Монголын ширээний теннисний олон улсын шүүгч, спортын дэд мастер Х.Дамдинбаяр олон улс, тивийн тэмцээнд уригдаж, Ази, Европын шилдэг тамирчдын тоглолтыг нэг бус удаан дэнсэлсэн. Түүний шүүсэн тоглолтуудаас Казахстаны Астана хотод болсон Азийн АШТ дэлхийн олон орны анхаарлыг ихэд татсан юм. Түүнтэй энэ талаар ярилцлаа.
-Энэ удаагийн Азийн АШТ-ээс өмнөд хөршийн шилдгүүд медальгүй нутаг буцсан нь олон улсын анхаарлыг ихэд татсан. Ширээний теннисний талбарт амжилтаараа олон жил ноёлж ирсэн тэднийг бусад нь буулгаж авсныг бодоход эл спортод өөрчлөлт гарсан бололтой.
-Казахстаны Астана хотод өнгөрсөн сард болсон ширээний теннисний Азийн АШТ-д өрсөлдсөн 24 орны шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тамирчдын тоглолтыг олон улсын 40 гаруй шүүгч дэнсэлсэн. Монголын тамирчдын ур чадвар 1980-2000 оны үеийн тоглогчдоос илүү сайжирсан байна. Гэхдээ манайхныг түвшнээ ахиулж байхад бусад орон тоглох техникээ өндөр хөгжүүлжээ. Азийн орнууд ширээний теннисний спортод дэлхийд тэргүүлдэг шилдэг тамирчидтай. Миний хувьд дээрх тэмцээний тоглолтыг шүүхдээ асар их өөрчлөлт гарсныг харлаа. 1980, 1990-ээд оны эхэн үед Шведийн баг өмнөд хөршийнхнийг гурван ДАШТ-д хожиж байв. Түүнээс хойш зохион байгуулсан ДАШТ-ий долоон төрөлд өмнөд хөршийнхөн алтан медальтай буцдаг байсан. Парисын олимпын дараа тивийн тэмцээнд тэднийг ялсан сонирхолтой тоглолтууд өрнөж, олон улсыг гайхшируулсан. БНХАУ-ын эрэгтэй тамирчид багийн болон ганцаарчилсан төрөлд түрүүлсэн ч бусдаас нь медаль хүртсэнгүй. Ираны 14 настай тоглогч Бенжамин Фаражи тус улсын дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ван Чучиныг ялж, шуугиан тарилаа. Азиас сүүлийн үед Энэтхэг улс хүч түрэн орж ирж байна. Энэ удаа Японы эмэгтэйчүүдийн шигшээ ганцаарчилсан болон багийн төрөлд түрүүлсэн. Энэтхэгийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн баг хүрэл медаль гардаж, хойшид ана мана үзэлцэх ширүүхэн өрсөлдөгч болохоо харуулав. Тус улс тамирчдаа бүх талаар дэмжиж, ХБНГУ-аас туршлагатай дасгалжуулагч урин, бэлтгэл хийлгэсэн нь анзаарагдсан.
-Өмнөд хөршийнхөн хойшид тоглох арга барил, техниктээ томоохон өөрчлөлт хийхгүй бол аваргаа хамгаалах, эсэх нь эргэлзээтэй болжээ.
-БНАСАУ-ын эмэгтэй тоглогчид Парисын олимпод холимог хосын төрөлд мөнгөн медаль зүүсэн. Тивийн тэмцээнд мөн аваргын төлөө тоглож, дэд байрт шалгарлаа. Ганцаарчилсан төрөлд ч гэсэн Хятадын тамирчдыг ялсан шүү дээ. Хятадын тэргүүн байрт жагсдаг эмэгтэй тамирчин багийн төрөлд шигшээд шалгараагүй тул бусад төрөлд өрсөлдөх тоглолтоо цуцалсан. Тэрбээр хожигдсон шалтгаанаа өмнөх долоо хоногт нь болсон “China Smash” олон улсын тэмцээнд өрсөлдөж, Азийн АШТ-д үргэлжлүүлж оролцохдоо маш их ядарсан хэмээн тайлбарлаж байв. ХБНГУ-д эхэлсэн “Дэлхийн цом”-ын цувралд Хятадын тоглогчдыг Франц, Шведийн тамирчид буулган авч байгаа харагдсан. Парисын олимпын дараа өмнөд хөршийнхөн шинэ баг бүрдүүлж, залуу шилдэг тоглогчдоор хүчээ зузаатгасан ч хойшид арга барил, техникээ өөрчлөхгүй бол тэргүүллээ үргэлжлүүлэх, эсэх нь тун адармаатай боллоо.
