Боол худалдах гэгч эртний Египет, Ромд байгаад түүхийн хуудаснаа л үлдсэн, эсвэл “Салхинд туугдагсад” романд л өгүүлж байсан байх гэлтэй. Гэтэл технологи өндөр хөгжсөн, сансрын зуунд, хиймэл оюун ухаан, нанотехнологийн өнөөгийн нийгэмд боолын гэх хөдөлмөр байсаар, тэгээд бүр өргөн цар хүрээтэй гээч. Шалтгаан нь тун энгийн, зардал шаардахгүй ажиллах хүчээр ашиг орлого олох гэсэн хүсэл. Боолд цалин өгөхгүй, эмнэлгийн даатгал хэрэггүй, түүнд төсөв хуваарилах шаардлагагүй. Хамгийн хүнд гэж хэлж болохоор аж төрөх нөхцөлтэй, хамгийн энгийн хоол, хувцас хэрэглүүлнэ, тэр нь бас хамгийн хямд. Тэднийг хөлсөлж буй хүмүүст хууль, нэр төр, нинжин сэтгэл огт хамаагүй. Гол нь аль болох их л ашиг олох ёстой.
Боолын хөдөлмөр эрхэлж хохирч яваа хүмүүст туслах “Неволя” гэдэг хүний эрхийг хамгаалах байгууллага ОХУ-ын Дээд шүүхийн дэргэдэх шүүхийн департаментын 2023 оны тоо баримтаас эш татсанаас үзвэл, хууль бусаар эрх чөлөөгөө алдсан 199, хүн худалдсан 17 тохиолдол бүртгэгдсэн, боолын хөдөлмөр ашигласан удаа нэг ч байсангүй. 2010 оноос хойш боолын хөдөлмөр ашигласан гэж 57 хүн шүүхээр орсон ч 2019-2021 онд ганц ч удаа ял оноогоогүй байх юм. Гэтэл бодит байдалд олон арав, зуун тохиолдол байх аж. Сайн дураар хөөцөлдсөн хүмүүсийн олсон баримтаар бол сураггүй болсон хүмүүсийн 5-7 хувь нь боолын хөдөлмөр эрхэлдэг, Орост жил бүр 70-100 мянган хүн ийм ажил хийдэг байна. “Манай улсад бариад авмаар тодорхой баримт байхгүй, түүнийг хэн ч бүртгэдэггүй. Хамгийн төвөгтэй нь боолчлол айхавтар нууц далд байдаг учраас илрэх нь тун ховор. Бидэнд энэ асуудлаар хандаж байгаа хүмүүс далайд дуслын төдий” гэж “Альтернатива” хөдөлгөөний Арина Файрушина ярьж байна.
Боолыг ажил хөдөлмөр болон эр, эмийн харилцаанд ашиглаж байна. Мөн ХАА, хүлэмж, мал хариулах, газар тариаланд түлхүү ашиглана. Хөдөө нутгаас юм уу, өөр улсаас ажил хайж нийслэл, мужуудын төвд ирсэн хүмүүс юуны түрүүнд боол болдог байна. Тажикистан, Узбекистан болон бусад улсаас Орост жил бүр олон зуун мянган хүн ирж байна. Тэдний дийлэнх нь нууцаар орж ирдгээс иргэний үнэмлэхийг нь хурааж аваад, аливаа эрхгүй болгож орхино. Ихэнх тохиолдолд ингэлээ гээд тэд хууль сахиулагчид хандахаас эмээнэ. Узбекистаны иргэн, 1963 онд төрсөн Якупбай Саттаров 2024 оны хоёрдугаар сард Орост найзынхаа хүсэлтээр ирээд, хөдөлмөрийн боолчлолд өртжээ. Тэрбээр Волгоград мужийн Самофаловка гэдэг сууринд ирэхэд иргэний үнэмлэхийг нь хурааж аваад, зээл олгосон байна. Якупбай фермд ажиллаж, саравчинд амь зууж, нэг сар хагаст 6000 рубль авна. Фермийн эзэн Гасан өрөө төлсний чинь дараа бичиг баримтыг нь эргүүлж өгнө, цагдаад мэдэгдэнэ гэж айлгана. Саттаров долоон боолын хамт дөрөвдүгээр сард оргов. 2023 оны хоёрдугаар сарын эхээр Узбекистаны уугуул, 1988 онд төрсөн Саримсанова Зулайхо гэдэг эмэгтэй боол болжээ. Түүний танил нь хүлэмжид ажиллуулж, сард 300 ам.доллар өгч байхаар амлав. Саратов мужийн Зооветтехникум сууринд очсон даруйд түүний иргэний үнэмлэх, утас хоёрыг нь хурааж аваад, сонгино тарьдаг талбайд ажиллуулав. Зулайхогийн эрүүл мэнд сайнгүй, энэ нь фермийн харгалзагчдын анхаарлыг ер татсангүй, тэд түүнийг зодно. Зулайхо удалгүй эмнэлэгт хоёр долоо хоног хэвтээд, фермдээ ирсэн ч дахиад л эмнэлэг бараадав. Нэг өрөөнд хэвтэж байсан хүмүүс нь Узбекистан дахь төрөл садангууд руу нь утасдаж, тэд нь “Истикболли авлод” гэдэг байгууллагаас тусламж хүсэж, улмаар “Альтернатива” нийгэмлэгтэй холбогдсоноор, сайн дурынхан түүнийг эмнэлгээс гаргаж, цагдаад мэдэгдсэнээр хүчнийхэн иргэний үнэмлэхийг нь Зулайход өвч өгсөн байна.
