Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа гэхээр тийм ч олон хүн мэдэхгүй байх. Харин Ерөнхий сайд П.Жасрай агсны зээ охин гэвэл олон нийт андахгүй. Учир нь А.Ариунзаяа улс төрч гэхээсээ илүү “зээ охины дүр”-ээр танигдсанаараа парламентад суух замаа зассан. Одоо ч тэр “дүр”-дээ тоглосоор яваа. Сүүлийн жилүүдэд өвөөгийнхөө нэр төрийн ачаар төрийн өндөр албан тушаалуудад сэлгэн ажилласаар байгаа. Даанч хашсан албан тушаалууддаа хэтэрхий жижигдэх нэгэн гэдгээ алхам тутамдаа нотолсоор ирсэн юм.
2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд үнэмлэхүй олонх болсон МАН-ынхан төрийн байгууллагуудад өндөр боловсролтой залуусаа ажиллуулна хэмээн пиар хийж, хэд хэдэн хүн “дуудсан”-ы нэг нь А.Ариунзаяа. Хойд хөрш болон ХБНГУ-д боловсрол эзэмшсэн, “Монгол даатгал” компанид ажиллаж байгаад 2013 онд МАН-д гишүүнээр элссэн тэрбээр Үндэсний статистикийн хорооны даргын албан тушаалыг намаасаа бэлгэнд авч, дөрвөн жил ажилласан. Үргэлжлүүлэн 2020 онд У.Хүрэлсүхийн Засгийн газарт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын суудлаар “шагнуулсан” юм. Статистикийн байгууллагын дарга байхдаа залуу, өндөр боловсролтой хүн төрийн албанд шинэ салхи оруулж байна гэх мэтээр магтуулж байсан тэрбээр сайдын суудалд ирэнгүүтээ харин үнэн төрхөө харуулсан билээ.
Төрийн байгууллагын тамгыг төрсөн өдрийн мэндчилгээн дээр хүртэл дардгаар нь А.Ариунзаяаг олон нийт мэддэг. “Мэдлэг, боловсрол, ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хувь нэмрээ оруулж байгаа танд төрсөн өдрийн мэнд хүргэе. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа” гэсэн үгтэй, гарын үсэгтэй, тамгатай мэндчилгээ нь 2020 онд нийгмийн сүлжээнд “од” болж байв. Гэвч шинэхэн сайд уг үйлдэлдээ гэмших байтугай “Үндэсний статистикийн хорооны дарга байхдаа ч ажилтнууддаа даргын тамгатай мэндчилгээ илгээдэг байсан. Төрд зүтгэж буйг нь урамшуулж байгаа хэлбэр” хэмээн өөрийгөө өмгөөлж, өмнө нь ч төрийн байгууллагын тамгаар тоглож байснаа илчилсэн юм. Бас өвөөгийнхөө нэр нүүрээр багаасаа л төрийн тусгай хангамж эдэлж байснаа фэйсбүүкт өөрөө зарласан нь ч бий. Нийгмийн сүлжээнд тун идэвхтэй, хэнтэй ч үг зөрүүлэхэд бэлэн байдаг түүнийг намынхан нь хүртэл шүүмжилж, “Фэйсбүүкээр ажлаа хийхээ болих хэрэгтэй. Амьдрал дээр буумаар байна. Бодит ажил руугаа оръё” гэх мэтээр баалсан удаатай.
Тэрбээр ийм маягаар олон нийтээс байнга банга хүртэж байсан ч албан тушаалаа бол яаж ийгээд хадгалсаар ирсэн. Цар тахлын үед дөнгөж амаржсан эмэгтэйг халаадтай нь эмнэлэг хооронд тээвэрлэсэн үндэслэлээр У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход хэд хэдэн сайд нь улирч үлдсэний нэг нь А.Ариунзаяа. Харин 2022 оны наймдугаар сард Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа зарим сайдыг огцруулахад А.Ариунзаяа хамрагдсан билээ. Гэсэн ч хоосон үлдээгүй, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан. Мөн МАН-ын нарийн бичгийн даргын албыг хүлээн авч, намынхаа “улаан хамгаалагч” нь болсон юм. Үүнийх нь шагнал парламентын гишүүний суудал болж түүнд ирсэн байдаг. Тодруулбал, парламентын ес дэх удаагийн сонгуульд МАН-ын жагсаалтад нэлээд дээгүүр буюу 12 дугаарт эрэмбэлэгдсэнээрээ анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод байна.
А.Ариунзаяа МАН-ын жагсаалтын хүн гэдгээ тун сайн ухамсарлаж байгаа бололтой. Хүүхдүүдэд ваучер тараах 18.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгахыг олон нийт эсэргүүцэж байхад гишүүн А.Ариунзаяа гэнэт гарч ирээд “18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасахын тулд хуулиа л өөрчилнө дөө” гэж дүрэмдсэн нь иргэдийг гайхшируулсан юм. Бас өмнө нь 2023 оны аравдугаар сард нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатарыг томилох үед “Намынхаа шилдэг гишүүдийг фронтод илгээж байгаа” хэмээсэн нь шинэ үеийн улс төрчөөс гарах үг биш гэсэн шүүмжлэл дагуулж байсныг бид одоо ч мартаагүй. Түүний хувьд Улаанбаатар хот бол дайны талбар бололтой.