Москва хотын Тушинскийн шүүх хүүхдийн эмч Надежда Буяноваг Оросын армийн талаар “худал мэдээ” тараасан хэргээр буруутай гэж үзэж, 5.5 жилийн хорих ял оноожээ. Энэ тухай ТАСС агентлаг мэдээллэв.
Түүнчлэн шүүхээс түүнийг эмчилгээ эрхлэх, цахим сүлжээнд янз бүрийн юм нийтлэхийг хоёр жилийн хугацаанд хоригложээ.
Буяновагийн эсрэг хэргийг Украины дайнд мордсон цэргийн салсан эхнэр цахим сүлжээнд тавьсан нэгэн бичлэгийн Маsh телеграм суваг нийтэлсний дараа нээжээ.
Бүсгүй тэрхүү бичлэгтээ Буяновад долоон настай хүүхдээ үзүүлж байтал эмч Украины дайнд амь үргэдсэн аавынх нь талаар “Украины хууль ёсны бай, Орос улс өөрөө буруутай” гэсэн хэмээн уйлагнан гомдоложээ.
Харин эмч Буянова ийм мэдэгдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй байна.
ОХУ-ын Мөрдөн шалгах хорооны тэргүүн Александ Быстрикин уг бичлэгийн дагуу хариу арга хэмжээ авч, Буяновагийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардсаны дагуу эмчийг ажлаас нь түтгэлзүүлж, гэрт нь нэгжлэг хийжээ. Мөн Буяновагийн иргэншил нь хууль ёсны эсэхийг шалгаж эхэлсэн байна. Эмч 1996 онд Украины Львов хотоос ирсэн аж.
Надежда Буяновагийн өмгөөлөгч эмчийг гэм буруугүй, хэргийн нотлох баримт бараг үгүй, ял дэндүү хатуу бөгөөд давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна.
“Хэргийг бүхэлд нь зөвхөн нэг хүний мэдүүлэг дээр үндэслэсэн бөгөөд үүнийг өмгөөллийн талаас мэдүүлэг гэж нэрлэх ч үгүй. Дээрх яриаг нотлох гэрч байхгүй. Зүгээр л бага насны хүүхэд, өөрөөр хэлбэл бичлэг хийж гомдол гаргасан хүүгийн байцаалтын протоколыг нотлох баримт гэж үзэж болохгүй. Өмгөөлөгчийн хувьд намайг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулаагүйгээс эхлээд хүүхдийг байцаасан зэрэг одоогийн эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээг зөрчсөн зөрчлийг бид онцолсон. Украинд төрсөн нь “үндэсний үзэн ядалтыг” илэрхийлж чадахгүй. Львов хотод төрсөн нь одоохондоо гэмт хэрэг биш. Гэвч харамсалтай нь шүүх эдгээр үндэслэлүүдийг анхааралдаа авалгүй, яллах талтай санал нэгдэж, энэ ялыг гаргасан” гэв.
Бичлэг хийсэн бүсгүй болох Акиншина нь дайнд нас барсан нөхрөөсөө хоёр жилийн өмнө салсан байв.
Гэхдээ түүний гаргасан нэхэмжлэлд Буянова эмчийг Украинд төрсөн учир “үндэсний үзэн ядалтын сэдлээр” дээрх мэдэгдэл хийсэн байж магадгүй гэсэн нь ялыг хүндрүүлэх шалтгаан болжээ.
Буянова шүүх дээр сүүлчийн үгээ хэлэхдээ, өөрийг нь буруутгаж буй “улс төрийн болон үндэсний үзэн ядалтаар” анагаах ухаанд орох боломжгүй гэж мэдэгдэв.
Тэрээр Львов хотод төрж, сурч байсан бөгөөд гэр бүл нь орос хэлтэй, аав нь орос, ээж нь Беларус хүн байжээ.
"Би Орос, Беларусь, Украин гэсэн гурван славян ард түмэнтэй холбоотой. Тэгээд би юу хийх ёстой вэ, аль ард түмнийг нь сонгох юм бэ? Энэ боломжгүй, би чадахгүй, хүсэхгүй байна. Оросуудыг үзэн яддаг гэж бүх украин үндэстний талаар ингэж ярьж яаж болох юм бэ" хэмээн Буянова гайхширав.