Боол болж буй хоёр дахь категорийн хүмүүс нь орон гэргүй, архичин, хэрэг төвөгт холбогдсон этгээдүүд байх бөгөөд тэдний толгойг эргүүлж, эрхдээ оруулахад хялбар байдаг аж. Тэднийг татах гол зэвсэг нь согтууруулах ундаа. “Надтай хамт тэнд хоёр архичин байсан, тэд гэр оронгүй ч байсан байх, эзэн тэдэнд өдөр бүр бантан өгнө. Тэднийг хэн ч зодохгүй, нэг нь бүр өвөө, нөгөө нь дуу цөөтэй, надаас арай залуу. Түүний ухаан санаа нь хэвийн биш гэж өвөө хэлдэг. Өвөө өөрөө ч зүгээргүй, бүх юмыг дахин дахин асууна, юманд итгэхгүй, оргох босох талаар ер бодохгүй. Өвөөгийн ярьснаар оргох гэж оролдсон нэгнийг тэр дор нь буудаж орхисон гэнэ. Өвөөд хог шүүрдэх, машин угаах гэх мэт хамгийн хөнгөн ажил ногдоно. Бидэнтэй хамт муу оромжид хоноглохгүй, бодвол дэргэдийн нь хүн байсан биз” гэж 42 настай Алексей Чеботарев ярьжээ.
Гурав дахь нь хууртагдсан юм уу, хулгайлагдсан хүмүүс боол болно. Мөнгөний төлөө амиа тавьсан хүмүүс өөрийн аюулгүй байдал гэгчийг мартсан байдгаас арга мэхэнд амархан автана. Хакасийн 47 настай оршин суугч эр, эм хоёр хүнийг хууль бусаар хорьж, мөлжиж байсан талаар 2023 оны арванхоёрдугаар сард хэвлэлээр баахан шуугив даа. Энэ этгээд тэр хоёрыг фермдээ тогтмол цалинтай ажиллуулна гэж амлан иргэний үнэмлэхийг нь хурааж авчхаад, ер мөнгө өгөөгүйгээр барахгүй айлгаж, зоддог байжээ.