-Энэ нь бусад тоглогчийн ур чадвар дээшилж, тэдэнтэй эн тэнцүү өрсөлдөх хэмжээнд хүрснийг сануулж байна. Фан Зэн Дон Ма Лонг нарын эзгүйд Хятадын шинэ шигшээ баг ноёрхлоо удаан үргэлжлүүлэхгүй нь гэсэн таамаглал олон орон дэвшүүлсэн байх юм.
-Тивийн тэмцээнд тамирчдаа ялагдахыг харсан Фан Зэн Дон бэлтгэлээ саяхнаас хийж эхэлснийг Олон улсын теннисний холбоо цахим хуудсандаа мэдээлсэн байна билээ. Хүмүүс түүнийг Парисын олимпод оролцсоныхоо дараа зодог тайлна хэмээн ярьж байв. Энэ удаагийн Азийн АШТ тэдэнд томоохон сануулга, цочрол өгч, Фан Зэн Доныг шийдвэрээ өөрчлөхөд хүргэсэн болов уу. Хэрвээ тэрбээр тоглолтын талбарт дахин гарвал “Лос-Анжелес-2028” олимпод өрсөлдөх л байх. Казахстан улс тивийн тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулж, тамирчид нь шигшээ наймд үлдсэн. Улсынх нь Ерөнхийлөгч хаалтын тоглолтыг ирж үзэхийг харах бидэнд тун сонирхолтой санагдсан. Тэрбээр залуудаа ширээний теннис тоглодог байсан гэдэг.
-Манайхан хойшид сайн хичээхгүй бол Азийн орнуудын багаас шалгарч тив, дэлхий, олимпын наадмын эрх авна гэдэг амаргүй шүү дээ.
-Монголын ширээний теннисний шигшээ багийнхан гадаадын тамирчдаас хурд, ур чадвараар дутахгүй. Харин тактикийн тоглолтод алдаа гаргадаг. Тамирчид тэмцээний өмнө өрсөлдөгчийнхөө тоглох арга барилыг судалж, хэрхэн тоглохоо тооцоолдог. Ямар ч тэмцээнд дасгалжуулагч, тамирчин судалгаатай оролцох нь хамгийн зөв. Ингэх нь амжилт гаргахад нөлөөлнө. Гадаадын тамирчид тэмцээнд томоохон багийн бүрэлдэхүүнтэй, тактик судлаачтай оролцдог. Тиймээс дэлхийн шилдэг багуудтай таарахгүй ч гэсэн ширээний теннисийг Монголын хэмжээнд хөгжүүлсэн улсын тамирчдын арга барил, техник, тактикийг сайтар судалж тоглох нь зүйтэй.
-Та олон улсын тэмцээн дэнсэлдэг гадаадын шүүгчидтэй энэ удаа ч бас таарсан байх. Тэдэнтэй хэр холбоотой ажилладаг вэ?
-Би 2018 онд олон улсын шүүгч болж, 2020 онд Шведийн Оребро хотод, өнгөрсөн жил ХБНГУ-д зохион байгуулсан олон улс, энэ удаа Казахстаны Астанад зохион байгуулсан Азийн АШТ-ийг дэнсэллээ. Өнгөрсөн жилийн есдүгээр сард ширээний теннисний дүрэм шинэчлэгдэж, бөмбөг давуулалт, тоглолтын дунд өрнөж буй үйл явцаас хамаараад зарим нэг заалтад өөрчлөлт орсон. Миний хувьд гадаадын шүүгчидтэй холбоотой байж, мэдээлэл солилцдог юм. Спорт эрчимтэй хөгжиж буй өнөө үед олон улсын шүүгчид орчноосоо хоцрохгүйн тул байнга судалгаа хийж, нэгнээсээ суралцаж байна. Өмнө нь олон улсын тэмцээнд хамт ажилласан шүүгчидтэй энэ удаа таарсан. Монголд болсон олон улсын хоёр тэмцээний тоглолт дэнсэлсэн Ираны шүүгч бүсгүй Азийн АШТ-ий ерөнхий шүүгчээр ажиллалаа. Түүнээс гадна БНСУ, Сингапур, Тайланд, Японы шүүгчтэй тэмцээний өмнө уулзаж санал бодлоо хуваалцсан.
-Ширээний теннисний олон улсын шүүгчид зэрэглэлтэй байдаг юм билээ. Таныг зэргийн шалгалт өгөхөөр Азийн АШТ-ий өмнө Казахстаны Астана хотыг зорьсон гэж сонссон.
