- Тодотголын тогтоолоо дагалдуулж төсвийн хууль баталсан түүх яг арван жилийн дараа давтагдав -
Улс төрийн таван нам, эвслийн 126 гишүүнээс бүрдсэн парламент анхны төсвөө баталлаа. Үнэндээ маш гашуун, нясуун төсөв болсон. Одоо зөвхөн Ерөнхийлөгчөөс хориг тавихыг хүлээж байна. Энэ долоо хоногт хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн Эцсийн найруулгыг хийнэ. УИХ -ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Өмнөх парламентуудын үед ч ийм асуудал гарч байсан. Жишээ нь, 2013 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр төсв өө баталчхаад, тухайн үеийн УИХ-аас Засгийн газарт “2014 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор өрг өн мэдүүлээрэй” гэдэг чиглэлийг УИХ-ын тогтоолоор өгч байв. Мөн 2014 онд УИХ төсвөө батлахдаа “2015 оны төсвийн төсөлд тодотгол хийгээд оруулж ирэх” үүрэг өгсний дагуу тухайн жилийн арванхоёрдугаар сарын 30-нд өргөн мэдүүлж байсан тохиолдол бий. Товчхондоо, Засгийн газар төсвийн тодотголын төслийг боловсруулж, заасан хугацаанд нь УИХ-д өргөн мэдүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг дэгтэй” гэж тайлбарлав. Тухайн үеийг эргэн санаваас, улс орны эдийн засгийн хүндэрч, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасрахад хүрсэн байлаа. Иймд төсвийн орлогыг бодитойгоор тооцох, баталсан хэмжээг бууруулан, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулаад дахин тооцож төсөвт тусгах шаардлага үүссэн тул тэр үеийн Засгийн газар уг тодотголыг оруулж ирж баталсан. Тэгэхээр тодотгол нь төсвөө дагалдаж орж ирж буй нь анхны асуудал биш бөгөөд хууль зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй аж. Төсвийн тухай хуулийн эцсийн найруулгыг хийх үеэр энэ талаар эцэслэн хэлэлцэж, “хоригийн хоног” тоолж эхлэх нь. Сөрөг хүчнийхэн болон УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдийн шүүмжилж, улмаар Ерөнхий сайдад хаяглан төсвийн зардлаа танах тухай гарын үсэг цуглуулан эсэргүүцсэнийг олон нийт нэлээд дэмжиж буй. Гэвч тэдний саналаа гаргасан үйл явц нь цаг үеийн хувьд зөв хувилбар байсан, эсэх нь хуулийн заалтуудтай харьцуулбал хожимдсон шийдвэр буюу “популист” хандлага байсан гэж үзэх магадлалтай. Мөн УИХ-ын гишүүн О.Номинчимэг, А.Ганбаатар нарын асууж байсанчлан, төсвийн төслийн хэлэлцүүлгийг явуулсан байдал, үр дагаврын тухайд “Төсвийн төслийг УИХ-ын 11 байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо тус тус хэлэлцэж, олон нийтийн дунд танхимын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ d.parliament.mn цахим хуудаснаа бүрэн эхээр нь танилцуулсан. УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар чөлөөтэй асуулт тавих, байр сууриа илэрхийлэх, үг хэлэх эрх нь нээлттэй байсан” гэсэн хариултыг УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга өгч байна.
Түүнчлэн 2025 төсвийн тухай хуулийг батлах үеэр “хууль тайлбарласан” гэж үзэж буй УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нарын эсэргүүцэл олны анхаарлыг татаж эхэллээ. Энэ талаар УИХ-ын нарийн бичгийн дарга Б.Баасандорж “2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн нэгдсэн хуралдааны явцад УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13.2-т заасан “Хуралдаан даргалагч горимын саналаар нэг удаа санал хураалт явуулна...” гэснийг буруу хэрэгжүүлж буй талаар зарим гишүүн санал хэлж байсан тул хуралдаан даргалагч 13.2 дахь хэсгийн тухайн өгүүлбэрийг хэрхэн хэрэглэж байгааг гишүүдэд танилцуулсан. Өөрөөр хэлбэл, баталсан хуулийг УИХ-ын индрээс тайлбарлаагүй. Хуулийн төсөл дэх заалтыг уншиж дууссаны дараа тухайн хуулийн заалт дахь өгүүлбэрийн талаар нэмж тайлбарлаж өгсөн. Нэгдсэн хуралдааныг удирдаж байгаа тохиолдолд УИХ-ын дарга нь “хуралдаан даргалагч” болдог. УИХ-ын дэд дарга нар, байнгын болон дэд хорооны дарга нар ч хуралдаанаа удирдах үедээ “хуралдаан даргалагч” гэдэг статустай болдог. Өөрөөр хэлбэл, “хуралдаан даргалагч” УИХ-ын чуулганы хуралдаан дэгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан, хуралдааны бэлтгэл хангаж зохион байгуулах, хуралдааны дэгийн биелэлтэд хяналт тавих зэрэг нийтлэг 13 чиг үүргийг хэрэгжүүлдэг. Хуралдаан даргалагч хуралдааныг удирдахдаа дэгийн хуулийг удирдлага болгон хэрэглэдэг. Хууль хэрэглэх гэдэг нь тухайн хуулийн зүйл, заалтыг хуралдааныг зохион байгуулж удирдахдаа хэрхэн ашиглаж, хэрэгжүүлж байгааг илэрхийлдэг гэв. Тэгэхээр хуулийн төслийг хэлэлцэх үеэр аливаа нэг асуудлаар УИХ-ын гишүүн санал хураалт болгон дээр нэг удаа горимын санал хэлэх эрхтэй. Үүнийг тухайн нэг хуулийн төслийг хэлэлцэх үеэр нэг л удаа горимын санал хэлэх эрхтэй мэтээр ташаа ойлгож мэдээлсэн аж. Харин одоо хэт өндөр зардалтай, их хэмжээний алдагдалтай, төсвийн хуулийнхаа эцсийн найруулгыг энэ долоо хоногт эцэслэн батлах юм байна. Үүний дараа Ерөнхийлөгч хориг тавих, эсэхийг хүлээх бөгөөд хориг тавихгүй бол төсвийн тодотголыг оруулж ирж батлах аж.