Интернетээс юм уу, төмөр замын буудал, авто зогсоол орчимд цаасан дээр бичээд наачихсан зарлалаас ажилд авах тухай мэдээлэл хүмүүс олж авдаг байна. Таньдаг хүмүүс ажлын зар дуулгах нь бий. Боол хайж буй хүн эхлээд олз болох хүн рүүгээ ойртож, ирээдүйн боолын итгэлийг хүлээнэ, хөдөлмөрийн таатай нөхцөл амлаж байснаа дараа нь хуурч, сүүлдээ айлган сүрдүүлж баримт бичгийг нь аваад ферм рүүгээ явуулчихна. 2019 оны долоодугаар сард Татарстаны Идрис Садыков гэгч мөрдөн байцаагч нарт хандахдаа нутгийн цагдаа нар түүнийг 20 хоног боолчилсон гэж хэлжээ. Түүний ярьснаас үзвэл таньдаг нөхрийндөө очоод байтал нь тэндхийн аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд дайрч орж ирээд гэрийн эзний хамт түүнийг баривчилсан аж. Гэрийн эзнийг дэлгүүр дээрэмдсэн хэрэгт сэжиглэжээ. Садыковыг Татарстаны дотоодыг хамгаалахын бүрэн эрхт төлөөлөгчийн эцгийн фермд үхэр маллагч болгов гэнэ. Хоол муутайн зэрэгцээ зодно, өглөөний 04.00 цагаас шөнийн 01.00 цаг хүртэл ажиллуулна. Садыковыг алга болсныг эгч нь мэдээд, сайн дураараа ажилласан гэсэн мэдүүлэг бичүүлж байж суллаж авсан байна. “Ийм фермүүд ихэнхдээ нутгийн Ростов муж, Краснодарын хязгаар, Адыгейд байдаг. Крым ч бас хамрагдах болсон. Энэ нь мал аж ахуй эрхлэх боломжтой цаг ууртай нутаг. Хэн ч боолын хөдөлмөр хийхэд хүрч болно. Манайд боловсролын янз бүрийн түвшинтэй хүмүүс элбэг. Тэднээс хөгжлийн бэрхшээлтэй, хүүхэд асрах газар өссөн, амьжиргаа муутай, шоронгоос суллагдсан, цагаач, тэтгэврийн, сэтгэхүйн өвчтэй, оюун ухааны хомсдолтой гэх мэт эмзэг бүлгийн хүмүүсийг тусад нь авч үзэж болно” гэж мөнөөх Арина Файрушина ярив.
Хүмүүсийг хулгайлж Халимагийн фермийн аж ахуйнуудад наймаалдаг жинхэнэ зохион байгуулалтай бүлэг Волоградад ажилладаг нь 2024 оны тавдугаар сард тодорхой болов. Наймаалагчид хотын гудамжаар хэсүүчлэн эрэлд гарч өөрсдийгөө цагдаагийн ажилтан гэж хүмүүсийг элдвээр хуурч мэхлээд, эсвэл хүчээр түлхэн машиндаа оруулж хулгайлж орхино. Волгоградад амьдардаг Виталий Палатов, Алексей Григорьев нар ийм бизнесээ 2020 онд эхлүүлжээ. Хулгайн хэргээр Григорьев нэг жил шоронд суусан, урьд нь таксины жолооч байсан болохоор уг ажлыг чухам тэр л зохион байгуулна. Цаашдаа тэд гурав дахь хамсагчтай болсон нь Алексей Бабенко гэгч байлаа. Удалгүй Олег Самитов гэгч тэдэнтэй нэгдэв.
Гэмт хэрэгтнүүд машинаа түрээсээр авдаг учраас байсхийгээд солино. 2020 оны гуравдугаар сард бас нэг оролцогч нэмэгдсэн нь Станислав Каразинов. Нөгөө дөрөв танил эмэгтэйгээ борлуулахад энэ нөхөр тусалжээ. Боолууд ихэвчлэн хонь маллана, хэдэн долоо хоногоос сайн л бол нэг жил ажиллана. Фермийн эзэд болохоор боолуудыг худалдаж аваагүй, хөлсөлж байгаа гэж улаан нүүрэн дээр нь мэлзэнэ.
2023 оны есдүгээр сард Ставропольд Григорий Панченко, Иван Мерзличенко, Армен Акопян гэх гурван эрийг баривчлав. Тэд “газрын эзэн” Василий Юрьинд боол олж өгөх ажил хэдэн жил хийсэн байна. Энэхүү Юрьин 2021 онд тус бүрийг нь 8000 рублиэр хэд хэдэн боол худалдаж авсан, нийтдээ 40 гаруй хүнтэй болсон байжээ. “Би гэргийгээсээ салаад амьдрал ахуй хэцүү байснаас Ростовд байдаг үеэл ахындаа шилжиж очихоор шийдсэн. Хяслантай нь вокзал дээр үүргэвчээ алдчихлаа. Цагдаа нарт өргөдөл бичих, эсэхээ шийдэж чадаагүй байтал Степан гэдэг хүнтэй таарсан нь хожим ухаарах нь ээ элсүүлэгч байсан юм билээ. Цагдаа нар юу ч олохгүй, харин энэ вокзал дээр дэг журам сахиулах газарт танил нь байгаа гэж тэр хэлээд танилцсаныхаа төлөө архи уухыг хүссэн. Би ч татгалзсангүй, хоёр шилийг уугаад тасарчихсан. Сэрсэн чинь ямар нэг оромжид байх юм. Гарт гав хийчхэж. Утас, ер юу ч байдаггүй” хэмээн Черкасскийн Алексей Чеботарев тохиолдсон явдлаа ярьсан байна.
