БНН-аас нэрээ дэвшүүлж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трамп ирэх оны нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөж албаа хашиж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Тиймээс тэрбээр ямар баг бүрдүүлж Цагаан ордонд орж ирэх вэ гэдэг анхаарал ихэд татаж буй. Зарим баримтаас үзвэл урьд нь түүний хүрээлэлд байсан хүмүүсээс тун цөөн хүн энэ удаад багт нь багтах сурагтай. Трамп энэ тухайд эхний сонголтоо нэгэнт хийж сонгуулийн өмнөх кампанийг нь удирдсан хатагтай Сьюзин Уайлсыг Тамгын газрынхаа даргаар ажиллуулахаа олон нийтэд зарлачхаад байгаа. Ийнхүү цаашдын хувь заяа нь тодорхой болсон Трампын багийн цорын ганц гишүүн нь Уайлс болоод байна. Трамп эргэлзэх юм үгүй ялсан нь сонгуулийн өмнөх ажлыг нь удирдсан энэ эмэгтэйн ажлын зайлшгүй үр дүн мөн.
Уайлс Ерөнхийлөгчийн ажлын аппаратыг удирдах анхны эмэгтэй хүн буюу түүхэн томилолтын эзэн боллоо. Уайлс 1970-аад оны эцсээр улс төрд хөл тавьж, 1980 онд Рональд Рейганы Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанийн багт ажиллаж байжээ. Тэр сонгуульд Рейган ялсныг бид мэднэ. Улс төрд туршлага багатай Рик Скоттыг Флорида мужийн амбан захирагч болоход 2010 онд Уайлс ердөө долоон сар туслалцаа үзүүлж байсан аж. Скотт одоо АНУ-ын Сенатын гишүүнээр ажиллаж байна. Трамп, Уайлс хоёр 2015 онд БНН-ын урьдчилсан сонгуулийн үеэр танилцаж, тухайн үед санал нь савладаг гэгддэг байсан Флорида мужид сонгуулийн ажлын удирдагчийн орлогчоор ажиллав. 2016 онд Хиллари Клинтоныг Трамп багахан давамгайллаар ялсан юм. БНН-ынхан Уайлсад ихэд хүндэтгэлтэй ханддаг байна. Түүнийг Трампын болон ойрын хүрээллийн нь хүмүүсийн амбицыг барьж чаддаг гэж олон хүн үздэг. Энэ нь урьдах дөрвөн удирдагчийн ажлын үед засаг захиргааных нь дотоодод байгаагүй дэг журмыг сахиулах боломж олгож болох юм. Трампын хэлснээр бол Уайлс сүүдэрт үлдэх дуртай, тэгсэн хэрнээ л Америкийн хамгийн чанга улс төрчийн нэг гэгддэг болсон аж.
1963 онд алагдсан Жон Кеннедигийн зээ, бага Роберт Кеннеди хуульч мэргэжилтэй, хүрээлэн буй орчны асуудал сонирхдог, саяхны Ерөнхийлөгчийн кампанийн явцад АН-аас нэрээ дэвшүүлэхийг оролдоод үзсэн юм. Түүний төрөл садангууд нь сонгуулийн өмнөх сурталчилгааны эхнээс л Жо Байденийг дахин сонгогдохыг нь дэмжиж байв. Сүүл рүүгээ тэрбээр бие дааж нэрээ дэвшүүлэхээр бүртгүүлжээ. Гэтэл ажил нь нэг л ахицгүй байсан тул өрсөлдөөнөөс гарч Дональд Трампыг дэмжив. Сүүлийн хоёр сар тэрбээр Трампын сурталчилгааг “Америкийг дахин эрүүл болгоно” уриан дор удирдав. Хүү Роберт Кеннеди Өвчлөлд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв, Хүнсний бүтээгдэхүүн, эмийн аюулгүй байдлын удирдах газар мэтийн нийгмийн эрүүлийг хамгаалах байгууллагын ажилд цаашид чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Трамп саяхан амласан байна. NBC News-ийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа хүү Кеннеди вакцинжуулах ажлыг эсэргүүцдэг гэх нотолгоог үгүйсгэв. Түүний хэлснээс үзвэл тэрбээр тариа хийлгэх хүмүүсийн эрхэнд халдах гэсэн биш, харин сонголт олгохын тулд мэдээллээр сайн хангах ёстой гэсэн байр суурьтай байдаг аж. Ийн ярилцаж байхдаа сайдын алба хаших гэж байснаас Цагаан ордонд илүү өргөн эрхмэдэлтэй ажил эрхлэх хүсэлтэйгээ цухуйлгаад авсан байна лээ.
