Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит “Хүрэн морь” яруу найргийн наадмыг 34 дэх удаагаа зохион байгуулахаар болсноо Монголын зохиолчдын эвлэлээс мэдээлэв. Уг наадмын шалгаруулалт гурван үе шаттай аж. Нэгдүгээр шатанд хэдэн ч яруу найрагч шүлгээ ирүүлж болох нь. Тэднээс шилдэг 25 уран бүтээлч хоёрдугаар шатанд оролцох аж.
Гуравдугаар шатанд шилдэг 15 яруу найрагч оролцож, шүлгээ уншиж өрсөлдөх юм байна. Тэднээс шилдэг тавыг нь шалгаруулж урамшуулах нь. Нэгдүгээр шатанд оролцох яруу найрагчид бүтээлээ энэ сарын 14-ний 18.00 цаг хүртэлх хугацаанд Монголын зохиолчдын эвлэлийн Баянхонгор аймаг дахь салбарт ирүүлэх ёстой. Наадам энэ сарын 20-нд Баянхонгор аймагт болох юм байна.