Дийлэнх тохиолдолд фермүүд сониуч хүмүүсийн нүднээс далд, боолууд зугтахад төвөгтэй, алслагдсан бөглүү газар байрлана. Ийм фермүүд гадуураа өндөр хашаатай (зарим нь төмөр утас татдаг) нохойтой, түүгээр ч барахгүй зэвсэгтэй хамгаалалттай байна. “Тэнд зуу орчим гахай байсан болов уу. Халуун, үнэр танар гэж хачин. Өдөрт хоёр удаа л хоол өгнө. Би тэжээл ачсан тэрэг чирнэ. Ер нь надад хүндхэн л ажил өгнө. Нөгөө архичид хөдөлж ядна. Эвхдэг орон дээр унтана. Усанд оруулна. Хоёр нохойтой, эзэн ангийн буунаас салахгүй. Хүү нь гар буутай. Заримдаа нэг эмэгтэй үзэгддэг байсан нь эзний хүүгийн дагуул л болов уу. Гойд зодохгүй, архичдыг түлхэх, өшиглөх бол байх л даа. Оргож зугтах гэвэл тахир дутуу болгож орхино шүү гэж бидэнд хэлсэн. Зугтчихвал фермийг дээрэмдсэн гэж өргөдөл бичнэ, гэрчүүд олдоно. Утсаар зураг авчихсан, миний тухай бүх мэдээлэл тэдэнд бий”. Мөнөөх Чеботарёв ийн ярьжээ.
Боолуудыг ажиллуулдаг фермүүдийн нөхцөл байдал янз бүр. Зарим нь дажгүй хооллож, хэдэн мянган рубль өгч, ах, дүү нартайгаа утсаар ярихыг зөвшөөрнө. Нөгөө хэсэг нь азгүй гэмээр, хоол унд муутай, зодуулж нүдүүлнэ, эрхтэн, мөчнөөсөө салж, тэр ч бүү хэл, амиа ч алдаж мэднэ.
Хоногт 12-14 цаг ажиллах бол юу ч биш. Туйлын бохир заваан, аюулгүй байдлын үнэр ч үгүй орчинд ажиллаж, амьдарна. Дээр өгүүлсэн Хакасын фермийн боолууд хоногт 16 цаг ажил хийж, ямар ч урамшуулал байхгүй, өчүүхэн төдий буруу үйлдлийн төлөө хатуу шийтгэл цээрлэл хүлээж, зоорь саванд түгжүүлж хэвтэнэ. Садыков л гэхэд жорлон цэвэрлэхээс дургүйцсэний улмаас гараа буцлам халуун усанд дүрүүлж байжээ. Беларуссийн иргэн, 1991 онд төрсөн Вадим Железкий 2024 оны тавдугаар сард Орост мод бэлтгэх ажил хийхээр төлөвлөж байсан ч Свердловск мужийн Шадрика гацаанд нэгэн фермд ажиллахаар болж, бүх баримт бичгээ хураалгаад үхэр хариулах болжээ. 10 сар ажиллахдаа цалин хөлс огт авч байсангүй, харин ч нэг үхэр алга болгосны төлөө зодуулж, арай гэж амьтай голтой үлдсэн байна. “Альтернатива” байгууллагын ажилтнуудын тусламжаар чөлөөлөгдсөн аж.
Алексей Самарин нөгөө “газрын эзэн” Юрыйнийд гурван жил боолын ажил хийсэн бол Хакасын фермийн эзэн боолуудаа долоон жил зарсан байх юм. Түүний зарим боолыг үхсэн байхыг олсон тохиолдол ч бий гэж хэвлэлд мэдээлж байв. Боолууд оргох нь олонтоо. Нэг жилд эрүүгийн олон арван хэрэг үүсдэг ч шүүхэд очдог нь тун цөөн. Боол эзэмшигчид шоронгийн хаалга татах нь маш ховор. Фермүүд болон бусад газар хүмүүсийг албадан хөдөлмөр хийлгэж байгааг нотлоход маш төвөгтэй. Ийм газрыг олоход ч амар биш. Боолууд өөрсдөө хуулийн байгууллагад хандахыг хичээдэггүй. Орост хууль хэрэгждэг болох цаг ирнэ гэдэгт найдах л үлдэж байх шив дээ...
Р.Жаргалант