Сэтгэл хөдөлгөм түүх гэж байдаг. Гудамжаар битүү хөглөрөх дурсамжууд бий ч тэр л нэгний намтаргүй бол амтгүй, аргуу болно. Хүний амьдрал асаж, бөхсөөр элээгдэх ч хойч үеийнхээ эх ундарга болох нь их аж.
Ширээний голд лааны гэрэл бүдэгхэн асаж, дарс, хундага хоршилдоно. Уушийн газар шиг энэ танхимын ширээ бүрд 3-4 хүн суух ба янз янзын сүрчгийн үнэр холилдон үнэртэнэ. Энд цугласан бүхэн Эдит Пиаф хэмээх эмэгтэйн наманчлалыг сонсохоор ирсэн нь энэ. Тайз засал ч хэтэрхий энгийн бөгөөд тэг голд “Edith Piaf” гэх бичигтэй пянз эргэж харагдах нь 10 жилийн өмнөх юуг ч хөндөөгүйг харуулж буй. Жүжгийн эхний хэсэгт цэл залуухан Пиафын тухай өгүүлэх бол хоёрдугаар хэсэгт түүний амьдралын сүүлийн жилүүдийг өгүүлдэг. Намхан нуруутай, шингэн үстэй, шавилхан биетэй энэ бүсгүйг дэндүү дур зоргоороо, бүр “галзуу” гэхэд ч буруудахгүй.
2013 онд Оросын зохиолч Нина Мазурын зохиолыг Театрын урлагийн нэрт найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулж, гол дүрд Гавьяат жүжигчин Ц.Баясгалан тоглосон. Гол онцлог нь энэ бол моно мюзикл жүжиг. Театрын бүтээлийг тайзны олон жүжигчин, бүрэн бүрэлдэхүүнээр төсөөлдөг манай үзэгчдэд эл жүжгийн төрөл шинэ хэвээр л. Үүнийг нэг хүний жүжиг, монолог жүжиг гэх нь ч бий. Моно жүжигт ганцхан жүжигчин тайзан дээрээс бүх ур чадвараа “шавхаж”, үйл явдал, сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг тул авьяасгүй уран бүтээлч энэ төрөлд тэсэж үлдэх нь юу л бол. Түүнчлэн энэ жүжиг үзэгчидтэй шууд харилцаа үүсгэдгээрээ онцлог тул ийм л хязгаарлагдмал, “тусгай” орчин бүрдүүлэх нь хамгийн зөв сонголт билээ. Мэдээж моно жүжигт нэг л дүрийн амьдралын түүхийг өгүүлэх нь элбэг. Гавьяат жүжигчин Ц.Баясгалан бол энэ төрөлд мастер нэгэн. Тиймээс ч театр луу зорихдоо “Хэр юм болсон бол доо” гэж биш, “Сайхан юм үзье” гэсэн сэтгэгдэлтэй явсан юм.
Анхны дурлал нь бүтэлгүйтэхэд, дахиж хэзээ ч дурлахгүй гэж тэр өөртөө амлаагүй. Харин өвчин тусаж, өтөл болсон ч улам эрх чөлөөтэй дурласаар явсан Пиафын энэ чанарыг төгсгөл хэсэгт хадгалж үлдсэн нь жүжгийн оновчтой шийдэл болжээ. Түүний “Non, je ne regrette rien”, “Hymne A L’amour”, “Padam, padam”, “Sous le ciel de Paris”, “La vie en rose” зэрэг дууг жүжигчин Ц.Баясгалан тун чадварлаг дуулсан. Тэрбээр тус дүрд ажиллаж эхэлсэн цагаасаа л франц хэл сурч, Пиафын дуунуудыг сонсголоороо бус, үгчилж сурсан нь энэ юм.
Пиаф бол бодит дүр. Уран сайхны дүр шиг өөрийн төсөөллөөр “амилуулах” боломжгүй. Түүнд Б.Баатар найруулагч “Тайзан дээр чиний ганц хань чинь энэ пянз. Энэ пянзаар чи хамтрагчаа хий. Бас шуум бол чиний хань” гэж хэлж байж. Жүжиг тэр чигтээ Пиафын амьдралын өгүүлэмж. 1915 оны арванхоёрдугаар сарын хүйтэнд Парисын нэгэн эмнэлэгт төрсөн ч эх нь түүнийг орхин явсан. Акробатчин эцэгтэйгээ ядуу тарчиг өсөж, хайртай хүмүүсээ алдаж, сэтгэлийн зовлон амссан ч тэр Парисын дууч шувуухай болж, өнөө ч эгшиглэсээр буй нь эг маггүй түүний л амьдрал шүү дээ. Пиаф монологоо үзэгчдийн дундуур явж байхдаа уншиж, заримдаа тэднээс асуулт асууж байлаа. Хэдий ганц хүн ч гэсэн үзэгчдийг татаж, уриалан дуудаж болдгийг энэ тоглолтоос олж харж суулаа.
