Болд санхүүгийн дарамтаас гарахын тулд сахилга баттай, хэмнэлттэй төлөвлөгөөтэй, хэрэндээ хичээж буй гэх. Өр зээл өдөр тутмын хэрэглээ, сар бүр төлдөг тогтмол зардлууд нь жилээс жилд өссөөр буй ч гар дээрээ авдаг цалин орлого нь төдийлөн нэмэгдэхгүй байгаа учраас хэмнэх талаар бодохоос аргагүйд хүрчээ. Эдний гэр бүл өрхийн орлого, зарлагаа байнга хөтөлж, тооцон санхүүгээ ухаалгаар удирдахыг хичээвч, дорвитой ахиц дэвшил, үр дүн гардаггүй гэнэ. Үүний шалтгаан нь Болд өөрийнхөө орлого зарлагыг сар улирал жилээр нарийн тооцдог ч түүндээ дүн шинжилгээ хийж, алдаа оноо нь чухам юунд байгааг бодитоор үнэлж чаддаггүй аж. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн санхүүд нь юу хамгийн их дарамт учруулж буй, зарлагын хэмжээ нэмэгдэхэд ямар хүчин зүйл нөлөөлсөн, хэр үр ашигтай худалдан авалт хөрөнгө оруулалт хийсэн, хэмнэж хойш тавьж болохоор зүйл байсан уу, тооцоолоогүй, төлөвлөөгүй, эрсдэлүүд гарч ирсэн үү гэдгийг өрхийн тэргүүн төдийлөн ойшоодоггүй чухалчилдаггүй.
Мөн тэр бусдыг даган дуурайж, барьцах хандлага, гэнэтийн шийдвэрээр үр ашиггүй зүйлс худалдаж авдаг том дутагдалтай. Сэтгэл хөдлөлд тулгуурлан шийдвэр гаргадаг гэсэн үг. Ойр дотнынхон нь, санхүүгийн мэдлэг, боловсролтой хүмүүс түүнд чин сэтгэлээсээ харамгүй зөвлөдөг. Санхүүгийн сахилга баттай болохын тулд зөвхөн орлого, зарлагаа төлөвлөж, хөтлөх нь үр дүнгүй, харин нарийн тооцоолол, дүн шинжилгээ хийх нь чухал гэдгийг ч Болдод цөөнгүй хүн сануулсаар ирсэн. Даанч тэр наанаа хэмнэлт, сахилга бат ярьсан дүр үзүүлээд, цаанаа “эзэн нь юмаа мэддэг, эрэг нь усаа хашдаг” гэхчлэн дур зоргоороо аашилна.
Монгол Улсыг нэг өрх айл гэж үзвэл төсөв санхүүгийн нөхцөл байдал нь яг л Болдынхтой ижил, бодлогогүй, үрэлгэн, сахилга батгүй байна. Алдагдалгүй төсөв баталъя, үрэлгэн зардлаа бууруулъя, хэмнэлтийг төрөөс эхлүүлье, улсын хөрөнгө буюу татвар төлөгчдийн мөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдээ ач холбогдлоор нь эрэмбэлье хэмээн сайн сайхан зүйл ярьдаг ч эцсийн мөчид үүнийхээ эсрэг шийдвэрүүдийг гаргасаар удлаа, манай төр засаг. Гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нутагшуулъя гэж яриад ч багагүй хугацаа өнгөрөв. Монголд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулдаггүй, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, санхүүжүүлсэн мөнгөний хэмжээгээр нийгэм, эдийн засагт бодитой ахиц дэвшил гардаггүйн гол шалтгаан нь төсвийн гүйцэтгэлээ үнэлж, хянаж чаддаггүйтэй холбоотой.
