Нийгэм асар хурдтай өөрчлөгдөж, техник, технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн хэрэглээ тэлж, амар хялбар бүхэн рүү тэмүүлэн, үргэлж шинийг эрэлхийлэх болжээ. Тиймдээ ч хүмүүс ямар цаг үед төрж, өссөнөөсөө хамааран өөр зан төлөв, хандлагатай болдог гэнэ. Үүнтэй холбоотойгоор судлаачид хүний төрсөн цаг хугацааг тодорхой үечлэлд хуваан авч үздэг болсон. Тухайлбал, X, Y, Z, альфа гэх мэт хэд хэдэн үечлэлд хуваасан талаар сонсоогүй хүн үгүй биз. Саяхан л Z үеийнхний тухай яриа шинэхэн сонсогддог байв. Харин өдгөө тэдний дараагийн буюу альфа үеийнхний харилцаа, хандлага олон нийтийн анхаарлыг татах боллоо. Цаашид ч олон шинэ үеийнхэн төрөн гарна. Тиймээс үе хоорондын ялгаа нь хэзээд яригдах, мөнхийн сэдэв гэхэд болох нь. Энэ удаад Z болон альфа үеийнхний ялгааны талаар мэдээлэл хүргэе.
ЗӨВХӨН ХЭРЭГЛЭГЧ БУС, ШИНИЙГ САНААЧЛАГЧ, ЗОХИОН БҮТЭЭГЧИД
1997-2010 онд төрсөн хүмүүсийг Z үеийнхэнд хамруулах жишиг олон улсад бий. Тэд цахим сүлжээ болон элдэв платформын суурь тавигдаж байх үед төрсөн. Тиймээс тэдний хувьд цахим орчин нь харилцаа холбооны гол түлхүүр болдог. Тэднээс өмнөх үеийнхэн үндэсний телевизийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр, эсвэл долоо хоног тутмын сониноос мэдэх эрх, хэрэгцээгээ хангадаг байв. Харин Z үеийнхэнд цахим орчин байхад л хангалттай. Энэ үеийнхэн цахим орчноос өөрт хэрэгцээтэй мэдээллээ хайж олох сонирхолтой болсон нь хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлагыг өөрчлөх шалтгаан гэхэд ч хилсдэхгүй. Бидний мэдэх сонирхлоороо нэгдсэн хүмүүсийн фэйсбүүк групп, инстаграм хаштаг зэргийг ч Z үеийнхэн бүтээжээ. Тухайлбал, “нэг өдөр, нэг зураг” зэргийг бүтээсэн. Z үеийнхэн бол тренд дагагч биш. Харин ч эсрэгээрээ өөрсдийн соёлын онцлогийг гардан бүтээж, шинэ трендүүдийг бий болгосоор ирсэн юм. Цахим ертөнцөд “мийм” гэх хошин тайлбартай, инээдтэй зургийг бараг л урлаг мэт хөгжүүлсэн. Энэ мэт шинэ ойлголтыг нийгмийн өөрчлөлтөд ашиглах нь Z үеийнхний гол онцлог. Тэд зөвхөн хэрэглэгч бус, шинийг санаачлагч, зохион бүтээгч юм. Эл үеийнхэн өөрсдийгөө үргэлж шинэ мэдээллээр цэнэглэж, нийгмийн олон төрлийн асуудалд илүү мэдрэмжтэй ханддагаараа өмнөх үеийнхнээсээ онцгойрдог аж.
