Монголын жиү жицүгийн холбоо, “Гаруда” академийн бор бүстэй тамирчин Г.Монголжин бөхийн төрлүүдээс энэ спорттой зургаан жил нөхөрлөж буй. Сүүлийн жилүүдэд дотоодын томоохон тэмцээнд цахиур хагалж, спорт сонирхогчдын анхаарлыг татах болсон тэрбээр тив, дэлхийн дэвжээнээс ч медаль хүртсээр байна. Тухайлбал, 2018 онд сонирхогчдын дэлхийн наадам, 2022 онд “Гранд прикс” тэмцээнээс тус бүр хүрэл медаль гардсан юм. Өнгөрсөн хавар зохион байгуулсан Азийн АШТ-ээс мөнгөн медальтай ирсэн нь Грек, АНЭУ-ыг зорих эхлэл байв. Хираклион хотод болсон жиү, жицүгийн бүсний ангилалгүй ДАШТ-д Монголын шигшээ багийг ахалж явсан шавилхан бүсгүй нутаг нэгт тамирчин Э.Шүрэнцэцэгийг ялж, хүрэл медалийн эзэн болсон. Тус тэмцээний дараа бүсний ангилалтай ДАШТ-д хүч сорихоор Абу-Даби хотод хөл тавив. Саудын Арабын хаант улсын Эр-Рияд хотод 2023 онд зохион байгуулсан дэлхийн тулааны урлагийн наадамд бахдам амжилт гаргаж, хүрэл медаль гардсан түүнтэй ярилцлаа.
-Эмэгтэйчүүдийн бор бүсний ангилалд Г.Монголжин хэмээх бүсгүйн нэр дуулдаж, уран дайчин барилдаанаараа бөхийн хорхойтнуудын сонирхлыг татах болсон. Таны хувьд энэ жил хилийн дээс нэг бус удаа алхаж, гадаадын тэмцээнд оролцлоо.
-Миний хувьд 2024 он амжилт дагуулсан, тэр хэрээр ойлгож, ухааруулсан жил болж байна. Жиү жицүгээр зургаан жил хичээллэсэн ч сүүлийн гурван жилд олон улсын тэмцээнд шаргуу оролцож, Азийн АШТ-ээс мөнгө, ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Жиү жицүд ДАШТ-ийг бүсний ангилалтай, ангилалгүй зохион байгуулдаг юм. АНЭУ-ын Абу Дабид өнгөрсөн долоо хоногт өсвөр үеийнхний бүсний ангилалтай ДАШТ болоход манай тамирчид нас, насны ангилалд зодоглож медаль гардсан. Тус тэмцээний дараа насанд хүрэгчдийн анхлан хичээллэгсдийн барилдаан эхэлж, өчигдөр өндөрлөлөө. Одоо мастер ангиллынхны тэмцээн болж байна. Тэдний дараа мэргэжлийн тамирчдын ягаан, бор, хар бүстнүүдийн барилдаан энэ сарын 14-16 хүртэл үргэлжлэх юм.
-Та Абу-Дабид хөл тавиад цөөнгүй хонолоо. Орчин нөхцөл, цаг агаарт нь хэдийн дасан зохицсон байх.
-Онгоцноос буухад бүгчим, халуун орчин угтдаг ч зөөлөн, чийглэг уур амьсгал нь таатай мэдрэмж төрүүлж, эртний танил шиг санагдуулдаг. Энд анх ирж байсан үеэ бодвол одоо дасжээ. Тус хотод болсон дөрвөн тэмцээний хоёроос нь медаль хүртсэн. Самбо бөхийн сонирхогчдын ДАШТ-д анх зодоглохдоо хүрэл медаль зүүж, амжилтынхаа гарааг эхлүүлж байв. Тус хотод өнгөрсөн хавар болсон Азийн АШТ-д хүч сорьж, мөнгөн медальтай эх орондоо ирсэн. Гэрээсээ гараад нэлээн удсан болохоор Монголынхоо агаар, салхи, шөлтэй хоолыг үгүйлж байна. Энд түргэн хоол, бэлэн бүтээгдэхүүн их байдаг тул бид тэмцээний үед хэрэглэх хоол, хүнсээ зэхэж ирсэн. Аялал жуучлал өндөр хөгжсөн орон тул жуулчид зорьж ирэхээс гадна гадаадын иргэд цагаачилж суурьшдаг. АНЭУ-д амьдардаг 10 гаруй сая хүний талаас бага хувь нь араб хүмүүс байдаг гэж сонссон. Цалин мөнгө, ажиллах орчин нөхцөл нь төвхнөх зорилгоор очсон хэнд ч амьдрах аргаа олоход тааламжтай улс санагддаг. Миний хувьд ирээдүйд тус хотын их, дээд сургуульд суралцан, мэргэжлээрээ ажиллаж, амьдрахыг хүсдэг юм. АНЭУ газрын тос олборлож, экспортолдгоороо дэлхийд тэргүүлдэг баян орон. Иргэдэд нь хөдөлмөрлөх шаардлага бараг гардаггүй тул таргалалт ихтэй. Үүнийг бууруулахын тулд улс нь бөхийн төрлүүдээс жиү жицүг сонгож, үндэснийхээ спорт болгон хөгжүүлэх бодлого баримталсан гэдэг. Жиү жицүг эх орондоо нутагшуулсны 16 жилийн ой тус улсад энэ жил тохиож байна.
