Казахстан улсын Астана хотод энэ сарын 8-11-нд зохион байгуулсан самбо бөхийн ДАШТ-д Монголын шигшээ багийнхан Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Гавьяат тамирчин Г.Үүрцолмон нарын удирдлагад зодоглолоо. Тус тэмцээний эхний өдрийн барилдаанд эрэгтэйчүүдээс шагналын салхи хагалж, 98 кг-ын жинд Д.Пүрэвдорж мөнгө, эмэгтэйчүүдээс байлдааны самбогийн 72 кг-д У.Анужин хүрэл медаль хүртэв. Хоёр дахь өдөр байлдааны самбогоор эмэгтэйчүүдийн 59 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Г.Ганцэцэг удаалж, спорт самбо бөхийн 54 кг-д Н.Баярмаа III байрт шалгарсан юм.
Тэгвэл сүүлийн өдөр байлдааны самбогийн эрэгтэйчүүдийн 58 кг-д Г.Баяндүүрэн түрүүлж, дэлхийн хошой аварга болж, 71 кг-д Г.Хэрлэн хүрэл медаль зүүсэн байна. Г.Баяндүүрэн өмнө нь Киргизийн Бишкек хотод 2022 онд болсон ДАШТ-д БНСУ, Казахстан, Узбекистаны тамирчныг ялж, алтан медальтай ирж байв. Монголын баг энэ удаа Астанад нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медаль гардаж тэмцээнээ өндөрлүүллээ.
Г.БАТЦЭЦЭГ