Дэлхийн хамгийн баян хүн, Tesla, SpaceX компанийн тэргүүн, хуучин твиттер (Х)-ийн эзэн Илон Маск 2022 онд “Трамп тохмоо эгшээгээд далд орох цаг болсон” гэж хэлж байсан ч Ерөнхийлөгч асныг дэмжихээ энэ оны эхээр мэдэгдсэн юм. Түүнээс хойш БНН-ын гишүүний хамгийн идэвхтэй, нэрд гарсан хүний нэг болж, Трампыг дэмжихийн тулд бий болгосон America PAC байгууллагад 199 сая ам.доллар хандивлав. 2022 оны завсрын сонгуулийн өмнө Илон Маск БНН-ыг идэвхтэй дэмжигч болж, чухам тэр үеэс л хууль бус цагаачлал, бэлгийн харилцааны гаж зуршилтай хүмүүсийн эрх гэх мэт асуудлаар ярих болжээ. Зарим мэдээллээр Трамп, Маск хоёр “Засгийн газрын үр ашгийн департамент” гэгчийг бий болгох талаар ярьж, түүнийг Tes-la-гийн тэргүүн удирдаж болзошгүй байгаа аж. Төсвийн зардлыг багасгаж, Засгийн газрын үйл ажиллагааг өөрчилж, Маскийн хэлснээр “хоолой боомилсон хүнд сурталтай” тэмцэх нь энэ департаментийн гол зорилго байх юм байна.
Канзас мужаас Конгрессийн гишүүнээр сонгогдож байсан Майк Помпео Тагнуулын төв газар (ТТГ)-ын захирлаар ажиллаж, дараа нь Трампыг эхний удаа Ерөнхийлөгч байхад нь Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Түүнийг АНУ-ын гадаад бодлогын харцага гэцгээдэг, Израилыг тууштай дэмждэг, Израилд суугаа АНУ-ын Элчин сайдын яамыг Тель-Авиваас Иерусалимд шилжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн аж. Израил, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейний харилцааг хэвийн болгосон Авраамын гэрээг хэрэгжүүлэхэд гол хүний нэг нь байжээ. Трампын үнэнч холбоотон тэрбээр ардчилагчдыг ялалт байгуулахад нь яалт ч үгүй тус болсон 2020 оны сонгуульд луйвар хийсэн гэх боссынхоо үндэслэл муутай нотолгоог дэмжиж байв. Помпео одоо Батлан хамгаалахын сайдын суудалд өрсөлдөж буй хоёр хүний нэгд тооцогдож байгаа юм. Флорида мужаас Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон АНУ-ын армийн тусгай зориулалтын хүчний дэд хурандаа Майкл Уолтец түүнтэй өрсөлдөх магадлалтай байгаа. Трампын үед Ричард Гренелл Германд элчин сайдаар сууж, Балканд тусгай элч, Үндэсний тагнуулын байгууллагын захирлын үүрэг гүйцэтгэж байжээ. Трамп түүнийг өөрийнхөө “тусгай төлөөлөгч” гэж нэрлэж байсан. Трампыг есдүгээр сард Украины Ерөнхийлөгчтэй хувийн уулзалт хийхэд Гренелл оролцож байв. Албан ажилдаа ороод 24 цагийн дотор Украин дахь дайныг зогсооно гэсэн олон удаагийн амлалтаа биелүүлэхэд нь Трампад туслах зорилгоор Украины зүүн нутагт автономит эрхтэй бүс байгуулахыг Гренелл санал болгож буй. Киев үүнийг хүлээж аваагүй. Гренеллийг Төрийн нарийн бичгийн даргын юм уу, үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн суудалд өрсөлдөнө гэж тооцож байгаа. Энэ албанд томилогдоход Сенатаар батламжлуулах шаардлагагүй байдаг.
Дональд Трампыг Ерөнхийлөгч байхад Керолайн Левитт гэдэг хатагтай Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн даргын туслах байж, үнэлэгдэж байснаас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үед Хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллажээ. 27 настай Левитт 2022 онд төрөлх Нью-Хэмпшир мужаасаа Конгресст нэрээ дэвшүүлж байв. Энэ өрсөлдөөнд тэр амжилт олоогүй. Трампад ойр, зарим эх сурвалжийн мэдээллээр түүнд Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын албыг санал болгож байгаа бололтой.
Трампыг 45 дахь Ерөнхийлөгч байхад Америкийн Цагаачлал, гаалийн албаны захирлын үүргийг Том Хоман гэдэг хүн гүйцэтгэж байжээ. Тэрбээр Америкийн хилийг гадныхан хууль бусаар нэвтэрч байхыг болиулахын тулд хүүхдийг эцэг, эхээс нь тусад нь байлгах нь зүйтэй гэж үздэг байна. Аливаа хотыг цагаачдын толгой хоргодох газар болгох байр суурийг дэмждэг улс төрчдийг эрүүгийн хариуцлагад татах ёстой гэж мэдэгдсэний улмаас Том Хоман хэвлэлийн бай болж байсан удаатай. 2018 онд Трампын Ерөнхийлөгчийн эхний бүрэн эрхийн хугацаа талдаа орж байхад Хоман Цагаачлалын алба дахь ажлаа орхиж цагаачдыг бөөнөөр нь Америкаас гаргах төлөвлөгөөг боловсруулахад гол хүн болж оролцсон аж. Энэ ажил нь түүний хэлснээр орон сууцын хорооллуудыг цэвэрлэх төдий үйлдэл бус, мөрдөн шалгах үйл ажиллагаанд суурилсан зорилго чиглэлтэй баривчлах бодлого юм байна. Түүнийг Дотоодын аюулгүй байдлын яамыг толгойлох боломжтой хүмүүсийн нэг гэж үзэж байгаа аж.