-Улсынхаа сургуулиудын биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт жиү жицүг албан ёсоор оруулснаар сурагчид нь хичээллэх болсон гэх юм билээ.
-Эл спортоор хичээллэж, амжилт гаргаж байгаа тамирчдаа улс нь сайн дэмжиж, бүх зүйлээр хангадаг. Бразилаас ур чадвартай, туршлагатай дасгалжуулагчдыг урьж, шигшээ багаа бэлтгэдэг. Иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд хөрөнгө харамгүй зарцуулж байгаа нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Абу-Дабид 9000 тамирчин ДАШТ-д оролцохоор ирсэн. Тив, дэлхийн тэмцээн эх орондоо зохион байгуулж, эдийн засаг, аялал жуулчлалын салбараа хөгжүүлдэг болох нь тэмцээний үед ажиглагдсан. Намайг зургаан жилийн өмнө тэмцээнд оролцоход араб тамирчид дэвжээнд ялагддаг байлаа. Тэгвэл одоо эн тэнцүүхэн өрсөлддөг хүчтэй өрсөлдөгч болсон.
-ДАШТ-д оролцох шигшээ багийг ахалж явах танд хүндхэн санагддаг уу?
-Миний хувьд Грек, АНЭУ-д болсон ДАШТ-д шигшээ багийн тамирчдыг ахалж оролцууллаа. 2022 онд баг ахалж анх явахдаа бэлтгэлээ хийж амжихгүй, өөрийн өрсөлдөх тэмцээнд анхаарал хандуулж чадахгүй нь гэж бодохоор амаргүй санагдаж билээ. Хэдийгээр ачаалалтай ажилладаг ч тамирчдынхаа гаргасан амжилт, баяр хөөр, урам зоригоос эрч хүч авдаг. Багаа дэмжсэн хичээл зүтгэл минь өөрийгөө хөгжүүлж, туршлага хуримтлуулах, бэрхшээлийг даван туулах, үүрэг хариуцлагаа ухамсарлахад хэрэг болж байна. Тэмцээнтэй өдрүүдэд тамирчдын эцэг, эх байнга холбогдож, хүүгээ, охиноо дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийг нь хараад баярлах нь надад ч сайхан байлаа. Манайхан Грект болсон бүсний ангилалгүй ДАШТ-ээс тус бүр хоёр мөнгө, хүрэл медаль хүртсэн. Өсвөр үеийнхэн бүсний ангилалтай тэмцээнээс дөрвөн алт, 10 мөнгө, есөн хүрэл медальтай нутаг буцлаа.
-Жүдогоор хичээллэж байгаад жиү жицүд хөл тавьсан гэж сонссон.
-Тийм ээ. Тухайн үед жиү жицү өнөөгийнх шиг хөгжөөгүй, хүмүүс нэрийг нь хүртэл зөв хэлж чаддаггүй байлаа. Бөхийн спортын нэг төрөл ч барилдах арга барил, техник, дүрэм нь өөр. Өвөрмөц, шинэлэг зүйл сонирхдог надад их таалагдсан. “Гаруда” клубийг зорьж ирээд бэлтгэл хийсэн анхны өдөр тамирчид нь зэрэглэл, зиндаагаар ялгаварладаггүй найрсаг хамт олон болохыг ойлгосон юм. Тэд асуусан бүхэнд минь цааргалалгүй хариулж, мэдэх, чадах зүйлээ харамгүй хуваалцсан нь бахархал төрүүлсэн. 2018 онд жиү жицүгээр хичээллэх, их сургуульд сурахын аль нэгийг нь сонгох сонголттой тулгарсан. Өөрийн биеийн хөгжил, онцлогт тулгуурлаж, бяртай, авьяастай гэхээс илүү хичээл зүтгэл, бэлтгэл тууштай хийсний үр дүнд амжилт гаргаж болдог юм гэх мэдрэмжийг жиү жицү өгсөн. Тэр үед энэ нь бүх хүнд зориулагдсан спорт болохыг мэдэж билээ. Энэ спорт өөрийгөө дутуу үнэлдэг хүмүүст итгэл төрүүлдэг. Жиү жицүд хөл тавихад жүдогоор хичээллэсэн минь багагүй нөлөөлсөн. Би өөрийгөө зөв замаар явсан гэж боддог.