Төсвийн гүйцэтгэл нь улсын төсвийн орлого, зарлагыг төлөвлөсөн хэмжээнд хэрэгжүүлсэн байдлыг илэрхийлэх гол үзүүлэлт юм. Тодруулбал, тухайн жилийн төсвийн төлөвлөгөөнд тусгасан орлогыг ямар хэмжээнд төвлөрүүлсэн, зарцуулалт нь хэр бодитой, оновчтой, хууль ёсны дагуу, үр ашигтай байсан бэ гэдгийг үүгээр хэмждэг. Цаашид юунд анхаарах ёстой, ямар алдаа дутагдал гаргаснаа ч эндээс харах боломжтой. Гүйцэтгэлийн үнэлгээ нь улсын санхүүгийн үр ашиг, бодлогын хэрэгжилт, эдийн засгийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой. Мөн төсвийн сахилга батыг хангах, санхүүгийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд онцгой нөлөөтэй. Тиймээс үүнийг байнга хянаж, үр дүнг нь нээлттэй, ил тод хэлэлцэж байхаар хуульчилсан байдаг. Харамсалтай нь, төсвийн гүйцэтгэлийг бодитоор үнэлж тогтоох, хянах, тайлагнах, үүнд тулгуурлан бодлого, шийдвэр гаргах, төсвийн төсөл боловсруулж, батлах үйл ажиллагааг манай улсад ёс төдий хэрэгжүүлсээр өнөөдрийг хүрлээ.
Хууль, журмаа ягштал мөрдөж хэрэгжүүлдэг бол төсвийн гүйцэтгэлд “санаа тавих” үүрэгтэй албан тушаалтан, байгууллага цөөнгүй. Төсвийн тухай хуулиар бол санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн буюу Сангийн сайд төсвийн гүйцэтгэлийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй. Харин энэ чиглэлийн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яам төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэлд хяналт тавьж, нэгдсэн тайлан гаргадаг. Тодруулбал, төсвийн шууд болон төвлөрүүлэн захирагчид төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангаа сар, улирал, жилээр гаргаж, харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид болон төрийн аудитын байгууллагад хүргүүлдэг юм билээ. Улмаар аудит хийлгэсэн санхүүгийн тайлангаа төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлснээр энэ нь Сангийн яаманд “очдог”. Тус яамныхан нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайланг эмхлэн боловсруулсны дараа буюу эцсийн байдлаарх хувилбарыг жил бүрийн тавдугаар сарын 10-ны дотор төрийн аудитын төв байгууллага руу илгээдэг. Аудитын байгууллага үүнд нэг сарын дотор аудит хийж, Засгийн газарт хүргүүлнэ. Засгийн газар нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хуулийн хугацаанд УИХ-д тайлагнах үүрэгтэй бол парламент үүнийг нь хэлэлцэн, баталдаг. Төсвийн гүйцэтгэлийг ийм “шат дамжлага”-аар үнэлж, хууль тогтоох байгууллагад хүргүүлдэг гэсэн үг. Хэлэлцэх шатанд нь Төсвийн байнгын хороо, төрийн хяналтын болон иргэний нийгмийн байгууллага, олон нийт тодорхой түвшинд оролцдог. Үндсэндээ энэ ажилд Сангийн яам, түүний харьяа Төсвийн бодлогын газар, Үндэсний аудитын газар гол үүрэгтэй гэж ойлгож болно. Тэгвэл энэ үйл явцын чухам хаана нь алдаа дутагдал, “цоорхой” гараад байна вэ.
Судлаач н.Мөнхбат “Манай улсад төсвийн гүйцэтгэлийг үнэлэхдээ зарцуулсан мөнгөө л тооцдог. Хамгийн чухалд тооцогддог, хөрөнгө оруулалтын үр ашгийн үзүүлэлтийг орхигдуулдаг. 100 тэрбум төгрөгөөр ажил хийхээр төлөвлөснөөс 95 тэрбумыг зарцуулсан бол гүйцэтгэлийг нь 95 хувь гэж дүгнэх байдлаар үнэлж байна. Хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцохгүйгээр төсвийн гүйцэтгэлийг бодитой дүгнэх боломжгүй. Үүнийг мэдэхгүйгээр юунд, ямар үнэ цэнтэй ажилд хөрөнгө оруулахаа шийдэж ч чадахгүй. Халааснаас нь мөнгө гарч л байгаа бол хүн ямар ач холбогдол, үр өгөөжтэй ажилд хөрөнгө оруулж буйгаа мэддэг, үнэлж чаддаг байх ёстой” гэсэн юм. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн үнэлгээ бодит байдлаас хол зөрүүтэй, өндөр хувьтай гардаг нь үүнтэй холбоотойг судлаач дурдсан.
