Төр, цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит “Монгол цэрэг-2024” практик буудлагын уламжлалт тэмцээнийг хууль сахиулах байгууллагуудын дунд 11 дэх удаагаа зохион байгуулав. Цэц сорьсон оролцогчдын тоо өмнөх жилүүдийнхээс олон байсан нь тэмцээнийг өрсөлдөөнтэй, сонирхолтой болгосон. Энэ удаа 222 буудагч буудлагын зургаан төрөлд, насны дөрвөн ангилалд өрсөлдлөө.
Гар бууны төрөлд 23 хүртэлх насны ангилалд эмэгтэйчүүдээс Н.Амир, эрэгтэйчүүдээс Э.Оюут тэргүүлж, багийн төрөлд “Барс”-ынхан аварга болсон юм. Гар бууны сумтай карабины төрөлд Л.Ангараг, Ц.Адилтулга нар алтан медаль зүүж, багийн дүнгээр “Х1”-ийн буудагчид түрүүлсэн. Стандарт карабины төрөлд эмэгтэйчүүдээс Т.Цэрэннадмид, 23 хүртэлх насныхнаас Н.Ариг, багийнхад “SSPA”-гийнхан бусдыгаа хошуучлав. ПМ төрөлд ахмадын ангиллынхнаас Д.Тэмүүлэн, Ц.Баясгалан нар, багийнхад “Мэргэн”-ийхэн I байрт жагссан.
Тэмцээний төгсгөлд болсон шилдэг тамирчдын дундах халз буудлагын уралдаанд гар бууны төрөлд эмэгтэйчүүдээс А.Цовоо, эрэгтэйчүүдээс Н.Гантулга, стандарт карбиныхад Н.Одгэрэл, 23 хүртэлх насныхнаас Н.Ариг, опен карабиныхад Д.Өнөболд шилдгээр тодорсон байна.