“Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-нд орчны бохирдол, доройтлыг бууруулах зорилтын хүрээнд “Ой, усан сан бүхий газарт барьсан нүхэн жорлонг буулгах, ариутгах ажлыг хэрэгжүүлнэ” гэж тусгасан. Үүний дагуу Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг, Улиастайн гол дагуу байршилтай нүхэн жорлонгуудыг буулгах ажлыг эхлүүлснээ нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Одоогоор тухайн бүс нутаг дахь стандартын бус 39 ариун цэврийн байгууламжийг буулгажээ.
Жорлонгуудыг буулгасны дараа нүхэнд хуримтлагдсан шингэн бохирдлыг соруулж, үлдсэн лаг дээр нь био бэлдмэл хийж, шороогоор дарж байгаа аж. Мөн ойр орчмынх нь хөрсийг ариутгаж байна. Энэ ажлыг “Орхон-Овоот” ХХК хариуцан гүйцэтгэж буй гэнэ.
Н.МИШЭЭЛ