Өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн нийслэлд ТҮЦ-үүдийг нүүлгэх ажлыг холбогдох албаныхан нь эрчимтэй өрнүүлсэн. Тухайлбал, автобусны буудлуудад байрлуулсан ТҮЦ-үүдийг ачиж, зам, талбайг чөлөөлж байв. Тэр хэрээр нийтийн эзэмшлийн талбай, ялангуяа явган хүний замд тулгардаг саадууд бага ч гэсэн үгүй болсон юм.
Гэвч өнгөрсөн сард орон нутгийн сонгууль дуусав уу, үгүй юү ТҮЦ-үүд “буцаад ирлээ”. Автобусны буудлуудад, явган хүний зам дээр янз бүрийн өнгө, загварын цэгүүдийг дахиад л байрлуулж байна. Тэр байтугай ТҮЦ-үүдийн тоо өдөр тутам нэмэгдсээр буй юм. Үүнийг аль байгууллагынхан хянаж, арга хэмжээ авах ёстой талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхнаас лавлахад “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын дагуу дүүргүүд хариуцах үүрэгтэй” гэж өөрсдөөсөө холдууллаа.
Сонгуулийн өмнөхөн ТҮЦ-үүдийг нь ачиж, явган хүний замыг чөлөөлсөн газруудын нэг нь Таван шарын замын урд талын автобусны буудал. Тухайн хэсэгт саяхныг хүртэл автобусны буудлын самбар, сандлаас өөр зүйл байсангүй. Гэтэл сүүлийн 10 гаруйхан хоногт, бараг өдөр бүр ТҮЦ авчирч тавиад байгааг иргэд хэлэв. Бүр дотроо хуушуур хийдэг, хиншүү нь тухайн орчинд байнга үнэртдэг ТҮЦ-тэй болсон гэнэ. Товчхондоо, нөхцөл байдал өмнөхөөсөө ч дордчихоод буй аж. Хамгийн гол нь эл асуудал зөвхөн Таван шард тулгараагүй. Ер нь автобусны буудал бүрд, ялангуяа хотын төвийн буюу Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ТҮЦ олноор байрлуулах болсон гэнэ.
Үүнтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийнхэнтэй холбогдоход “Нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан ТҮЦ бүхэн хууль бус гэж ойлгох хэрэгтэй. Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын дагуу нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ ажиллуулахыг хориглодог. Одоогоор үүнтэй холбоотой гомдол манайд ирээгүй байна. Ер нь Баянгол дүүрэгт нэлээд олон ТҮЦ байршуулсан гэж сонссон” гэв.
Тэгвэл Баянгол дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийнхэн ТҮЦ байрлуулсан хүмүүстэй тэмцээд ч дийлэхгүй байгаагаа хэлэв. “Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг ачих ажлыг манай хэлтсийнхэн болон дүүргийн Газрын албаныхан хамтран гүйцэтгэдэг юм. Ингэхдээ ТҮЦ ачих зориулалтын автомашинтай аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран ажилладаг. Гэвч газар дээр нь очихоор ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон гэх хүмүүс эсэргүүцэл илэрхийлж, нэлээд төвөг учруулдаг нь хэцүү. “ТҮЦ-ээ ачуулахгүй”, “Машины чинь дугуйг хагална” гэх мэтээр сүрдүүлдэг нь ч бий. Тиймээс энэ ажлыг гүйцэтгэх хүн олоход хэцүү байдаг” хэмээлээ.
Уг нь ТҮЦ-үүдийг цэгцэлж, явган хүний зам, талбайгаа чөлөөлж болдгийг бид сонгуулийн өмнө харсан. Гэвч сонгууль өнгөрөнгүүт уг ажлыг бүтэшгүй мэтээр ярьж, гомдол тоочих болсон нь ямар учиртай вэ. МАН-ын дарга нар иргэдийн саналыг нэгэнт аваад, санаснаа гүйцэлдүүлчихсэн болохоор олон нийтэд тулгамддаг асуудлуудыг нэг хэсэгтээ мартахаар шийдсэн юм болов уу. Иргэдээс оноо авахын тулд “гудамжинд гарч”, хаа сайгүй хашхирч явсан дарга Х.Нямбаатар нь ч таг чиг.
М.ОЧ