-Та О.Болд-Эрдэнэ багшийн удирдлагад хичээллэсэн шавь нарынх нь нэг шиг санагдах юм.
-Тэр үед багшийн удирдлагад цөөн хүүхэд бэлтгэл хийдэг байв. Долоо хоногт нэг удаа таардаг байсан түүний үг бидэнд хууль мэт санагддаг сан. Тамирчин болж, амжилт гаргахад багш урам өгсөн. Шавь нартаа өдсөн, шар малтсан үг хааяа хэлж хурцалдаг байсан нь хожим хэрэг болсон шүү. Тэмцээнээс медаль хүртэхэд “Чи сайн барилдлаа, мундаг байна” гэж ер хэлэхгүй. Харин “Болохгүй байна, өмнөхөөсөө илүү хичээх хэрэгтэй” гэхээр нь гомддог сон. Тэрбээр “Та нар мөрөөдлийнхөө төлөө өдөр бүр хичээж, ямар ч шалтгаан гарсан үл харгалзан зөв алхам хийгээрэй. Мөрөөдлөө зүүдлээд унтаж байх үедээ ч хүсэл тэмүүллийнхээ төлөө зорьдог байгаарай” гэж захидаг. Тамирчдынхаа хэнд нь ямар үг хэлж урам өгөх, бас зэмлэн шүүмжилж, шарыг нь малтаж хурцлахаа багш сайн мэднэ. Би одоогоор уйлаад багшдаа талархал илэрхийлэх хэмжээнд хүрсэн тамирчин болоогүй байна. Тэр өдрийг хүртэл багшдаа хэлэх үгээ, харуулах баярын нулимсаа хадгална гэж боддог. Тэрбээр шавь нарынхаа хэцүү үед тусалж, түшиг тулгуур нь болж ирсэн. Спортын орчинд, бэлтгэлийн зааланд ихэнх цагаа өнгөрүүлдэг биднийг багш, гэрийнхнээс минь илүү ойлгодог хүн ховор.
-Тамирчдын хувьд жин хасах хамгийн хэцүү зүйл байдаг. Та 63 кг-аас 52-т нэг хэсэг барилдсан. Одоо 57 кг-ын жинд хүч сорьж харагдана.
-Багш намайг тулааны урлагийн наадамд оролцуулахын тулд өөрөө гардан ажиллаж, жинг минь хассан. Тэр үед хийх зүйлээ нэгбүрчлэн асууна. Багш дэргэд байж зөвлөөгүй бол бие, сэтгэл зүйн уналтад орох байсан болов уу. Түүний хичээл зүтгэлийн хүчинд тулааны урлагийн наадмаас хүрэл медаль гардсан. Миний хувьд маш их хичээж амжилт гаргасан болохоор сэтгэл догдолж уйлмаар мөч байсан даа. Би одоо 57 кг-ын жинд барилддаг. Эмэгтэйчүүдийн хувьд 57, 60 кг дундаж жин тул өрсөлдөөн ихтэй байдаг юм.
-Охиноо бөхийн спортоор хичээллэхэд аав, ээж нь хэр дуртай хүлээж авав?
-Хүүхэд байхаасаа аав, ээжийнхээ үгээс зөрдөггүй дуулгавартай охин байлаа. Аав минь жүдо, жиү жицүгээр хичээллэх урам өгсөн. Надад “Чамд нэг тийм өөр хүч байна” гэдэг сэн. Аавыг ингэж хэлэхээр өөрийгөө сорьж үзмээр санагдаад гэрийнхэндээ хэлэлгүй самбо бөхийн дүүргийн АШТ-д оролцлоо. Тэр үед хожиж, ялагдахаа ч сайн мэдэхгүй нөхөр барилдсаар мөнгөн медаль хүртэв. Медалиа зүүгээд гэртээ ирэхэд манайхан их баярласан шүү. Тэр тэмцээний дараа аавынхаа зөвлөснөөр “Хилчин” спорт хороог зорьж, улсын начин, дасгалжуулагч Д.Пүрэвсүрэн багшийн удирдлагад жүдогоор анх хичээллэсэн. Бэлтгэлээ тараад аавдаа хэрхэн сургуулилалт хийснээ ярих амьдралын минь хамгийн жаргалтай үе байв. Монгол эрчүүд бөхөд дуртай. Аав минь хэдийгээр барилдаагүй ч мөрөөд лөө охиноороо гүйцээх хүсэлтэй байсан болов уу.
-Та үеийнхээ тамирчдаас жүдо, жиү жицүгээр хожуу хичээллэсэн биз?
