Монгол Улсын Батлан хамгаалах яам (БХЯ)-ыг иргэний байгууллага уу, цэргийн байгууллага уу гэдэгт зарим хүн эргэлздэг. Уг нь бол 1990-ээд онд улс оронд өрнөсөн шинэчлэлт өөрчлөлтийн хүрээнд иргэний хяналтыг зэвсэгт хүчинд тавих зорилгоор энгийн хүнээр эл яамыг удирдуулах болсон байдаг. Барууны, ардчилсан олон оронд энгийн улс төрч, тэр дундаа эмэгтэй хүн БХЯ-аа удирдаж байв. Үүний бодит жишээ бол өнөөгийн Европын комиссын дарга Урсула Гертруд фон дер Ляйен билээ.
Европын комиссын анхны эмэгтэй дарга тэрбээр 2013-2019 онд ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан юм. ХБНГУ-ын БХЯ нь цөөн хүнтэй, зэвсэгт хүчиндээ тавих хяналтаа жинхэнэ ёсоор хэрэгжүүлдэг, норм нормативаа хангахгүй байгаа цэргийн ангийн дарга нарыг өршөөлгүй чөлөөлдөг эрхтэй гэдэг. Харин манай өнөөгийн БХЯ цэргийн ч биш, иргэний ч биш чиг үүрэг хэрэгжүүлдэг, салбар болсон гэхэд хилсдэхгүй. Тийм ч учраас БХЯ-нд өөрт нь иргэний хяналт тавих хэрэгцээ, шаардлага бий болоод байна гэхэд нэг их хэтийдсэн болохгүй биз ээ.
ХЯНАДАГ УУ, ТОНОДОГ УУ
Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 15.1-т “Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь батлан хамгаалах бодлогыг боловсруулж, түүний улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн чиглэлийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ” хэмээн заасан байдаг. Үүнийг үндэслэн иргэний хяналтыг хэрэгжүүлэхийн тулд Батлан хамгаалахын сайдаар улс төрийн албан тушаалтан энгийн хүмүүсийг томилж буй гэдэг. Өмнөх Засгийн газрын үед Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан дэслэгч генерал Г.Сайханбаяраас бусад нь голдуу улс төрчид байсан. Зарим нь цэргийн хэргийн хагас дутуу мэдлэгтэй, сургуульд нь сурч байгаад замын дундаас гарсан нөхөд улс төрч болоод БХЯ-ыг удирдсан нь ч бий. Хамгийн сүүлд Батлан хамгаалахын сайдаар томилогдон, өдгөө ажил үүргээ гүйцэтгэж буй С.Бямбацогт ч цэргийн сургуульд сурч байсан гэдэг.
Зэвсэгт хүчинд иргэний хяналт тавих нэрийн дор очсон үе үеийн Батлан хамгаалахын сайд нар энгийн хүмүүсийг цэргийн байгууллагын албан тушаалд томилдог явдал хавтгайраад буй. Хамгийн сүүлд гэхэд Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хэд хэдэн энгийн иргэнийг батлан хамгаалах бодлого боловсруулах яамныхаа албан тушаалд томилсон байгаа юм. Тухайлбал, батлан хамгаалах хууль тогтоомж, бодлого, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, зэвсэглэл, техникийг шинэчлэх, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, гадаадын зээл, тусламжийг зохицуулах, материал хэрэгслийн хангалтын бодлого, үндсэн хөрөнгийн асуудлыг зохицуулах, салбарын худалдан авах ажиллагааг зохион байгуулах, тус салбарт ажиллагсдын нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэгтэй БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (БХЗГ)-ын даргаар Ц.Одхүү гэх энгийн иргэнийг томилжээ. Уг нь эл албан тушаалд хурандаа Р.Энхболд хэмээх хэд хэдэн орны гадаад хэлний мэдлэгтэй, цэргийн мэргэшсэн алба хаагч ажиллаж байсан юм билээ. Түүний албан тушаалыг нэг шатлал бууруулснаар тус газартаа Ц.Одхүүгийн удирдлага дор ажиллаж буй гэнэ. Ц.Одхүүгийн хувьд С.Бямбацогтыг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхад нь ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаал хашиж асан нэгэн. Батлан хамгаалахын зарим сайд өөрсдийн хүмүүсийг дагуулан ирж албан тушаалд томилж, сүүлдээ цэргийн цол олгодог явдал нэг бус гарсан. Тэдгээр томилогдсон албан тушаалтнууд элдэв хэл аманд орсон нь ч бий. БХЗГ хэмээх гол чиг үүргийн газрын даргад энгийн хүн томилсон тохиолдол ч цөөнгүй. Батлан хамгаалахын сайдаар Ц.