Төрийн өмчит хуулийн этгээдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ЗГХЭГ-ын дарга, сайд Н.Учрал Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанд танилцуулжээ. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг түүнд үүрэг болгосон байна.
Ерөнхий сайдын 2024 оны 44 дүгээр захирамжаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг сайд Н.Учралаар ахлуулан байгуулсан.
Ажлын хэсэг төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаатай холбоотой, тухайлбал, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг хангах, компанийн засаглалыг төлөвшүүлэх чиглэлээр ажиллаж буй гэнэ. Мөн төрийн өмчит компани байгуулах үндэслэл, шалгуурыг тодорхой болгож, хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх орон зайг тэлэх бодлогын хүрээнд асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг тусгахаар төлөвлөжээ.
М.ОЧ