ӨЛГИЙТЭЙ ҮЕЭСЭЭ БОЛОВСРОЛ ЭЗЭМШИЖ, БҮХ НАСААРАА СУРАЛЦАНА
2010 оноос хойш төрсөн хүүхдүүдийг альфа үеийнхэн гэлцдэг. Тэд бол технологийн дэвшилтэд ертөнцөд өсөн торнисон хүүхдүүд. Эхийнхээ хэвлийд бүрэлдэх үеэсээ л дижитал ертөнцтэй нөхөрлөсөн хүүхдүүд гэсэн ч болохоор. Тэгэхээр альфанууд өөрсдөө ч мэдэлгүй дижитал ертөнцийн хэрэглэгч байтугай эд эс нь болсноороо өмнөх үеийнхнээсээ ялгарна. Тиймээс альфа үеийнхэн интерактив боловсрол, тоглоомын аргаар суралцах дуртай. Альфа хүүхдүүд илүү тэнцвэртэй, түрэмгийлэл бага. Түүнчлэн бараг л өлгийтэй үеэсээ эхлэн бүхий л насаараа суралцах тул урьд өмнөх үеийнхнээсээ илүү боловсролтой байх гэнэ. Энэ хүүхдүүдийг өөрөөр “шилэн үеийнхэн” гэж нэрлэх нь ч бий. Учир нь шилэн төхөөрөмж буюу техник, технологи тэдний харилцаа холбооны гол хэрэглэгдэхүүн болж буй. Эхэн үеийн альфанууд төрөхөд “Apple” компани “iPad”-аа анхлан танилцуулж байв. Ингэснээр эл үеийнхэн бага балчир наснаасаа эхлээд “iPad”, таблет зэрэгтэй “нөхөрлөдөг” болсон. Тиймээс техник, технологи ашиглах ур чадвар тэдний “цус”-нд бий гэхэд хилсдэхгүй. Альфа үеийнхний хувьд уламжлалт сэтгэлгээ, ажиллах арга хэлбэрүүд дэндүү хуучинсаг, уйтгартай санагддагийг социологич, сэтгэл судлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Эл үеийнхэн хэлд орохоосоо ч өмнө ухаалаг утас, цахим хэрэгсэлтэй харилцаж сурсан. Тэгэхээр энэ үеийнхнийг зөвхөн эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчид бус, дижитал орчин ч давхар хүмүүжүүлдэг гэсэн үг. Үүнд бас амьдралын хэв маяг, эцэг, эхийнх нь завгүй байдал ч нөлөөлдөг аж. Альфа хүүхдүүд дэлгэцтэй хэт ойр байж, цахим ертөнцийн асар их мэдээлэл дунд хил хязгааргүй нэвтрэхийн хэрээр амьд харилцаа нь улам бүр хумигдаж, үгийн баялаг нь багасаж, хүмүүжил нь доголдох зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэж буйг судлаачид анхааруулах болов. АЛЬФАНУУД ШИНЭ ТҮҮХ БҮТЭЭХ ҮҮ Альфанууд оюун ухаант хүнтэй бус, роботуудтай өрсөлдөх магадлалтай гэдэгт судлаачид маргах болжээ. Магадгүй энэ нь ч үнэний ортой байх. Техник, технологи улам бүр хөгжихийн хэрээр хүмүүс роботыг олноор зохион бүтээх нь тодорхой. Роботуудтай өрсөлдөх цорын ганц арга бол EQ юм. EQ нь бусдын сэтгэл хөдлөл, эрмэлзлийг таньж мэдэх, ойлгох, бодит даалгавруудыг шийдвэрлэхийн тулд өөрийгөө хянах чадвар юм. Жишээ нь, хүмүүс амжилттай ажиллахын тулд дасан зохицож, мэдээлэлтэй ажиллах, бусадтай огтлолцох цэгийг олох чадвартай байх ёстой гэж олон улсын томоохон ажил олгогчид үздэг. Тэгэхээр Z төдийгүй альфанууд EQ-гээ сайтар хөгжүүлэх шаардлагатай болох нь. Z болон альфа үеийнхэн эдийн засаг, соёл болон технологийн салбарт тун хурдтай хөлөө олж, хоорондоо өрсөлдөн, түүчээлэх хандлагатай байгаа. Тэдний сэтгэхүй, хариуцлага, цахим орчны талаарх мэдлэг зэрэг нь энэ үеийнхний оршин тогтнох гол түлхүүр гэнэ. Альфанууд технологийн дэвшлийг хүлээн авч, ашиглахдаа Z үеийнхнээс хамаагүй илүү аж. Мөн Z үеийнхэн нийгмийн асуудалд голчлон анхаарал хандуулдаг бол альфа нар дижитал шинэчлэлд цаг заваа илүүтэй зориулдаг юм байна. Шинэ үеийн хүүхдүүд нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх, технологи ашиглах, шинийг санаачлах төрөлхийн чадвартай. Түүнчлэн энэ хоёр үеийнхэн багаасаа л маш их үүрэг хариуцлага мэдэрч, аливаад нухацтай ханддаг онцлогтой.