Цолмон ажиллаж байх үед БХЗГ-ын даргаар томилогдсон нэгэн хүн багагүй хэмжээний хахууль аваад үйлдэл дээрээ хууль сахиулагчдад баригдсан удаатай. Нэгэн тендерт хахууль өгөгч аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгохын тулд уг мөнгийг авсан байдаг. Үүнээс өмнө Батлан хамгаалахын сайдаар Д.Дорлигжав ажиллаж байхдаа тэтгэврийн энгийн иргэн, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ахыг БХЯ-ны харьяа газрын албан тушаалд томилж, хурандаа цол олгуулсан явдал ч бий. Тэр хурандааг нь БХЯ, ЗХЖШ-ынхан огт танихгүй, хоржоонтой нэгэн нь гоочилж байсан тохиолдол ч байдаг юм. Ер нь иргэний хяналт нэрийн дор БХЯ-нд томилогдсон, үе үеийн сайдын “цүнх баригч”, “халаасны” гэгдэх албан тушаалтнууд тонох ажлыг гаргууд сайн хийсэн гэхэд хилсдэхгүй.
Тухайлбал, тус салбарын сайдаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байх үед Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн даргын албан тушаалыг “Монгол базальт” ХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Ариунболд, ТЗУГ-ын даргаар энгийн иргэн, хуульч хүн хашиж байсан. Тэд “Батлан хамгаалах салбарын 300 айлын орон сууц” төслийн хөрөнгөтэй холбоотой хэрэгт АТГ-т шалгуулж байсан ч хэн нь ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн байдаг. Үүний өмнөхөн Л.Болд эл салбарын сайдаар ажиллаж байхдаа БНАСАУ-д сөнөөгч онгоцны мотор зарахад оролцсон хэмээх дуулиан дэгдэж, сүүлд ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц уг асуудлыг сөхөж тавьж байсан удаатай. Сөнөөгч онгоцны мотор зарсан хэргийг тухайн үеийн Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, бригадын генерал нэгэн үүрч, ял шийтгүүлээд өнгөрсөн түүхтэй. М.Сономпил Батлан хамгаалахын сайдаар томилогдоод бас л энгийн, эсвэл зах зээлд шилжсэн ороо бусгаа цагийн үед Ардын армийг хаяж явсан нөхдийг оруулж ирсэн байдаг. Түүний нэг жишээ бол саяхныг болтол зэвсэгт хүчинд удирдах албан тушаал хашиж байсан хурандаа Д.Номт. Тэрбээр Ардын армиас ахмад цолтой халагдаад хэдэн жилийн дараа М.Сономпилийг сайд болоход орж ирмэгцээ хошууч, дэд хурандаа, хурандаа цолыг нэг жилийн дотор авсны гэрч олон хүн бий. М.Сономпилийн үед Дархан-Уул аймаг дахь зэвсэгт хүчний 330 дугаар ангийн гал тогоог засахаар болж, сайд нь орон нутгийнхандаа давуу байдал олгосны уршгаар хэдэн жилийн турш бороо, ус гоождог дээвэртэй байсан гэдэг. Мөн нэгэн сайдын үед Налайх дахь цэргийн ангийн байршлыг 150 сая төгрөгөөр худалдаж, арьс шир худалдан авах төв болгосон байв. Хэдэн жилийн дараа БХЯ улсын төсөв буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс 850 сая төгрөг гаргаж буцааж худалдан аваад цэргийн зориулалтаар ашиглаж байгаа жишээ ч бий. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр иргэний хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтэй Батлан хамгаалахын сайд, түүний тойрон хүрээлэгчид хянахаасаа илүүтэй тонодог явдал өмнө нь гаргаж байж. Одоогийн Батлан хамгаалахын сайд, түүнийг дагалдан БХЯ-нд томилогдож байгаа цэргийн бус, энгийн иргэд бас тонох ажил хийх вий гэдэгт олон нийт, батлан хамгаалах салбарын алба хаагчид хяналт тавих шаардлагатайг сануулах гэснийх.
