүрэн, эсхүл хэсэгчлэн хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүллээ. Төсвийн тухай хуулийг баталж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлснээс хойш ажлын тав хоногт багтаан хориг тавих боломжтой. Бүх ард түмнээс сонгогдсоны хувьд 2025 оны төсвийн тухай хуульд хориг тавихыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уриалж байна” гэв.