Олон улсад нийтлэг жишгээр бол аливаа байгууллага, төсөл, хөтөлбөрийн төсвийн гүйцэтгэлийг үнэлэхдээ KPI (Key performance indicators) хэмээх үзүүлэлтийг ашигладаг юм байна. Ингэхдээ санхүүгийн, үр дүнгийн, ашгийн, чанарын үзүүлэлтээр тус тусад нь үнэлдэг. Дэлгэрүүлбэл, орлого, зарлагын гүйцэтгэл, нийт хөрөнгө оруулалтын үр ашиг, зардлын хэмнэлт, бүтээмж, нөлөөллийн үзүүлэлт, үйлчилгээний чанар, шийдвэр гаргалтын хурд, үр дүн, зорилтот бүлэгт чиглэсэн бодит нөлөө зэрэг олон хүчин зүйлийг харгалздаг байх нь. Харин манайд дээрх судлаачийн хэлсэнчлэн, эдгээрийн нэг л үзүүлэлт буюу орлого, зарлагын хүснэгтээр бүгдийг нь хэмжиж, үнэлсээр иржээ.
УИХ, Засгийн газраас танилцуулсан төсвийн гүйцэтгэлтэй холбоотой мэдээлэлд орлого, зарлагын хэмжээ, зээл, тусламжаар хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийг салбар салбараар ангилсан баахан “тоо” л дурдсан байдаг. Түүнчлэн аудитын шалгалтаар төдөн сая, тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, холбогдох байгууллагуудад албан шаардлага, зөвлөмж хүргүүлсэн тухай тайлагнасан харагддаг. Уг нь эл тайланг хэлэлцэх бүрд парламентын болон холбогдох байнгын хорооны гишүүд төсвийн гүйцэтгэлийг санхүүжилтээр бус, чанар, үр дүнгээр нь үнэлж, баталгаажуулах шаардлагатайг ёс юм шиг хөндөж иржээ. Аудиторууд ч үүнтэй холбоотой зөвлөмжүүдийг өгсөн дүр үзүүлсээр ирж. 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайланг хэлэлцэх үеэр ч “Төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, баталгаажуулах”, “Засгийн газрын үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг тодорхой болгож, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг бодитой үнэлэх боломж бүрдүүлэх”, “Орлогын төлөвлөгөөг үндэслэлтэй төлөвлөж, тавих хяналтыг сайжруулах”, “Төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, хэрэгжилтэд тавьж буй захиалагчийн болон зохиогчийн хяналтыг сайжруулж, төсвийн ерөнхийлөн захирагчдын дотоодын аудитын нэгжийн хөрөнгө оруулалтад тавих хяналтыг эрчимжүүлэх” шаардлага тулгарч байгааг Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат хэлж байжээ. Тэрчлэн “мартагдсан” болон олон он дамнан сунжирсан төсөл, хөтөлбөрийн ажлыг эцэслэх чиглэлд холбогдох байгууллага, албан тушаалтнууд анхаарахгүй байгаа нь төсвийн гүйцэтгэл муудах, хөрөнгийг нь үр ашиггүй зарцуулах гол шалтгаан болж буйг ч анхааруулсан. Гэвч энэ анхааруулга, зөвлөмж эздэдээ хүрсэн, ажил хэрэг болгох түвшинд хүлээж авсан, эсэх нь тун бүрхэг. 2025 оны төсвийн төслийг боловсруулахдаа ч дээр дурдсан алдаа дутагдлуудаа давтсан. Тэгэхээр төсвийн гүйцэтгэлийг үнэлэхэд оролцдог шат шатны байгууллага, үүнд хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй хүмүүс хаана хаанаа хариуцлагагүй, ажлаа хийж чадахгүй байна л гэсэн үг. Тэр дундаа энэ ажлыг зангиддаг Сангийн яам, Үндэсний аудитын газрынхан үүргээ хангалттай биелүүлдэггүй бололтой. Төсөв захирагчид нь тайлан, мэдээгээ гаргах гэж “гурилддаг”, үүнийг нь нэгтгэн боловсруулж, хянах чиг үүрэгтэй байгууллагууд нь ч ирүүлснийг нь үг дуугүй хүлээн авч, тайлан, зөвлөмж гаргасан болоод орхидог гэхэд хилсдэхгүй нь.
Н.Мишээл