САЙДЫН ЗӨВЛӨХ ЦЭРГИЙН НУУЦТАЙ ХОЛБООТОЙ ХУРАЛД ОРОЛЦДОГ НЬ ХУУЛЬ ЗӨРЧИНӨ
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хэдэн хэдэн хүнийг яамандаа дагуулан ирж албан тушаалд томилсон байгаа юм. Мэдээж хамгийн ойрын хүн болох жолоочоо авчраад цэргийн цол олгуулаад зогсохгүй, өмнөх сайдын ашиглаж байсан автомашиныг сольсон гэдгийг БХЯ, ЗХЖШ-ынхан байдаг л үйлдэл мэтээр ярьж буй. Мөн БХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс гэж байсныг томруулж газар болгон өргөтгөн, ЗТХЯ-нд ийм албан тушаалыг хашиж байсан н.Цэвэлмаа гэх эмэгтэйг томилсон аж. Сайд багаа бүрдүүлэх нэрээр хамгийн түрүүнд жолооч, санхүүгийн хүнээ авчирдаг Монголд тогтоод буй жишгийг С.Бямбацогт үргэлжлүүлсэн гэсэн үг. Түүний дараа туслах эмэгтэйгээ БХЯ-нд авчирч, тэр туслахынх нь үйлдэл БХЯ, ЗХЖШ-ынхны нүдийг орой дээр нь гаргах шахаж буй гэлцэх. Цэргийн байгууллага аливаа арга хэмжээг төлөвлөж, тогтсон хугацаанд хийдэг. Гэтэл мөнөөх туслах эмэгтэй нь ийм төлөвлөгөөт үйл ажиллагааг нь хойшлуул гэж үүрэгдсэн талаар жиг жуг гэлцэж байх юм. Түүгээр ч зогсохгүй нэгэн генералын Батлан хамгаалахын сайдад танилцуулахаар бэлтгэсэн бичгийг нь чулуудсан, өөр нэг генералыг сайдтай уулзах цаг авсан уу хэмээсэн талаар ч БХЯ-ныхан нь гайхширан ярилцах болж. Энэ нь генерал цолыг шалгуур хангаагүй олон хүнд олгож, үнэлгээ нь шалдаа буух болсны л гэрч биз. Генерал цолтой хүн БХЯ, ЗХЖШ-ын үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн даргаар ажиллаж, хэдэн сантехникч, цэвэрлэгчийг удирдаад сууж буй нь эл цолны үнэлгээ шалдаа буусныг илтгэнэ. Зам, тээврийн сайд байхад нь зөвлөх, хэвлэлийн албыг нь удирдаж асан, хэдэн жилийн өмнө “UBS” телевизэд сурвалжлагч явсан И.Буянжаргалыг мөн л БХЯ-нд дагуулан очжээ.
Тэрбээр өдгөө батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний мэдээ мэдээллийг түгээдэг “Дуулга” студи, “Соёмбо” сонин, “Цэргийн шинэчлэл” сэтгүүлийг нэгтгэсэн “Соёмбо” редакцын даргаар томилогдож, төсөв захиран зарцуулах эрхтэй нэгэн болов. Мөн цэргийн сургуульд нэг курсэд хамт сурч байсан, саяхан ОХУ-ын ЗХЖШ-ын академийг төгсөж ирсэн хурандаа Б.Эрхэмбаярыг БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилчхоод байна. Тэрбээр уг академид явахаасаа өмнө эл газарт ажиллаж байсан учраас байж болох томилгоо гэж үзэж болно. Батлан хамгаалахын сайд зөвлөхөөрөө мөн л Зам, тээврийн хөгжлийн сайд байхдаа зөвлөгөө авч байсан Д.Эрдэнэбатыг авчирсан байгаа юм. Мэдээж сайд зөвлөхтэй байж болох хуулийн заалтыг үндэслэн энэ хүнийг томилж, хаана ч дагуулан яваа нь ойлгомжтой. Гэхдээ түүний ажил үүргийн хуваарийг нарийвчлан зохицуулах, нууцад хамаарах мэдээ, мэдээлэлтэй танилцах эрх олгох, эсэхээ сайд С.Бямбацогт өөрөө тагнуулын байгууллагаас асуух ёстой юм билээ. Түүгээр ч зогсохгүй нууц задруулахгүй байх гэрээ ч хийх ёстой аж. Учир юу хэмээвээс Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 24.1.5-т “Гэмт хэрэг санаатай үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн, эсхүл эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа бол төрийн нууцтай танилцах эрх олгохоос татгалзана” гэж заасан байдаг. Гэтэл Д.