-Монгол шүүгчдийн олонх нь цагаан бүстэй. Казахстанд болсон Азийн АШТ-ийг шүүхийн зэрэгцээ цэнхэр бүсний шалгалт өгөхөөр очсон ч хэлний мэдлэгээ ахиулах шаардлага гарч нэг жил хойшлууллаа. Тэнд шалгалтын өгөхийн тулд цахим хичээл үзэж, сургалтад суусан ч яг шалгалт өгөхийн өмнө өөрийгөө чамласан. Дүрмийн шалгалтад тэнцэж болох ч англи хэл дээр бөглөх тестийн асуултыг сайтар ойлгох шаардлагатай. Миний хувьд ийм шалгаанаар шалгалтаа хойшлуулсан. Түүнээс биш тэмцээний үйл явцад оролцож шүүгчидтэй ойлголцох, тоглолт дэнслэхэд хэлний бэрхшээл төдийлөн гарахгүй. Харин бичгээр шалгалт өгөхөд хэлний түвшин зайлшгүй хэрэгтэй болно. Тиймээс англи хэлний сургалтад суухаар төвүүдийг судалж байгаа. Цэнхэр бүсний шалгалтад тэнцсэн тохиолдолд ДАШТ, олимпын наадмын тоглолт шүүх эрхтэй. Бүсний зэрэглэл дээшлэх тусам олон улсын шүүгчдийн үүрэг, хариуцлага нэмэгддэг. Шар бүсний шалгалтыг амжилттай өгсөн шүүгч ДАШТ, олимпын наадмын тэмцээнийг зохион байгуулах төдийгүй ерөнхий шүүгчээр ажилладаг юм. Казахстанд болсон тивийн тэмцээний үеэр надаас гадна БНХАУ, Молдавын олон улсын шүүгч шалгалт өгөхөөр ирсэн. Тэднээс өмнөд хөршийн шүүгч шалгалтад тэнцсэн. Тэрбээр 25 настай. Азийн АШТ-д ажилласан олон улсын шүүгчдээс насаар хамгийн залуу нь байв.
-Олон улсын шүүгчдийг судлахад олонх нь спортын орчинд карьер, ажил, амьдралаа өнгөрүүлсэн байдаг. Та ч гэсэн ширээний теннис тоглож, шүүгч болох замналаа эхлүүлсэн биз?
-Тийм ээ. Миний хувьд 1986 оноос хойш ширээний теннисээр хичээллэсэн. 1990-ээд оны сүүлчээр гадаадад ажиллаж, амьдрахаар хилийн дээс алхаж байв. Эх орондоо олон жилийн дараа хөл тавьж, энэ спорттой эргээд нөхөрлөсөн. Одоо ахмад насныхны тэмцээнд оролцохын зэрэгцээ дотоод, гадаадын томоохон тэмцээнд олон улсын шүүгчээр ажилладаг. Дорнод аймагт өнгөрсөн намар болсон ахмадын УАШТ-д ширээний теннис тоглодог гурван найз нэрийнхээ эхний үсгээр DGB баг байгуулж өрсөлдсөн. Бид аваргын төлөөх тоглолтод өрсөлдөгчөө 3:0-ээр хожиж, тэргүүн байрт шалгарсан шүү.
-Тамирчны амжилт, карьер, хувь заяа шүүгчийн шүүлтээс их хамаардаг. Олон улсын шүүгч тамирчин байхаас хэцүү гэсэн бодол төрөөгүй юү?
-Монголд ширээ теннис 2010 оноос хойш улсын болон олон улсын шүүгчтэй болсон. Үүнээс өмнө теннис тоглодог тамирчдыг дотоодын тэмцээнд шүүгчээр ажиллуулдаг байв. Миний хувьд шүүгч болсон минь нэг зүйлтэй холбоотой. Төрсөн дүү минь 1996 онд Орхон аймагт зохион байгуулсан ширээний теннисний УАШТ-д оролцсон. Тэрбээр аваргын төлөөх тоглолтод шүүгчийн буруу шүүлтээс болж медальгүй хоцорсон. Шүүгч тоглолтыг илт буруу шүүхэд дүү маргаж, тоглолтоо үргэлжлүүлэхгүй орхиж байлаа. Түүнээс хойш дахиж тоглоогүй. Би тэр тэмцээнийг үзсэн болохоор хойшид тамирчдын тоглолтыг дүрмийн дагуу шударга, үнэн, зөв шүүх ёстойг ойлгосон юм. Тамирчдын амжилт, карьер, хувь заяа шүүгчээс хамаардаг нь үнэн. Тиймээс ажилдаа өндөр үүрэг, хариуцлагатай хандах ёстой. Тухайн үед манай тамирчид тэмцээний үед хэдэн минутын завсарлага авдгийг ч мэддэггүй байсан шүү дээ. Би тэр үед дүүгээ завсарлага авхуулж, зөвлөсөн бол аварга болох ч байсан юм бил үү гэж боддог. Саяхан бөхийн тэмцээний бичлэг сонирхож үзлээ. Монголын тамирчин гадаадын бөхийг үүрч шидээд ялж байхад шүүгч нөгөө талд ялалтыг өгч байх юм. Хүчний спортоос бокс, жүдо, чөлөөт бөхийн тэмцээнийг шүүгчид шударга, зөв дэнслэхгүй бол тамирчдын амжилт талаар болж, дэвжээнд дахин гарах хүсэлгүй болно шүү дээ. Ширээний теннисний тоглолт үзэгчдийн өмнө ил тод өрнөдөг тул луйвар орсон шүүлт хэзээ ч байдаггүй.