Жишээлбэл, тэд яагаад гэдэгт бус, хэрхэн, яаж гэдэгт төвлөрдөг. Тэднийялгаатайбайдалньболовсролын систем, сургалтын агуулга, арга зүйг шинэчлэх нэн шаардлагатайг сануулах шиг. Тэгэхээр аль нэг үеийг нь хамгийн сайн гэж дүгнэх боломжгүй юм. Учир нь аль ч үед өөр өөрийн гэсэн онцлог, давуу болон сул талууд бий.
БИЕ ДААСАН БАЙДАЛД ДУРТАЙ
Тэд багаасаа л төрөл бүрийн ухаалаг төхөөрөмж ашиглан, уншиж, бичиж сурахаасаа ч өмнө юүтүб, тик ток зэргийг ашигладаг болсон. Тухайлбал, өнөөгийн хүүхдүүдийн 90 орчим хувь нь хоёр настайдаа ухаалаг төхөөрөмж ашиглаж сурчээ. Бас таван хүүхэд тутмын нэг нь 3-4 насандаа ухаалаг төхөөрөмжтэй болдог гэсэн судалгаа бий. Технологийн эрин үед төрсөн хүүхдүүдийн хувьд виртуал орчин болон бодит ертөнцийг хооронд нь төдийлөн ялгаж чаддаггүй гэнэ. Тиймээс тэдний нэг зүйлд анхаарлаа удаан төвлөрүүлэх чадвар нь харьцангуй бага аж. Өдөрт багадаа хоёр цагийг цахим платформ ашиглаж, зурагт үзэхэд зарцуулдаг. Альфануудын нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх хугацаа нэг секунд болж байгааг судлаачид онцолжээ. Тэдний хувьд нэг секунд гэдэг нь тухайн контент сонирхолтой, эсэхийг мэдэх хангалттай хугацаа. Тиймдээ ч альфа хүүхдүүд өөрт нь чухал биш, таалагдаагүй мэдээлэлд цагаа үрэхгүй гэж онцолжээ. Иймд энэ ачааллыг давахын тулд тэдний тархи “дайтах” ёстой болдог. ТЭД ЮУ ҮЗЭХЭЭ МАШ САЙН МЭДДЭГ Альфанууд багагүй хугацааг цахим ертөнцөд өнгөрүүлдэг. Ингэхдээ хэрэгцээтэй зүйлсээ олж, өөрийгөө хөгжүүлж, аливааг сурч мэдэхэд зориулж чаддаг гэнэ. Тэд унших, сонсох, үзэх зүйлсээ өөрсдөө сонгодог. Гэхдээ аль тааралдсанаа бус, өөрт хэрэгцээтэйг шүүн сонгодог давуу талтай. Хүүхэлдэйн кино үзэхдээ хүртэл цаад санааг нь ойлгохыг хичээдэг. Түүнчлэн тэд хүнээр загнуулж, олон арван даалгаварт дарагдаж, хэн нэгний хий гэснийг л хийдэг хүн болохгүй. Учир нь тэдэнд бие даан суралцах, өөрийн сонирхдог, судалдаг зүйлсээ эрж хайх хүсэл бий. Альфа үеийнхний даган дуурайдаг хүмүүс гэвэл нөлөөлөгч Cami буюу А.Чамин-Эрдэнэ болон Gremix хэмээх М.Ганбаяр нар багтана. Бага ангийн хүүхдүүд хүртэл тэднийг сайтар судалж, ямар хоол идэх дуртайгаас эхлээд хаана амьдардгийг нь ч мэддэг болсон. Өөрөөр хэлбэл, альфанууд хүссэн мэдээллээ төвөггүй авч чаддаг.
У.Цэцэгсүрэн