Монгол, Япон Улс 2016 онд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, дараа жилийнх нь зургаадугаар сараас үүнийг хэрэгжүүлж эхэлжээ. Уг хэлэлцээрийн хүрээнд Монголын тал 97 бүлгийн 5700, Японых 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулахаар хэлэлцээ хийснээс манай улс 3429, түншлэгч орон 8000 төрлийн бүтээгдэхүүнийхийг шууд чөлөөлсөн байна. Хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэвэл Монголын хувьд төдийлөн хангалтгүй буюу тарифын хөнгөлөлтөд хамруулахаар төлөвлөсөн барааныхаа 59 хувийг л чөлөөлжээ. Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ынхан энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, сайжруулах боломжийн талаар санал боловсруулж, хоёр орны холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж буй.
Тус танхим үүний хүрээнд “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол, Япон Улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг бизнесийн салбарынхны дунд өчигдөр зохион байгууллаа. Түншлэлийн хэлэлцээрийг байгуулаад найман жил болсон ч хоёр орны, ялангуяа Монголын худалдааны салбарт дорвитой ахиц дэвшил, өөрчлөлт гараагүйг оролцогчид энэ үеэр хөндлөө. Япон руу импортолдог, гаалийн татвараас чөлөөлсөн бүтээгдэхүүнд эсгийг багтаасан ч виткус кодны зөрүүнээс болоод үүгээр хийсэн гутал, углааш зэргийг хөнгөлөлтөд хамруулдаггүй зэрэг шүүмжлэлийг ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хэлсэн юм. Япончуудын амьдралын хэв маяг, соёлын онцлогт нийцсэн бүтээгдэхүүн (цай гэх мэт)-ийг нийлүүлэх нь үр дүнтэй гэсэн саналыг зарим нь хэлэв. Хэлэлцүүлгийн үеэр ярьсан асуудал, дэвшүүлсэн саналуудыг МҮХАҮТ-ынхан нэгтгэн боловсруулж, энэ сарын 27-нд болох Монгол, Японы хамтарсан дэд хорооны уулзалтад танилцуулах гэнэ.