Увс болон Дорнод аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр ч хүүхэд амиа хорложээ. Увс аймгийн Улаангом сумын нутагт 14 настай хүү өнгөрсөн ням гаргийн үдэш өөрийнхөө амийг егүүтгэсэн байна. Тэрбээр ээждээ загнуулаад уурлаж гэрээсээ гарсан бөгөөд Хөх эрэг гэдэг газраас тухайн шөнө цагдаагийнхан цогцсыг нь олсон аж.
Үүний өмнөх өглөө Дорнод аймгийн Хөлөнбуйр сумд гэрийнхээ хашаанд 16 настай хүү амиа хорлосон байжээ. Аймгийн төвийн сургуульд сурдаг, дотуур байранд амьдардаг хүү амралтын өдрүүдээр гэртээ ирээд байхдаа ийнхүү өөрийгөө егүүтгэсэн гэнэ. Түүнийг сэтгэлээр унасан байсан хэмээн ар гэрийнхэн нь цагдаагийнханд мэдүүлсэн аж.
Нэгхэн өдрийн зайтай хоёр хүү амиа егүүтгэсний шалтгаан нь бусдаас, аав, ээжээсээ хатуу үг сонсож сураагүйтэй холбоотой байж болох. Ийм байдалд хүрэхээс нь өмнө сургуулийн сэтгэл зүйч нар тухайн хүүхдүүдийг ажиглаж, ярилцаагүй, бэрхшээлийг даван туулах талаар зөвлөөгүйтэй ч холбоотой байх магадлалтай. Уг нь сургуулийн сэтгэл зүйч нар сурагч, түүний гэр бүл болон сургуулийн захиргаатай хамтран ажиллаж тулгарч буй зан үйлийн бэрхшээлийг тодруулж, сул талыг нь сайжруулах зэрэг ажил хийх үүрэгтэй, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж суугаа албан тушаалтан билээ.