Эрдэнэбатын хувьд төрийн болон цэргийн маш нууцтай холбоотой БХЯ-нд болж буй хуралд оролцоод, тийм мэдээлэлтэй танилцаад явж буй аж. Энэ нь магадгүй сайд С.Бямбацогтын “Манай багийн хүмүүсийн хэлж буй үг бол сайдын үг гэж ойлгох ёстой” гэсэн утгатай тушаал маягийн зүйл хэлснээс үүдэн хууль зөрчин хаа хамаагүй, нууц асуудал хэлэлцэж буй хуралд оролцон, мэдээлэлтэй танилцан явж байхыг үгүйсгэхгүй. Яагаад Батлан хамгаалахын сайдын зөвлөх Д.Эрдэнэбат ийм хуралд оролцож болохгүй вэ гэвэл гурван шатны шүүхээс авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэнтэй нь холбоотой.
Тэрбээр ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газрын ерөнхий менежер гэх албан тушаалыг хашиж байхдаа тус газрын дарга С.Батмөнх, “Чингис хаан” нисэх буудлын программ, сүлжээний инженер асан, хувийнхаа “Электрон системс” компанийг үүсгэн байгуулж, түүгээрээ дамжуулан их хэмжээний мөнгө завшсан М.Батболд нарын хамт ял шийтгүүлсэн юм. Өнөөгийн “Буянт-Ухаа”, тухайн үеийн “Чингис хаан” нисэх буудалд зорчигчийн бүртгэл, хяналтын цогц систем суурилуулах тендер 2011 онд зарлаж, “Азиател” гэх компанийг шалгаруулан тоног төхөөрөмж, программ хангамжийг нь авч ашиглаж эхэлсэн байх үед дээрх хүмүүс 2012 онд ижил төрлийн үйлчилгээ авах тендер зарлаад “Электрон системс” ХХК-ийг шалгаруулж, нэг тэрбум 62 сая гаруй төгрөгийг шилжүүлж, уг мөнгөө Британийн Виржинийн аралд байгуулсан “Медиа саммит лимитед” гэх компанийн Хонконг дахь HSBC банкны дансаар дамжуулж, “Голомт” банкаар буцаан авч угаасан байдаг. Тэдэнд холбогдох хэргийг 2014 оны наймдугаар сард Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх хэлэлцэн шийдвэрлэж, С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарын мөнгө угаасан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, эд хөрөнгө завшсан, төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэм буруутайд тооцон, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, зургаан жил зургаан сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх тогтоол гаргаж байв. Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн 2015 оны хоёрдугаар сарын 18-нд тэдэнд холбогдох хэргийг хэлэлцээд “С.Батмөнх, Д.Эрдэнэбат нар нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж энэ гэмт хэргийг үйлдсэн, М.Батболд нь хамжигчаар хамтран оролцсон гэм буруутай гэж дүгнэв” хэмээсэн байдаг. Тийм болохоор Д.Эрдэнэбатад Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 24.1.5 дахь заалт үйлчилж маш нууцтай холбоотой мэдээ, мэдээлэлтэй танилцах эрхгүй бөгөөд ийм асуудал хэлэлцэж буй хуралд оролцох, мэдээлэлтэй танилцах нь хууль зөрчиж буй юм. Энэ мэтээр БХЯ-нд элдэв томилгоо үргэлжилж байна. Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн даргаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шилжин очсон нэгнийг ажиллуулж эхэлсэн, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуягийг чөлөөлөх, түүний оронд Ховдын угшилтай, генерал цолтой нэгнийг томилохоор сайд нь зүтгүүлж байгаа тухай яриа ч БХЯ-аар эрчимтэй яригдах боллоо. БХЯ-нд цэргийн мэргэжил эзэмшээгүй энгийн хүн албан тушаалд томилж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч нь хэрхэн дүгнэж суудаг юм бол доо.