Гавьяат жүжигчин Ц.Баясгалан “Театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза” олон улсын наадам 10 жилийн ойгоороо моно жүжгийн номинацыг анх оруулж байв. Ардын жүжигчин С.Сарантуяа эгч “Баясаа, чи дуулдаг юм чинь Эдит Пиаф чамд яг тохирно” гээд санал болгож байсан. Тэгээд л би Б.Баатар найруулагчтай уулзсан юм. Жүжгийн зохиолоо уншиж байх үедээ энэ эмэгтэй ямар сонин өөрийнхөө эрүүл мэндэд хайргүй, зоргоороо, өөрийгөө хайр гамгүй эдэлсэн юм бэ гэж бодсон. Бас ямар их зовлон үзсэн юм бэ, яагаад ийм эрт нас барчихсан юм бол, ямар их хар тамхи, архи, захгүй их зугаа цэнгэл вэ гээд л. Хэрэв Пиафт болжмор шиг хоолой заяагаагүй бол тэр зүгээр л янхан байх байсан. Тэр бол байгалийн содон үзэгдэл. Тиймээс ч энэ жүжигт тоглох бүрд бахархах сэтгэл төрдөг юм” гэв. “Моно жүжгийн” гэсэн тодотгол оноож болохуйц түүнээс уг жүжгийн онцлог, сайхны тухай асуухад “Хэн нэгэн авьяасгүй жүжигчинд итгэж биш, бүх зүйлийг өөрийн гарт авч тоглоно гэдэг эрх чөлөө. Моно жүжигчин болохын тулд тодорхой ур чадваруудыг өөртөө “суулгах” хэрэгтэй. Тэр тайзан дээр ганц хүн юу хийдэг юм гэж боддог байж магад. Гэхдээ энэ жүжгийг хамгийн тансаг зэрэглэлийнх гэж би тодорхойлно. Найруулагч маань төрөлхийн авьяастай, гайхалтай нэгэн. Эл жүжгээ аль ч хэлээр тоглосон, хэн ч хараад ойлгохоор найруулсан тул хаана ч бардам тоглодог. Цаашид ч Б.Баатар найруулагчийн тавилтаас юуг ч өөрчлөхгүй. Бас үүнийг би хэнээр ч хөндүүлэхгүй” гэсэн юм.
Жүжиг өндөрлөхөд жүжигчин Ц.Баясгалан хамтран ажилласан хүмүүстээ талархал илэрхийлж, энэ жүжгийн найруулагч Б.Баатар агсны гэргий Н.Баярсайханыг тайзнаа урив. Тэрбээр нулимстайгаар энд ирсэн хүн бүхэнд, ялангуяа жүжигчин Ц.Баясгаланд талархал илэрхийлж, үг хэлсэн юм.
Энэ жүжгийн зохиолч Нина Мазур одоогоос 10 жилийн өмнө манай сонинд өгсөн ярилцлагадаа “Аливаа хүн амьдралд нь тулгарсан бэрхшээл, үйлийн үрээ хэрхэн давж гарч байгаа нь надад сонирхолтой санагддаг. Сүмд лам нар хүмүүсийн нүглээ наманчлахыг сонсож суудаг. Тэгэхээр хүн тайзан дээр сэтгэлээ нээж, нүглээ наманчлахыг харж, сонсох үзэгчдэд сонирхолтой байх. Тэр хүний оронд өөрийгөө төсөөлдөг. Түүний нулимсаар уйлж, инээдээр нь инээж, алдаанаас нь суралцдаг” хэмээж байж. Нойрмоглохдоо мөрийг нь хальт дэрлээд унтчихсан залуудаа ухаангүй дурлаж, дуу зориулж явсан Пиаф бол яг л Парисын дууч шувуухай. Гудамжаар битүү хөглөрөх дурсамжууд бий ч тэр л нэгний намтаргүй бол амтгүй, аргуу болно. Түүний нэг бол Эдит Пиаф.
Д.ХҮСЛЭН