-Олон улсын шүүгчгүй орон өдгөө ховор болсон. Тухайн улсын шүүгч, дасгалжуулагч тэмцээний үед тамирчдадаа түшиг тулгуур болдог тал бий.
-Манай тамирчид Азийн АШТ-д оролцохдоо гурван шүүгчээ хараад сандарч, эмээлгүй тайван тоглосон. Гэхдээ бид өөрийн улсаас бусад орны тамирчдын тоглолтыг шүүсэн. Би эмэгтэйчүүдийн ганцаарчилсан, холимог хосын тоглолтыг дэнсэлсэн юм. Тэднээс Энэтхэгийн тамирчин Маника Батрагийн тоглолт их сонирхолтой. Тэрбээр холимог хосын төрөлд БНАСАУ, ганцаарчилсан төрөлд эзэн орны тоглогчийг нутагт нь хожсон. Өндөр биерхүү, урт гартай болохоор хүрэхгүй бөмбөг байхгүй. Түүний барьсан цохиур нь ардаа арзгар резинтэй тул өрсөлдөгчийнхөө довтолгоо сулруулж, бөмбөгийг нь унагаж байлаа. Өөртөө ашигтай бөмбөг авчирч, өвөрмөц арга барил, техникээр тоглодог түүний ур чадварыг биширсэн. Тэрбээр амжилтынхаа чансаагаар дэлхийн шилдгүүдийн эхний 64 дүгээр байрт бичигддэг юм билээ.
-Ширээний теннисний олон улсын тэмцээнд оролцдог Ази, Европын тамирчдын тоглох арга барил, техник өөр харагддаг. Шүүгчийн хувьд ялгааг нь үзэгчдээс илүү олж хардаг байх.
-Сүүлийн үед Ази, Европын тамирчид бөмбөг давуулалтаа маш богино хийж, хурдтай довтлон өөртөө ашигтай бөмбөг авчрах зорилготой тоглож байна. Хэн нь өрсөж хурдтай довтолно, тэр хэрээр оноо авдаг. Европын тамирчдаас Парисын олимпод оролцсон Францын ах, дүү тамирчны тоглолт маш их таалагдсан. Нэг нь ази барилттай, хоёр талаараа тоглодог. Нөгөө нь европ техниктэй. Тэд ХБНГУ-д болж буй “Дэлхийн цом”-ын цувралд дээгүүр үзүүлэлттэй харагдсан. Францын тоглогчид ганцаарчилсан төрөлд Парисын олимпоос хүрэл медаль зүүсэн шүү дээ. Азийн АШТ-ий тоглолт Япон, Энэтхэг, Ираны тамирчдад Хятадын шилдгүүдийн ноёрхлыг зогсоож болох нь гэсэн итгэл найдвар төрсөн тул бэлтгэлээ улам чамбайруулах байх. Энэ удаа Японы ах, дүү тамирчин болох Томоказү Харимото, Мива Харимото нар сайн тоглосон. Ах нь анх удаа Азийн аварга болж, улсынхаа хөгжөөн дэмжигчдийг баярлууллаа. Японы тамирчид 1974 оноос тивийн тэмцээнд нэг ч түрээлээгүй. Тэгвэл Томоказү Харимото 50 жилийн дараа эх орондоо түүхэн амжилтыг авчирсан. Түүний дүү ганцаарчилсан төрөлд мөнгө, хосынход хүрэл, багийнхад алтан медаль хүртлээ. Токиогийн олимпын тэмцээнд Томоказү Харимото холимог хосын төрөлд түрүүлж, алтан медаль хүртэж байв. Ах нь 15 настайдаа ширээний теннисний спортод цахиур хагалж, Хятадын аваргуудтай эн тэнцүү өрсөлддөг болсон юм. Тэрбээр дэлхийн шилдгүүдийн эгнээнд жагсдаг ч өмнө нь тивийн тэмцээнд түрүүлдэггүй байлаа.
-Танай хүүхдүүд ширээ теннис тоглодог уу?
-Манай хүүхдүүд сагсан бөмбөг, волейбол тоглодог. Гэр бүлийнхэн минь дэмжиж, ойлгодгийн ачаар ширээний теннисээр үргэлжлүүлэн тоглож, гадаад, дотоодын тэмцээн шүүж байна.