-Д.Пүрэвсүрэн багш бэлтгэл хийхээр ирэхэд аавд “Охиноос тань барилдах авьяас харагдана. Харин үеийнхнээсээ оройтож хичээллэлээ дээ” гэж хэлсэн гэдэг. Тэр үед бэлтгэл хамт хийдэг хүүхдүүдээс насаар ахмад нь би байв. Багш намайг харчхаад хэсэг хугацаанд хичээллээд шантарч орхих биз гэж бодсон байх. Би шартай. Ямар ч тэмцээнд түрүүлнэ гэж тэмүүлдэг. Амархан бууж өгөхийг хүсдэггүй. Өөрийгөө чадна гэдгийг батлан харуулахыг хичээж ирсэн. Жиү жицү бөхийн бусад төрлөөс бүс, бүсний ангилалд барилддагаараа ялгаатай. Гадаадын тэмцээнд нэг бус удаа баг ахалж оролцохдоо дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэж, багшийнхаа ажлыг хэцүүг ойлгосон. Тэмцээнтэй өдрүүдэд тамирчдынхаа бие, сэтгэл зүйн байдлыг байнга ажиглан, тайван байлгаж зөв чиглүүлдэг. Энэ удаагийн ДАШТ-д ч гэсэн тэднийхээ медаль авах боломжийг бусдад алдах вий, багийнхнаа сайн мэдрэхгүй, нойр хоол, амралтыг нь сайн зохицуулж чадахгүй амжилт муутай оролцуулах вий дээ гэж эмээсэн.
-Грект болсон бүсний ангилалгүй ДАШТ-д хэсгийн аваргын төлөө Унгарын тамирчинд ялагдсан байх аа.
-Тиймээ. Хүрэл медалийн төлөөх барилдаанд хамт бэлтгэл хийдэг, цэнхэр бүстэй Э.Шүрэнцэцэг дүүтэйгээ өрсөлдсөн. Дэлхийн дэвжээнд нутгийн тамирчинтайгаа хүч сорих надад сайхан санагддаг. Тэрбээр Абу-Дабид зохион байгуулсан өсвөр үе, залуучуудын бүсний ангилалтай ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж баярлуулсан шүү. Бид бэлтгэл хийхдээ нэгнээ хурцалж, урагшлуулдгийн үр дүн энэ удаа ч бас гарсан. Тамирчин хүнд амжилт гаргах цаг хугацаа гэж бий. Зарим залуус хичээллээд удаагүй хэрнээ амжилтад хүрэх гэж яардаг. Үлгэрт гардаг шиг зүйл спортын талбарт ховор. Тийм зүйл тохиосон ч түрүүлэх ёстой амжилтынхаа өрийг дараа нь буцаагаад төлдөг. Тиймээс цойлсон амжилт гаргах гэж шунах нь таатай биш. Тамирчин хүн өнөөдөр хийсэн бэлтгэлийнхээ үр дүнг маргааш нь үздэг. Өрсөлдөгчдөө хожигдож, медалиас мултарсандаа харамсах хэрэггүй. Ялагдал ялахын эхлэл байдаг тул алдаагаа засаад урагшлах нь зүйтэй юм.
-Олон улсын тэмцээнээс гардсан медалиудын чинь олонх нь ямар өнгөтэй вэ?
-Хүрэл медаль голдуу байдаг юм. Сүүлийн үед мөнгөн медаль шагналынхаа туузанд зүүх болсон. Миний хувьд өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явц, мэдрэмж, агшныг эргэж дурсдаггүй. Тухайн цаг үед нь үлдээдэг. Дэлхийн дэвжээнд амжилт гаргах зорилго минь одоо л эхэлж байна. Би жиү жицүг ойлгох тусам, алхам алхмаар суралцаж байгаа.
-Учраа таарах тамирчдынхаа барилдах арга барил, техникийг судалдаг уу?
-Надад өрсөлдөгчийнхөө давуу талыг бодохоос илүү дэвжээнд гараад юу хийх вэ гэдэг л чухал. Барилдаан эхлэхэд өрсөлдөгчөө өөрийн арга барилд оруулж, удирдлагыг гартаа авахыг хичээдэг. Тамирчид нэгийнхээ амьдралын өрсөлдөгч биш. Тэмцээний талбарт хэн нь жиү жицүгээс юу сурснаа таван минутад харуулдаг юм.
-Та МУИС-д сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж төгссөн. Хойшид мэргэжлээрээ ажиллах бодол бий юу?
-МУИС-ийг гурван жилийн өмнө төгссөн. Одоо Монголын жиү жицүгийн холбоонд менежерээр ажиллаж байна. Спортын орчинтой ойр, хүмүүстэй нээлттэй харилцах мэргэжил сонгосондоо баярладаг.